ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол-Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Улс тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс хүндэтгэлийн хүлээн авалтыг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Анкара хотын “Шератон” зочид буудлын Их танхимд зохион байгуулав.

Хүлээн авалтад Туркийн Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой, Батлан хамгаалахын дэд сайд Алпарслан Каваклыолу, Үндэсний их хурал дахь Турк-Монголын найрамдлын бүлгэмийн дарга Мехмет Эрдоан, найрамдлын бүлгэмийн бусад гишүүд, Туркиш Эйрлайнс компанийн гүйцэтгэх захирал Билаль Экши, Туркийн Ерөнхий прокурорын орлогч Халил Адыгүзел, гадаад улсын Элчин сайд нар, Батлан хамгаалахын болон цэргийн атташе, яамд, агентлаг, төрийн бус байгууллагууд, холбоодын төлөөлөл, их дээд сургуулийн ректор, багш нар, компани, хувь хүмүүс, Анкарад ажиллаж амьдардаг монголчууд зэрэг нийт 500 гаруй зочид оролцов. Арга хэмжээг нээж Элчин сайд Р.Болд, Туркийн Засгийн газрыг төлөөлж хүндэт зочин Туркийн Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой нар үг хэлсэн бөгөөд үндэсний урлагийн “Түмэн эх” болон “Цагаан лавай” чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ толилуулав.