Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургууль “Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт оюутан, залуу эрдэмтэдийн Онол-практикийн бага хурлыг 2021 оны 02 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байгаагаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваад мэдээлж, уг арга хэмжээнд оролцохыг урьсан захидал ирүүлэв.

“Монголын ард түмэн түүхийн бүх цаг хугацааны туршид Ази тивийн улс төр-нийгэм, эдийн засаг болон соёлын үйл явц, өрнөлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Орчин үеийн Монгол орон олон улсын харилцааны идэвхтэй оролцогч гэдгээ улам бүр бататгаж байна. Бага хурлын хүрээнд  бид чухамхүү олон улсын харилцан ажиллагаа, харилцан нөлөөллийн үйл явцад бага хуралд оролцогчдын анхаарлыг  төвлөрүүлэхийг эрмэлзэж байгаа болно” гэж захидалд тэмдэглээд “бага хурлын ажиллагаанд Монгол болон хөрш орнуудын түүх, хэл, уран зохиол, шашин судлал, ардын аман зохиол, угсаатан зүй болон улс төр, эдийн засгийн чиглэлээр мэргэшиж буй оюутан, залуу эрдэмтэдийг оролцохыг урьж байна” гэжээ.

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Олон улсын Монгол судлалын тэргүүлэх төвийн эгнээнд зүй ёсоор эрэмбэлэгддэг М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын сургуулиас зохион байгуулах гэж буй “Зүүн хойд Ази дахь Монгол орон: түүхэн хэлхээ холбоо ба орчин үеийн сорилтууд” сэдэвт онол-практикийн бага хурлыг талархан дэмжиж байгаа бөгөөд оюутан, залуу эрдэмтэн судлаач Та бүхнийг энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Оюутан залуучууд та бүхнийг доорх холбоосонд нэвтэрч, зохих мэдээлэл авахыг хүсч байна. Түүнчлэн  бага хурал зохион байгуулах хороонд явуулах илтгэлийн нэр, сэдвийн хураангуйг oyutan.burtgel@mail.ru цахим хаяг руу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан ирүүлэхийг хүсье.Ялангуяа, ОХУ-ын их сургуулиудад олон улсын харилцаа, нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, соёлын чиглэлээр суралцаж буй төгсөх курсын оюутнууд, магистрант, аспирант залуучууд Та бүхнийг бага хурлын ажиллагаанд ажил хэрэгчээр оролцоно гэдэгт Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам итгэлтэй байгаа болно.