Нью-Йорк хотноо 2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Оролцогч улсуудын Ассамблейгаас “Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээр”-ийг баталсан.

Энэхүү хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, соёрхон баталлаа.

Тус хэлэлцээрийн дагуу ОУЭШ-ийн Ромын дүрмийн Оролцогч улсуудын Ассамблейн чуулганаас сонгогдсон шүүгч, прокурор зэрэг ОУЭШ-ийн ажиллагаанд оролцогчид Дипломат харилцааны тухай Венийн конвенцид заасан дипломат төлөөлөгчийн нэгэн адил дархан эрх, эрх ямбыг эдлэх юм.

Ийнхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улс ОУЭШ-ийн Ромын дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой юм.