Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Даваа Оросын үр тарианы холбоо (Российский зерновой союз)-ны Хөгжил, эрх ашиг хамгаалах газрын захирал М.С. Головин, Техникийн зохицуулалтын хэлтсийн дарга  Р.Х. Хайретдинов нартай Элчин сайдын яамны төв байранд ажил хэргийн уулзалт хийв.

Уулзалтаар ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор үр тарианы экспортод  2021 оны 2 дугаар сарын 15-наас  6 дугаар  сарын 30-ны өдөр хүртэл экспортын квот (17,5 сая тонн) тогтоож, квотоос хэтэрсэн тохиолдолд гаалийн үнийн 50 хувьтай тэнцэх татвар ногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан ирэх онд улаанбуудайн экспортын төлөв байдал, олдоц, үнэ тариф  ямар байх талаар тодруулан ярилцаж, Монгол Улсад ОХУ-ын тодорхой бүс нутгуудаас  хүнсний улаанбуудай нийлүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Оросын үр тарианы  холбоо 1994 онд байгуулагдсан бөгөөд нийт гишүүдийнх нь 50-иас дээш хувийг үр тариа үйлдвэрлэгчид, үр тариа хадгалах, боловсруулах үйлдвэрүүд эзэлдэг. Тус холбооны гишүүн компаниуд Оросын үр тарианы үйлдвэрлэлийн 20 орчим хувь, гурил, малын тэжээлийн 50-аас дээш хувь, үр тарианы зах зээлийн эргэлтийн 3/2, үр тарианы экспортын 90-ээс дээш хувийг хянадаг байна.