Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргал 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзевт экзекватураа гардууллаа. Экзекватураа гардуулсантай нь холбогдуулан Эрхүү мужийн Амбан захирагч И.И.Кобзев Ерөнхий консул Ж.Энхжаргалыг хүлээн авч уулзав.

Амбан захирагч И.И.Кобзев Ерөнхий консул Ж.Энхжаргалд үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд Эрхүү муж, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлээд Эрхүү мужийн хувьд Монгол Улс нь стратегийн түнш орон ба цар тахлын тархалтын нөхцөл байдал сайжирмагц Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна гэв. Айлчлалаар ойрын таван жилийн хугацаанд хоёр орны найрамдал, бүх талын, ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, аялал жуулчлал, ард иргэдэд чиглэсэн хамтарсан ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна гэв.

Ерөнхий консул Ж.Энхжаргал цар тахлын хүнд хэцүү үед тусгайлан цаг гарган хүлээж авч байгаад болон экзекватураа гардуулах боломж олгосонд талархлаа илэрхийлээд хоёр орны найрамдалт харилцаа өргөжин хөгжихөөс гадна харилцаа, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрээд байгааг онцлон тэмдэглэв. Тэрээр Монгол Улс, Эрхүү муж хоорондын хамтын ажиллагааны түвшинг ахиулах, тэр дундаа худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдээд ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх боломжтой ажил, арга хэмжээний талаар санал солилцлоо.

Уулзалтаар талууд 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Эрхүү хотод Монгол Улсын ЕКГ байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.