Гадаад харилцааны Сайд Н.Энхтайван 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён М.Клеческиг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Талууд 2020 онд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдлууд, түүний дотор улс төрийн, эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтууд амжилттай болсныг тэмдэглэв. Сайд Н.Энхтайван АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхим хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн ач холбогдлыг тэмдэглэсэн тогтоол баталсан, мөн КОВИД-19 цар тахалтай тэмцэх, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Элчин сайд М.Клечески Монголын ногоон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудал нааштай байгааг мэдээлэв. Цаашид хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж ажиллах, Монголд хэрэгжүүлэх МСК-ын төслийн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь хангаж, төслийг амжилттай эхлүүлэхийн чухлыг тэмдэглэв.