ДТГ-ЫН ТЭРГҮҮН НАР ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Элчин сайд нарын ээлжит зөвлөгөөнд оролцож буй ДТГ-ын тэргүүн нар 12 дугаар сарын 18-ны өдөр хүнс болон хөнгөн үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн төлөөллийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид бараа бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлж ажиллах боломжийн талаар уулзаж ярилцав. Засгийн газраас 2018 онд “Монгол Экспорт” хөтөлбөрийг баталж, үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, нэмүү өртөг өндөртэй экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан ДТГ-ын тэргүүн нар арьс шир боловсруулах, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Дархан Минж ХХК” болон “Булигаар ХК”-ийн үйлдвэртэй танилцаж, боловсруулсан арьс ширээс гадна эцсийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэхэд тулгарч буй хүндрэл болон цаашдын боломжуудын талаар санал солилцов. Цаашид арьс шир үйлдвэрлэлийн салбарын хувьд мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж бэлдэх, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх, гадаад зах зээлд бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зэргээр тал бүрийн дэмжлэг, хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай байгаа юм.

ДТГ-ын тэргүүн нар мөн “АПУ” компанийн Сүүний үйлдвэр болон төв үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, монголын уламжлалт хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад гадаад зах зээлд нэвтрэхэд технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, зах зээлийн болон стандартын шаардлага, боломжийн талаар судалж, хамтран ажиллахаар тохиров. АПУ компани нь ОХУ-ын “Татспиртпром” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүнээ ОХУ-ын зах зээлд экспортлохоор ажиллаж байгаа бол “Сэнгүр” бүтээгдэхүүн нь ӨМӨЗО-ны зах зээлд хэдийн борлуулагдаж эхлээд байгаа юм.