Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-ны Москва хот дахь төв байранд зочилж, тус банкны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов-той уулзав.

Уулзалтын үеэр ОУХОБ-ны Ерөнхий хорооны дарга Н.Н.Косов тус банкны үндсэн үйл ажиллагаа, Монгол Улсад хэрэгжүүлж буй санхүүгийн үйлчилгээ, олгосон зээлийн талаар товч мэдээлэл хийж, цаашид монголын банк, санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйтай хамтран ажиллах чиглэлээр авч буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Элчин сайд Д.Даваа Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг өргөтгөх асуудлыг дэмжин ажиллахын зэрэгцээ тус банкнаас ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Туул голын сав газрын судалгаа, хамгаалалтын чиглэлээр Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хэрэгжүүлж буй грант төслийг цаашид үргэлжлүүлэхийг хүсэлт болгосон байна.

Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь 1970 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан банк бөгөөд Монгол Улс тус банкны анхны гишүүн улсуудын нэг бөгөөд төв нь Унгар Улсын нийслэл Будапешт хотноо байрладаг болно.