ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛС ТУНХАГЛАСНЫ 71 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны  1 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улс тунхагласны 71 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцов. Тэрээр тус арга хэмжээг нээж үг хэлэв. Мөн Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхтэй уулзаж, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар ярилцав.

Сайд Д.Цогтбаатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНЭУ-д өнгөрсөн онд хийсэн төрийн айлчлалаар тохирсон зүйлс хэрэгжиж буйг болон хоёр улсын харилцааг цаашид эдийн, засаг хөрөнгө оруулалтын салбарт эрчимтэй өргөжүүлэх, хувийн хэвшил хоорондын хэлхээ холбоог дэмжих нь чухлыг онцлов. Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож буйг онцолж, өнгөрсөн 65 жилд хоёр улсын харилцаанд гарсан ололт амжилт, хамтын ажиллагааны цаашдын төлөв байдлын талаар дурдав.

Тус арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Б.Ундармаа зэрэг албаны төлөөлөгчид оролцов.