ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШИНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ХАТАГТАЙ ИСАБЕЛЛ МОРЕ-Д БАРААЛХАВ

Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэн 2020 оны 1 дүгээр сарын 29-нд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн шинэ Ерөнхийлөгч хатагтай Исабелл Море-д бараалхав.

Уулзалтын үеэр Элчин сайд Л.Пүрэвсүрэн Швейцарын Парламентад Монгол-Швейцарын найрамдлын бүлэг байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсч, Монгол-Швейцарын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд парламентын зүгээс дэмжлэг үзүүлэх арга замын талаар санал солилцов.

Түүнчлэн талууд уулазалтын үеэр нэмүү өртөг шингэсэн өндөр түвшний чанартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Швейцарын дэвшилтэт технологи болон маркетингийн туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх замаар хоёр орны хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.

2006 оноос хойш Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа хатагтай Исабелл Море нь 2019 оны 12 дугаар сарын 2-нд Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчөөр сонгодсон юм.