МОНГОЛ, ӨМНӨД АФРИКИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамд хоорондын II Зөвлөлдөх уулзалт 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ӨАБНУ-ын Претори хотноо боллоо.

Уулзалтаар талууд хоёр талын харилцааны өнөөгийн байдал болон хамтын ажиллагааг уул уурхай, хөдөө аж ахуй, боловсрол, соёлын салбарт өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, бүс нутаг, олон улсын харилцааны сонирхсон асуудлаар санал солилцов.

Өмнөд Африкийн тал уул уурхайн салбар дахь ололт амжилт, туршлагаасаа манай улстай хуваалцах, нүүрснээс шингэрүүлсэн хий гарган авах технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц боломжийн талаар санал солилцож,  хоёр орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн хэлхээ холбоог нэмэгдүүлэх, тус тусын улсад зохион байгуулагдаж буй олон улсын хурал, арга хэмжээнд төлөөлөгчдөө харилцан оролцуулахын ач холбогдлыг тэмдэглэв. Монголын талаас 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Дэлхийн эдийн засгийн форумд Өмнөд Африкийн талаас төлөөлөгч оролцуулахыг урихад айлын талаас тус арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч, эдийн засаг, бизнесийн өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэйгээр оролцохоо мэдэгдэв.

Хоёр тал Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай, Дипломат, албан паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр ажиллахаар болов.

Өмнөд Африк улс нь 2020 онд Африкийн холбоог даргалж байгаа бөгөөд энэ хүрээнд Африкийн болон дэлхийн хөгжиж буй орнуудын өмнө тулгарч буй нийтлэг сорилт бэрхшээлийг амжилттай даван туулах чиглэлээр Монгол Улстай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Өмнөд Африкийн талаас Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны яамны Ерөнхий захирлын Ази, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан орлогч Анил Сооклал нар тус тус тэргүүлэн оролцов.  Манай хоёр улсын ГХЯ-д хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалт 2011 онд Улаанбаатар хотноо болж байв.

2019 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 7,8 сая ам.доллар байснаас манай улс сүлжмэл эдлэл, ноолууран цамц, оношлогооны урвуул зэрэг 2,6 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолсон байна.