МОНГОЛ УЛС БИЗНЕС БА ХҮНИЙ ЭРХИЙН УДИРДАХ ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2017- 2023 онд хэрэгжүүлж байгаа “Ази дахь Бизнес ба Хүний эрх: Бүс нутгийн түншлэлийг хөгжүүлэх замаар Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь” төслийн удирдагч, ахлах зөвлөх Ливио Сарандреа 1 дүгээр сарын 28-наас 31-ний өдөр Монгол Улсад ажиллаж, энэ асуудлаар үндэсний төлөвлөгөө боловсруулах үйл явцтай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгөв. Тэрээр ГХЯ болон үндэсний төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсэг, бизнес төлөөлөл, үйлдвэрчний эвлэл зэрэг төрийн бус байгууллагуудтай уулзаж санал солилцов.

2019 онд Гадаад харилцааны сайдын тушаалаар бусад холбогдох байгууллагуудыг оролцуулан Ажлын хэсэг байгуулж төлөвлөгөө боловсруулах үйл явцыг албан ёсоор эхлүүлсэн юм. “НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн зарчим”-ын тухай ойлголтыг түгээх, үндэсний төлөвлөгөө боловсруулах үйл явцад төр, төрийн бус байгууллага, бизнесийнхний идэвхтэй оролцоог хангах, бизнесийн үйл ажиллагааны хүний эрхэд үзүүлж байгаа нөлөөллийг бодитой үнэлж, зорилгоо зөв тодорхойлоход түүний Монгол Улсад хийсэн энэхүү айлчлалын ач холбогдол оршиж байна.

Ливио Сарандреа-гийн айлчлалын үеэр манай ажлын хэсэг бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж байгаа дээрх хөтөлбөртэй тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.