МОНГОЛ УЛСААС ОХУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Д.ДАВАА ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАНК ДАХЬ МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк дахь Монгол Улсын төлөөлөгч Г.Цэрэнпүрэв болон Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Зөвлөлийн ахлах зөвлөх Д.Моломжамц нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнууд оролцов.

Энэхүү уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбат Монгол Улсад хэрэгжиж буй дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийж, зарим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө татах, хамтран ажиллах нөөц боломжийн талаар санал солилцсон байна.