ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буй Чай Вэньруйг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын удирдлага, ард түмэн титэмт вирусийн өвчлөлийн тархалтыг хяналтандаа аван зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллаж, шийдвэртэй арга хэжмээнүүд авч буйг өндрөөр үнэлж байгаагаа нотоллоо.

Үүний дүнд эдгэгсдийн тоо сүүлийн өдрүүдэд эндэгсдийн тооноос давж эхлээд буйг онцлон Монгол Улс бүс нутгийн хүрээнд бусад улстай уялдаатай ажиллах нь энэхүү үр дүнг бэхжүүлэхэд чухал гэдгийг мөн тэмдэглэв.

Ухань хотод сурч буй оюутнуудыг эх орондоо авчрах асуудалд хятадын төв удирдлага болон орон нутгийн засаг захиргаанаас дэмжлэг туслалцаа үзүүлж, шуурхай ажилласанд монголын тал албан ёсоор талархал илэрхийллээ.

Элчин сайд Чай Вэньруй титэмт вирусийн өвчлөлтэй тэмцэх чиглэлээр БНХАУ-ын Даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч буйг дурдаад, энэхүү өвчлөлийг ялна гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжлэг үзүүлж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү халуун сэтгэлийг Хятад Улс хэзээ ч мартахгүй гэдгийг тэмдэглэв.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт гардуулахдаа хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.