МОНГОЛ, БАХРЕЙНЫ ГАДААД ХЭРГИЙН ЯАМД ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ МАНАМА ХОТНОО БОЛОВ

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 2 дугаар сарын 5-6-нд Бахрейны нийслэл Манама хотноо ажиллаж, Монгол, Бахрейны Гадаад хэргийн яамд хоорондын анхдугаар Зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Бахрейны талаас Зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан Дэд сайд Др. Шейх Абдулла бин Ахмад Аль-Халифа тэргүүлэн оролцсон бөгөөд уулзалтаар хоёр талын харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Энэ хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, түүний дотор Бахрейны Хаан, Гадаад хэргийн сайд нар Монгол Улсад айлчлах урилгатайг нотолж, улмаар хүлээн авч айлчлуулах, ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмыг тогтмолжуулах, аялал жуулчлал, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлыг тухайлан ярилцлаа.

Мөн Засгийн газар хоорондын дээд комисс байгуулах, Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх, Монгол Улсын Их Сургууль, Бахрейны Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны тухай баримт бичгүүдийг тус тус байгуулах чиглэлээр ажиллахаар тогтов.

Улмаар хоёр тал банк, санхүүгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, олон арван жилийн туршлагатай Бахрейны банк, санхүүгийн салбарын туршлагаас суралцах, энэ чиглэлээр Монголын мэргэжилтнүүдийг Бахрейны банк, санхүүгийн хүрээлэнд урт, богино хугацааны сургалтад хамруулах, мэргэжил дээшлүүлэх, Монгол банк, Бахрейны Төв банк хооронд хамтын ажиллагаа тогтоох эхлэлийг тавихаар тохиролцов.

Уулзалтаар талууд бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлууд, мөн НҮБ болон бүс нутаг, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.

Зөвлөлдөх уулзалтын дүнгээр гаргасан Хамтарсан тэмдэглэлд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Дэд сайд Др. Шейх Абдулла бин Ахмад Аль-Халифа нар гарын үсэг зурав.

Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бахрейны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Басим Аль-Сай-тай уулзаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хооронд хэлхээ холбоо тогтооход Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг онцлон ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн экспортын хөгжлийн форумд Бахрейны Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг оролцохыг урилаа.

Монгол Улс, Бахрейны Хаант Улс хооронд 1998 оны 5 дугаар сард дипломат харилцаа тогтоосон. Бахрейн нь чөлөөт худалдааны бүсийг амжилттай хөгжүүлсэн улс бөгөөд өнөөдрийн байдлаар тус улсад нийт 382 санхүүгийн институт үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 98 нь банкны чиглэлээр ажиллаж байна.