МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ЭНХБОЛД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АНТОНИО ГУТЕРРЕСТ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛЛАА

Энэ 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч В.Энхболд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррест итгэмжлэх захидлаа гардуулж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Байнгын төлөөлөгч В.Энхболд Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч,  НҮБ-аас манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэрэгжүүлж буй НҮБ-ын шинэчлэлийн хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна гэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын мэндчилгээг уламжилж, манай улсад айлчлахыг хүссэн урилгыг дахин нотолсон.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес Монгол Улс ардчилсан замаар тууштай явж, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэн, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж, Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт тавин, НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирснийг цохон дурдав.

В.Энхболд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух 16 дахь Байнгын төлөөлөгчөөр ажиллах юм.