ЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН ТАЙЛАНДЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АГЕНТЛАГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ХАТАГТАЙ ПАТТАРАТ ХОНТОНГТОЙ УУЛЗАВ

Энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатайгаа холбогдуулан тус улсын ГХЯ-ны харьяа Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ТАЙКА)-ийн ерөнхий захирал хатагтай Паттарат Хонтонгтой уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Т. Төгсбилгүүн Тайландын Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас 1990-ээд оны эхэн үеэс эхлэн Монгол Улсад үзүүлж ирсэн техникийн туслалцаа манай хүний нөөцийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, хоёр тал “Монгол-Тайландын хөгжлийн хамтын ажиллагааны 2019-2020” оны төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.