Олон талт харилцаа

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элссэн.

Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсноор НҮБ-ын системийн бусад байгууллага, олон улсын гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн орох боломжтой болсон. Энэ нь Монгол Улсын гадаад бодлогыг өргөжүүлэх, НҮБ болон бусад гишүүн орнуудын тусламж, дэмжлэгийг авч хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Манай улс НҮБ-тай харилцах, хамтран ажиллах зорилго, чиглэлээ дараах байдлаар тодорхойлдог. Үүнд:

–НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг баримталж, хэрэгжүүлэх;

–Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах, үндэсний аюулгүй байдал, олон улсын байр суурийг улс төр-дипломатын аргаар бэхжүүлэх;

–Улс орны тогтвортой хөгжлийг хангах гадаад таатай нөхцөл бүрдүүлэх;

Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа үндсэн дараах байдлаар хэрэгждэг. Үүнд:

–НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон бусад хурал, чуулганд оролцож, Засгийн газрын бодлого, байр суурийг илэрхийлж, хувь нэмрээ оруулах;

–Монгол Улсын эрх ашигт нийцсэн тодорхой асуудлаар төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгээс тавьж буй зорилтуудаар тогтоол, шийдвэрийн төсөл санаачлан хэлэлцүүлж батлуулах;

–НҮБ, түүний системийн сонгуульт байгууллагад сонгогдон ажиллах;

–Манай улс нэгдсэн НҮБ-ын конвенц болон Ерөнхий Ассамблей, Аюулгүйн Зөвлөлийн тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтээр үндэсний илтгэл, мэдээлэл бэлтгэж НҮБ-д танилцуулж, хэлэлцүүлэх;

–НБДГ-тай хамтран өөрийн оронд олон улс, бүс нутгийн хурал, уулзалт зохион байгуулах;

–Нийгэм, эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд НҮБ-аас санхүүгийн болон техникийн дэмжлэг, туслалцаа авах.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей дахь Монгол Улсын оролцоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит буюу тусгай чуулган, НҮБ-аас зохион байгуулсан дээд, өндөр хэмжээний уулзалт, хуралдаанд төр, засгийн тэргүүний түвшинд идэвхтэй оролцож, улс төрийн ач холбогдол, хувь нэмрээ оруулж ирсэн.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1967 онд анх оролцсон бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992, 1995 онд,  Ерөнхий сайд М.Энхсайхан 1996 онд, Ерөнхий сайд Р.Амаржаргал 1999 онд тус тус оролцсон. 2000 оноос эхлэн дээд түвшний оролцоогоо тогтмол хадгалж ирсэн.

1 2016 UNGA71 Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч 2016.09.20
2 2015 UNGA70 Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч 2015.09.29
3 2014 UNGA69 Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч 2014.09.24
4 2013 UNGA68 Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч 2013.09.26
5 2012 UNGA67 Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч 2012.09.27
6 2011 UNGA66 Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч 2011.09.21
7 2010 UNGA65 Сүхбаатарын Батболд Ерөнхий сайд 2010.09.27
8 2009 UNGA64 Цахиагийн Элбэгдорж Ерөнхийлөгч 2009.09.25
9 2008 UNGA63 Санжийн Баяр Ерөнхий сайд 2008.09.24
10 2007 UNGA62 Нямаагийн Энхболд Гадаад хэргийн сайд 2007.10.01
11 2006 UNGA61 Миеэгомбын Энхболд Ерөнхий сайд 2006.09.21
12 2005 UNGA60 Цэндийн Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд 2005.09.21
13 2004 UNGA59 Р.Алтангэрэл ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга 2004.09.27
14 2003 UNGA58 Нацагийн Багабанди Ерөнхийлөгч 2003.09.29
15 2002 UNGA57 Лувсангийн Эрдэнэчулуун Гадаад харилцааны сайд 2002.09.15
16 2001 UNGA56 Намбарын Энхбаяр Ерөнхий сайд 2001.11.13
17 2000 UNGA55 Лувсангийн Эрдэнэчулуун Гадаад харилцааны сайд 2000.09.21
18 1999 UNGA54 Ринчиннямын Амаржаргал Ерөнхий сайд 1999.09.25
19 1998 UNGA53 Ринчиннямын Амаржаргал Гадаад хэргийн сайд 1998.09.25
20 1997 UNGA52 Шүхэрийн Алтангэрэл Гадаад харилцааны сайд 1997.10.06
21 1996 UNGA51 Мэндсайханы Энхсайхан Ерөнхий сайд бөгөөд Гадаад харилцааны сайд 1996.10.01
22 1995 UNGA50 Цэрэнпилийн Гомбосүрэн Гадаад харилцааны сайд 1995.10.10
23 1994 UNGA49 Цэрэнпилийн Гомбосүрэн Гадаад харилцааны сайд 1994.10.10
24 1993 UNGA48 Цэрэнпилийн Гомбосүрэн Гадаад харилцааны сайд 1993.10.07
25 1992 UNGA47 Пунсалмаагийн Очирбат Ерөнхийлөгч 1992.09.25
26 1991 UNGA46 Цэрэнпилийн Гомбосүрэн Гадаад харилцааны сайд 1991.10.03
27 1990 UNGA45 Цэрэнпилийн Гомбосүрэн Гадаад харилцааны сайд 1990.10.05
28 1989 UNGA44 Цэрэнпилийн Гомбосүрэн ГЯЯ-ны сайд 1989.10.03
29 1988 UNGA43 Цэрэнпилийн Гомбосүрэн ГЯЯ-ны сайд 1988.10.05
30 1987 UNGA42 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1987.09.30
31 1986 UNGA41 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1986.10.02
32 1985 UNGA40 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1985.10.07
33 1984 UNGA39 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1984.10.09
34 1983 UNGA38 Цэрэнпилийн Гомбосүрэн ГЯЯ-ны орлогч сайд 1983.10.06
35 1982 UNGA37 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1982.10.07
36 1981 UNGA36 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1981.09.29
37 1980 UNGA35 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1980.09.26
38 1979 UNGA34 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1979.10.10
39 1978 UNGA33 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1978.09.29
40 1977 UNGA32 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1977.09.30
41 1976 UNGA31 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны сайд 1976.10.04
42 1975 UNGA30 Лодонгийн Ринчин ГЯЯ-ны сайд 1975.09.26
43 1974 UNGA29 Лодонгийн Ринчин ГЯЯ-ны сайд 1974.09.26
44 1973 UNGA28 Лодонгийн Ринчин ГЯЯ-ны сайд 1973.10.11
45 1972 UNGA27 Лодонгийн Ринчин ГЯЯ-ны сайд 1972.09.27
46 1971 UNGA26 Лодонгийн Ринчин ГЯЯ-ны сайд 1971.10.08
47 1970 UNGA25
48 1969 UNGA24 Лувсандоржийн Тойв ГЯЯ-ны сайд 1969.10.03
49 1968 UNGA23 Лувсандоржийн Тойв ГЯЯ-ны сайд 1968.10.15
50 1967 UNGA22 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны I орлогч сайд 1967.10.05
51 1966 UNGA21 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны I орлогч сайд 1966.10.05
52 1965 UNGA20 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны I орлогч сайд 1965.10.05
53 1964 UNGA19 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны I орлогч сайд 1964.12.17
54 1963 UNGA18 Мангалын Дүгэрсүрэн ГЯЯ-ны I орлогч сайд 1963.10.01
55 1962 UNGA17 Пунцагийн Шагдарсүрэн ГЯЯ-ны сайд 1962.09.28
НҮБ-ын гол байгууллагуудад сонгогдож ажилласан байдлыг дор үзүүлэв:

Түүнчлэн НҮБ-ын гол байгууллагуудад сонгогдож ажилласан байдлыг дор үзүүлэв:

1968-1971, 1980-1983,

1992-1995, 2010-2013

–          Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Гүйцэтгэх зөвлөл
1973-1976, 2010-2012 –          НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн Зөвлөл
1981-1987, 1996-1999 –          Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Гүйцэтгэх зөвлөл
1983-1987, 2008-2011 –          ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл
1976-1987, 1995-1998

2012-2015

–          НҮБ-ын Нийгмийн хөгжлийн Комисс
1999-2003, 2010-2014 2016-2020 –          НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын Комисс
2001-2004, 2010-2013 –          НҮБ-ын Тогтвортой хөгжлийн Комисс
2004-2010 –          Олон улсын худалдааны эрх зүйн комисс
2012-2015 –          НҮБ-ын ЭЗНЗ-ийн Статистикийн комисс
2014-2015 –          НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгч
2016-2018 –          НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл
2015-2018 –          НҮБ-ын Хүн амын хөгжлийн комисс
Монгол, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа

Монгол, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлал чухал үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд НҮБ-ын ЕНБД Монголд 4 удаа айлчилсан байна.

НҮБ-ын ЕНБД Монгол Улсад айлчилсан байдал:

–1977  – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм

–1987  – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Перес де Куэльяр

–2002  – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан

–2009      – НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

Татвар хандив, тусламжийн тухайд

Монгол Улс НҮБ-ын гишүүний татварт төсвийнх нь 0.005 хувьтай тэнцэх хэмжээний төлбөр төлдөг. НҮБ-ын Ердийн төсөвт 2013 онд 76.488 ам.доллар, 2014 онд 76.588 ам.доллар, 2015 онд 81.400 ам.доллар төлсөн.

НҮБ, түүний системийн байгууллагууд 2000-2014 онд 167 сая ам.долларын 224 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн.

2017-2021 онд хэрэгжүүлэх “НҮБ-ын хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн дагуу НҮБ-аас ирэх 5 жилийн хугацаанд Байгалийн нөөцийн хүртээмжтэй өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, Олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээр нийт 79 сая ам.долларын хөгжлийн тусламжийг манай улсад үзүүлнэ.

Монголын эдийн засаг хямралтай байсан 1990-ээд оны эхэн үед НҮБ, түүний системийн байгууллагууд, ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монголыг дэмжигч хандивлагчдын бүлэг үүсгэн байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн Монголд нүүрлэсэн зудын гамшгийн хохирлыг даван туулах, түүнд олон улсын хандивлагчдыг дайчлахад НҮБ тэргүүлж ажилласан. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 2001, 2010 онд зудад нэрвэгдсэн малчдад туслах уриалгыг гадаад орон, олон улсын байгууллагад хандан гаргаж нийт 50 орчим сая ам.долларын санхүүгийн болон эд  материаллын тусламжийг үзүүлсэн.

Монгол Улсын санаачилсан тогтоолууд

Манай улс НҮБ-д гишүүнээр элссэнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейд 20 гаруй асуудлаар 90 гаруй тогтоолыг санаачлан батлуулсан болно

  • Зэвсэг хураах долоо хоногийн тухай /33-34, 37-44 дүгээр чуулган/
  • Улс түмэн энх тайван орших эрхийн тухай /39-43 дугаар чуулган/
  • Эдийн засгийн хөгжил ба байгалийг хамгаалах тухай /17 дугаар чуулган/
  • Хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжилд улсын секторын гүйцэтгэх үүргийн тухай /32-35 дугаар чуулган/
  • Хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний мэргэжилтэй боловсон хүчний гүйцэтгэх үүргийн тухай /39-40 дүгээр чуулган/
  • Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /31, 33 дугаар чуулган/
  • Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах тухай /37, 39, 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 56, 58, 60, 62, 64, 66, 68, 70 дугаар чуулган/
  • Нийгмийн дэвшлийн үүднээс нийгэм-эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлт хийх үндэсний туршлагын тухай /36, 38, 40 дүгээр чуулган/
  • Хоршооллын хөдөлгөөнийг дэмжих тухай /36, 44 дүгээр чуулган/,
  • Нийгэм-эдийн засгийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай /48, 51 дүгээр чуулган/,
  • Нийгмийн хөгжил дэх хоршооллын үүргийн тухай /54, 56, 58, 60, 62, 64, 66, 68, 70 дугаар чуулган/;
  • Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгахад тус дөхөм үзүүлэх арга хэмжээ, хүч чармайлтын тухай /41, 42 дугаар чуулган/,
  • Бүх нийтийн боловсрол /52, 54 дүгээр чуулган/
  • Бүх нийтээр бичиг үсэгтэн болох НҮБ –ын 10 жилийн тухай /54, 56, 59, 61, 63, 65 дугаар чуулган/
  • Бичиг үсгийн боловсролын тухай /68, 69, 71 дүгээр чуулган/;
  • Орон гэрээр хангах олон улсын жилийн тухай /40, 41 дүгээр чуулган/
  • Орон гэртэй байх эрхийн тухай /41, 42 дугаар чуулган/
  • Хүний эрүүл орчин хангах тухай /44 дүгээр чуулган/
  • Сансарт зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэрэмжлэх тухай /38 дугаар чуулган/
  • Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай /53, 55, 57, 59, 61, 63, 65, 67, 69, 71 дүгээр чуулган/
  • Олон улсын хэлэлцээ хийх зарчим, чиглэлүүд /52, 53 дугаар чуулган/
  • Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал /50, 52, 54 дүгээр чуулган/
  • Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоох талаар Засгийн газруудаас тавьж буй хүч чармайлтад НҮБ-ын системийн зүгээс үзүүлэх дэмжлэг тусламжийн тухай /58, 60 дугаар чуулган/
  • Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн тухай /60 дугаар чуулган/
  • Ардчиллын боловсрол /67, 69, 71 дүгээр дугаар чуулган/