ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улс, Япон Улсын хоорондын “стратегийн түншлэл”-ийн хүрээнд 2010 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд тохиролцсон.

Монгол Улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шатны хэлэлцээг японы талтай хийсний үр дүнд энэхүү хэлэлцээрийг байгуулав.

Энэхүү хэлэлцээрийн зорилго нь хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлого зэргийг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад оршиж байгаа болно.

Хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралттай бөгөөд хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 тодорхой асуудлыг зохицуулж байна.

“МОНГОЛ ЭКСПОРТ” ХӨТӨЛБӨР

Нэг. Ерөнхий мэдээлэл

 

  • Хөтөлбөр боловсруулах эрх зүйн үндэслэл

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Гадаад бодлогын үзэл баримтлал”,Төрөөс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Гадаад харилцааны эдийн засгийн хөтөлбөр”,  “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”, “Хөгжлийн бодлогын бичиг баримт боловсруулах нийтлэг журам”, “Үндэсний чанарын хөтөлбөр”, “Гаалийн байгууллагын 2016-2020 оны үйл ажиллагааны стратегийн төлөвлөгөө”, ”Гурван тулгуурт хөгжлийн бодлого“, “Хөгжлийн зам хөтөлбөр” болон Хөгжлийн банкны тухай хуулийг тус тус үндэслэн энэхүү хөтөлбөрийг боловсруулсан болно.

 

  • Нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал

Монгол Улсын 2017 оны экспортыг 2016 онтой харьцуулахад 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 6.2 тэрбум ам.долларт хүрсэн боловч нийт экспортын 87.3 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, 12.7 хувь нь уул уурхайн  бус бүтээгдэхүүн эзэлж байна. Гэхдээ уул уурхайн бус экспортын зөвхөн 20 орчим хувийг л ноосон, ноолууран, арьс ширэн болон нэхий бэлэн бүтээгдэхүүн бүрдүүлж, түүхий болон хагас боловсруулсан байдлаар экспортод гарсаар  байна. Жилд 30 орчим мянган тонн мах, махан хүнсний бүтээгдэхүүн  экспортлож байгаа нь боломжит нөөцийн 15 орчим хувийг эзэлж байна.

Уул уурхайн бус бүтээгдэхүүний 2017 оны экспортын зах зээлийг авч үзвэл, Япон, БНСУ, АНУ, Канад болон ЕХ-ны гишүүн орнуудруу 300.0 сая ам.долларын ноолуур болон ноосон сүлжмэл эдлэлийг, БНХАУ болон ОХУ руу 70 орчим сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүн, 24,0 сая ам.долларын арьс шир, нэхий эдлэл зэргийг экспортолжээ.

Монгол Улс нь олон улсын зах зээлийн үнийн нөлөөлөлд өртөх нь харьцангуй бага, экологийн цэвэр ноос ноолууран, арьс ширэн эдлэл болон мах, сүү, чацаргана зэрэг барааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар экспортын орлогоо нэмэгдүүлэх нөөц бололцоо байна гэж үзэж байна.

Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортод дараахь асуудлууд тулгамдаж байна. Үүнд:

1.2.1. Төрөөс хүнс, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аялал жуучлалын салбарын дунд хугацааны бодлого, хөтөлбөрүүдийг зохих хэмжээнд боловсруулан хэрэгжүүлж байгаа хэдий ч эдгээр хөтөлбөрүүдийг үндэсний хэмжээнд нэгтгэн уялдуулах зохицуулалт байхгүй байна.

1.2.2. Ноос ноолуур, арьс шир болон махны үйлдвэрлэл өндөр зардалтай, эргэлтийн хөрөнгө хомс, арилжааны банкны зээлийн хүү өндөр  байгаа нь эдгээр салбаруудын өрсөлдөх чадварыг бууруулж байна.

1.2.3 Монгол Улсын экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, гол төлөв түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн давамгайлсан бүтэцтэй байна.

1.2.4. Арьс шир, ноос ба ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал зохих хэмжээнд хүрсэн, экспортлох нөхцөл бололцоо нь бүрдсэн хэдий ч дотоодын зах зээлийг хамгаалах, дэмпингийн чанартай импортын эсрэг зохицуулалт бий болоогүйгээс эдгээр салбаруудын үйлдвэрүүд ажлын байраа хамгаалах чадвар хомс байна.

1.2.5. Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортын тээвэр – ложистикийн  цогц, нэгдсэн бодлого байхгүй байна.

1.2.6. Сүүлийн жилүүдэд гадаад орнуудаас авч буй хөнгөлөлттэй зээл, тусламжийг ихэвчлэн уул уурхай, дэд бүтцийн салбарт зарцуулсан тул уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүн болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлт хоцрогдож байна.

1.2.7. Уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдаанд хөрөнгө оруулагчдыг татах, тэдгээрийн тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин дутагдаж байна.

1.2.8. Эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн паркуудын үйл ажиллагаа жигдрээгүй байгаа бөгөөд энэ нь экспортын бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлж чадахгүй байна.

1.2.9. Монгол Улсын худалдааг хөнгөвчлөх, тарифын болон тарифын бус хориг саадыг багасгах арга хэмжээг түнш орнуудтай байгуулсан одоо мөрдөж буй худалдааны хэлэлцээрүүдийн хүрээнд  хэлэлцэн шийдвэрлэх, мөн шинээр байгуулах худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны  гэрээ, хэлэлцээрүүдэд нэмж тусгах хэрэгжүүлэх шаардлагатай байна.

1.2.10. Экспортод оролцогч салбарууд, яамд болон газруудын ажлын уялдаа холбоог сайжруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэхэд мэргэжлийн холбоод, худалдааг дэмжигч төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.

 

Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилт

 

2.1 Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын экспортын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүү, татварын тогтвортой таатай орчинг бий болгох, зах зээлийн мэдээлэл, судалгааны  хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсад сурталчилан таниулах, инноваци, тэргүүний дэвшилтэт техник, технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,  экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортын үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, шинээр ажлын байр бий болгох, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспортоос эдийн засагт орох мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэхэд оршино.

 

2.2 Энэхүү хөтөлбөрийн зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ. Үүнд:

2.2.1. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хууль эрх зүй, санхүү, татварын таатай орчныг боловсронгуй болгох,

2.2.2. Уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэргүүний дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх,

2.2.3. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,

2.2.4. Худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх зэрэг болно.

 

Гурав.  Хөтөлбөрийн хүрээнд авах арга хэмжээ

 

3.1. Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдааны хууль эрх зүй, санхүү, татварын таатай орчныг боловсронгуй болгох хүрээнд:

3.1.1. Гадаад худалдаа, ялангуяа экспортод оролцож байгаа салбарууд,  төрийн яамд болон агентлагуудын үйл ажиллагааг уялдуулах, үйлдвэрлэл-худалдаа-хөрөнгө оруулалтын цогц бодлогыг дэмжихэд чиглэсэн “Монгол Улсын төрөөс гадаад худалдааны салбарт баримтлах бодлого” -ыг боловсруулж батлуулах,

3.1.2. Экспортыг дэмжихтэй холбогдсон  зохицуулалт, заалтуудыг одоо мөрдөж буй “Өрсөлдөөний тухай хууль”, “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль”, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”, ”Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль” болон бусад холбогдох хуулиудад нэмэлт,  өөрчлөлт оруулах саналыг боловсруулах,

3.1.3. “Үйлдвэржилт 21:100 хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөнгөн болон хүнсний салбарын экспортын үйлдвэрүүдийг байгуулах, санхүү, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх,

3.1.4. Үйлдвэрлэл, экспортыг дэмжих хөгжлийн санхүүжилтийн шинэ бүтээгдэхүүн, арга хэрэгсэл бий болгох,

3.1.5. Ноос, ноолуурын анхан шатны боловсруулалтыг төр, хувийн хэвшлийн хяналттай болгох зорилгоор аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах,

3.1.6  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшинг ахиулах, үйлдвэрүүдийн дотооддоо хоршин ажиллах үйл ажиллагааг дэмжсэн зохицуулалтыг тусгасан нэмэлт өөрчлөлт оруулах,

3.1.7. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ экспортлодог нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн импортын түүхий эд, туслах материал болон тоног төхөөрөмж худалдан авахад татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үе шаттайгаар эдлүүлэх

3.1.8. Дундаас дээш технологийн агууламж бүхий бүтээгдэхүүн экспортлосон  үйлдвэрлэл эрхлэгчдэд татварын хөнгөлөлт эдлүүлэх,

3.1.9.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг салбарын хөгжлийн бодлоготой уялдуулан, экспортын үйлдвэрт олгох эх үүсвэрийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох,

3.1.10. Гадаад худалдаанд шаардлагатай хууль эрх зүй баримт бичгүүд, гадаад зах зээлийн талаарх мэдээллийн нэгдсэн цахим хуудсыг нээн ажиллуулах,

3.1.11. Экспортын үйлдвэрлэл эрхлэгчдийг экспортын хууль эрх зүйн орчны талаар “Монгол экспорт” гарын авлага, мэдээллээр хангах,

3.1.12. Аймгуудад хорио цээрийн тусгаарлагдсан бүс байгуулах, тухайн бүсэд байгуулагдах махны үйлдвэрүүд болон махны лабораториудыг гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлд  хамруулах асуудлыг дэмжих,

3.1.13. Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, давхардлыг арилгах, шуурхай болгох санал боловсруулж шийдвэрлэх,

3.1.14. Экспортлогчдыг гадаад худалдааны эрсдэлээс хамгаалах зорилгоор экспортын зээлийн баталгаа, даатгалын тогтолцоог бий болгох,

3.1.15. Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдаан дахь саад тотгорын тухай хэлэлцээр”-ийн хүрээнд гадаад худалдааны тарифын бус хориг саадыг багасгахад чиглэсэн боломжийг бүрэн дүүрэн ашиглах, хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг сайжруулах, түргэн шуурхай болгоход дэмжлэг үзүүлэх,

3.1.16. Олон улсын хэмжилзүйн болон итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудаас зохион байгуулдаг ур чадварын сорилтын хөтөлбөрт мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, ноос ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүний сорилтын лабораториудыг хамруулах,

3.1.17. “Хуурай боомт”-ын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд гаргах тээвэрлэлтийг холимог тээврийн логистикийн төв байгуулах,

3.1.18 Экспортын бүтээгдэхүүнд шагнал олгох, экспортлогчдын  тусгайлсан өдрийг бий болгох,

 

 3.2. Уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэргүүний дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд:

3.2.1. Мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, ноос ноолуур, арьс шир, оёмол зэрэг бүтээгдэхүүний стандартыг европын болон олон улсын стандартад нийцүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

3.2.2. Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн технологич, дизайнерын мэргэжлийн оюутнууд болон мэргэжилтнүүдийг  Итали, Япон болон бусад тэргүүлэх орнуудад сургах ажлыг эрчимжүүлэх,

3.2.3. Олон улсын үзэсгэлэн, экспо, бизнес форумыг ОХУ, БНХАУ, Европын Холбоо, Япон, Өмнөд Солонгос, АНУ зэрэг орнуудад зохион байгуулах, үйлдвэрлэгч, экспортлогч компаниудыг үр ашигтай оролцоход дэмжлэг үзүүлэх,

3.2.4. Экспортын бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэж экспортын үйлдвэрүүдийг хангах чиглэлээр хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох,

3.2.5. Гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээг бий болгон ажиллуулах,

3.2.6. Мал, амьтны халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, мал эмнэлэгийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилт, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох,

3.2.7. Экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний сорилтын лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх,

3.2.8. Экспортод гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртгийг бууруулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, инноваци, өндөр технологид суурилсан оюуны багтаамж өндөртэй экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны  ажлыг санхүүжүүлэх,

 

 3.3. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:

3.3.1. Олон улсын зах зээлд гарах боломжит экспортын шинэ салбар, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх судалгаанууд хийх,

3.3.2. Экспортын нэмүү өртөг шингэсэн шинэ, брэнд бүтээгдэхүүн бий болгох арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх,

3.3.3. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан сургалт, семинар зохион байгуулах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх,

3.3.4. Монголд ажиллаж байгаа ноолуур, ноосон болон хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний лабораторийн  чадавхийг олон улсын хэмжээнд хүргэхэд туслалцаа үзүүлэх, энэ чиглэлийн шинэ лабораторийг барьж байгуулах, тохирлын гэрчилгээ олгох үйл ажиллагааг бүх түвшинд дэмжих,

3.3.5. Гадаадын зах зээлд экспортлох боломжтой программ болон техник хангамжийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх,

3.3.6. Үндэсний бренд, газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах,

 

 3.4. Экспортын худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх зорилтын хүрээнд:

3.4.1. ДХБ-ын “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийн хүрээнд хөнгөлөлт эдлэх боломжоо бүрэн ашиглах, уг хэлэлцээрийг сурталчилан таниулах, сургалтыг зохион байгуулах,

3.4.2. Монгол Улсын экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, давуу болон сул тал, үр өгөөжийн талаар судалгаа хийх, туршлага судлах,

3.4.3. Монгол-ОХУ-Хятад Улсын эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хүрээнд худалдааг хөнгөвчлөх, хил гааль, хорио цээрийн үзлэг хяналтыг хялбаршуулах чиглэлээр тусгагдсан арга хэмжээ, транзит тээврийг хөнгөвчлөх зохицуулалтыг хэрэгжүүлэх,

3.4.4. Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Япон Улсад экспортлох бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, импортын бараануудад тавигддаг японы шаардлага стандартыг судлах, энэ чиглэлээр Японы ЖАЙКА байгууллагатай хөтөлбөрийг  хамтран хэрэгжүүлэх,

 

3.4.5. ЕХ, АНУ, Канад болон ОХУ-ын зах зээлд нэвтрэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, зах зээл, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээний судалгааг хийх,

3.4.6. ЕХ-ны орнуудад гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг хэрэгжүүлж буй туршлагыг судлах, нэвтрүүлэх,

3.4.7. ХАА-н бүтээгдэхүүний Монгол-Орос-Хятадын стандартуудыг ижилсгэх асуудлыг судлах, эдгээр орнуудын стандартын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх,

3.4.8. Хоёр болон олон талт гэрээ хэлэлцээр байгуулах, нэгдэн орох замаар экспортын бүтээгдэхүүнд хийсэн тохирлын үнэлгээний үр дүнг худалдааны түнш орнуудад хүлээн зөвшөөрүүлэх, худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг хэрэгжүүлэх,

3.4.9. Монгол Улс болон монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, бараа бүтээгдэхүүнийг Европын олон нийт, бизнесийн салбарынханд сурталчлах зорилго бүхий жишиг сурталчилгааны төвийг Берлин хотноо байгуулах санал боловсруулах,

3.4.10. Экспортын бүтээгдэхүүний цахим худалдааг нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийх, эрх зүйн орчин бүрдүүлэх,

3.4.11. Монгол Улсаас гадаад орнуудад суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газруудаар экспортын бараа бүтээгдэхүүнийг сурталчлах үйл ажиллагааг эрчимжүүлэх,

3.4.12. Монгол Улсад ажиллаж буй олон улсын хөгжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, тэдгээрийн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд экспортын хөтөлбөрийн төсөл, арга хэмжээнүүдийг тусгах, хамтран хэрэгжилтийг хангах,

 

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа, үе шат,хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлт

4.1 Хөтөлбөрийг 2018-2022 онд ойрын болон дунд хугацааны 2 үе шаттайгаар 4 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ:

Нэгдүгээр үе шат буюу ойрын хугацаанд (2018-2019 он): экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын худалдааны хууль эрх зүй, санхүү, татварын таатай орчныг боловсронгуй болгох, уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, тэргүүний дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаар үе шат буюу дунд хугацаанд (2020-2021 он): уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг төрөлжүүлэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортын худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх, шинэ зах зээлд нэвтрэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.2 Хөтөлбөр хэрэгжсэнээр дараахь үр дүнд хүрнэ. Үүнд:

4.2.1.Экспортын үйлдвэрлэл, экспортын худалдааны хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн тогтвортой, таатай орчинг бүрдүүлнэ.

4.2.2.Экспортод уялдсан худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ бий болж, үндэсний бренд бүтээгдэхүүний тоо  хэмжээг дэлхийн зах зээлд нэмэгдүүлнэ.

4.2.3. ЕХ болон бусад улсад монголын экспортын бараа, бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийн талаар мэдээллийг нэг дороос авах нөхцөл бүрдүүлнэ.

4.2.4. Экспортын бараа, бүтээгдэхүүнээр дамжуулан Монгол Улсын үнэлэмж олон улсад нэмэгдэнэ.

4.2.5.Экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, бүтцэд өөрчлөлт орно.

4.2.6.Ноос, ноолуур, арьс шир, хөдөө аж ахуйн бусад түүхий эдийн нийлүүлэлтийн найдвартай сүлжээ бий болж, боловсруулалтыг түвшин 60 хувьд хүргэнэ.

4.2.7.Хөнгөн үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортын орлогыг 2016 оны түвшинтэй харьцуулахад 2021 онд 50 хувиар нэмэгдүүлнэ;

4.2.8.Зохих түвшний стандартыг нэвтрүүлэх, түүнд нийцсэн тэргүүний дэвшилтэд шинэ технологи, инновацийг нутагшуулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлнэ.

4.2.9. “Монголын Хаан ширхэгт” , “Органик хүнс” чанарын гэрчлэх тэмдэг бүхий байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болон газар зүйн заалттай бүтээгдэхүүнийг бий болгож, гадаад зах зээлд таниулсан байна.

4.2.10. Дотоодын үйлдвэрлэлийн хэмжээ өргөжин ажлын байр өсч, дотоодын мөнгөн хуримтлал, валютын нөөц нэмэгдэнэ.

4.2.11. Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлангийн экспортын бүрдүүлэлт хийх хугацаа, зардлыг тус тус … хувиар бууруулна.

 

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

 

Хөтөлбөрийн санхүүжилтийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:

– Улсын төсөв,

– Хөгжлийн банк,

– хөгжлийн түнш  байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, тусламж

– Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт

– Бусад эх үүсвэр

 

Зургаа. Хөтөлбөрийн удирдлага, зохион

                                         Байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ                                       

 

6.1 “Монгол экспорт” хөтөлбөрийг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолын хавсралт болох “Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-тай нийцүүлэн хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.

6.2 Төрийн захиргааны төв байгууллага үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.7-д заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

6.3 Хөтөлбөрийн дараах шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт-шинжилгээ хийж үнэлнэ:

 

Шалгуур үзүүлэлт Нэгж Суурь түвшин, он Зорилтот түвшин, он Мэдээллийн эх сурвалж
2017 2021
1. Нийт экспортод ХАА-н гаралтай боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жин хувь 9 15 Статистикийн үндэсний хороо,
2. Экспортын сагс дахь уул уурхайн бус бүтээгдэхүүний тоо тоо 150 225 Статистикийн үндэсний хороо
3. Хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн салбарын экспортын орлого Сая ам.доллар 6212.4 9000.0 Статистикийн үндэсний хороо
4. Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлангийн экспортын бүрдүүлэлт хийх хугацаа цаг 168 140 Гаалийн ерөнхий газар
5. Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” тайлангийн экспортын бүрдүүлэлт хийх зардал ам.доллар 191 170 Гаалийн ерөнхий газар
6. Худалдааны түнш орнуудтай тарифын болон тарифын хориг саадыг бууруулах хэлэлцээр байгуулах тоо 1 2 Гадаад харилцааны яам, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр 2016-2020

 

 

-o0o-