МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 10 дугаар сарын 05-ны өдөр                                                                                                                                                                                           Улаанбаатар хот

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хууль нь Монгол Улсын төрийн дипломат алба /цаашид “дипломат алба” гэх/, түүний тогтолцоо, зохион байгуулалт, дотооддоо болон хилийн чанадад явуулах үйл ажиллагаа, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хэвлэх

2 дугаар зүйл. Дипломат албаны тухай хууль тогтоомж

2.1. Дипломат албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Төрийн албаны тухай хууль2 , энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Дипломат алба, түүний тогтолцоо, чиг үүрэг

З дугаар зүйл. Дипломат алба

3.1. Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ.

3.2. Дипломат алба нь төрийн тусгай алба мөн.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Дипломат албаны тогтолцоо, байгууллага

4.1. Монгол Улсын дипломат албыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн удирдана.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.2. Дипломат албаны хилийн чанад дахь үйл ажиллагааг Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлагын дор хэрэгжүүлнэ.

4.3. Консулын албаны зарим үүргийг Монгол Улсын өргөмжит консулаар олон улсын эрх зүйн дагуу гүйцэтгүүлж болно.

4.4. Өргөмжит консулын үйл ажиллагааны чиглэл, түүний эрх, үүргийг тодорхойлсон журмыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.5. Өргөмжит консулыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

Хэвлэх

5 дугаар зүйл. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг

5.1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас гадна өөрийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан дараахь чиг үүргийг  гүйцэтгэнэ:

5.1.1. Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах;

5.1.2. улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;

5.1.3. Монгол Улсын үндэсний ашиг сонирхол, байр суурь, нэр хүндийг олон улсын хэмжээнд дипломат аргаар бататган хамгаалах;

5.1.4. Монгол Улсаас гадаад улстай тогтоосон дипломат болон консулын харилцааг хэрэгжүүлэх;

5.1.5. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын байгууллагад тус улсын идэвхтэй төлөөллийг хангах, эрх ашгийг хамгаалах;

5.1.6. Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, явц, үр дүнг нэгтгэн илтгэх;

5.1.7. Монгол Улсын нэгдмэл, залгамж чанартай гадаад бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Монгол Улсын төр, засгийн албан ёсны байр суурийг илэрхийлэх;

5.1.8. гадаад улс төрийн бодлого, үйл ажиллагааг эдийн засаг, шинжлэх ухаан, техник, худалдаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаатай уялдуулан зохицуулах;

5.1.9. төр, засгийн газрын байгууллагын шугамаар хэрэгжүүлэх олон улсын харилцааны үйл ажиллагааг мэдээлэл-судалгаа, арга зүйн зөвлөмжөөр  хангаж, үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах;

5.1.10. хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, тэдгээрийн байршил, зохион байгуулалтыг цаг үеийн шаардлагын дагуу боловсронгуй болгох санал боловсруулах;

5.1.11. Монгол Улсын олон улсын гэрээг байгуулах, эх бичвэрийг хадгалах дагаж мөрдөхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдсэн аргачлал, мэргэжлийн зөвлөмжөөр хангах, тэдгээрийн дагуу Монголын талын хүлээсэн үүргийн биелэлтийн байдлыг бүхэлд нь нэгтгэн дүгнэх, хэрэгжилтийн явцын талаар Засгийн газарт илтгэж байх;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.1.12. Монгол Улсын гадаад хэргийн архивыг эрхлэх;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.1.13. Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, албан ёсны мэдээлэл түгээх, монголын олон нийтийг дипломат үйл ажиллагаа, олон улсын байдлын талаархи цаг үеийн мэдээллээр хангах;

5.1.14. төрийн дипломат ёслолыг зохион байгуулж хэрэгжүүлэх;

5.1.15.Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурал, Засгийн газрыг олон улсын байдал, улс хоорондын харилцаа, тодорхой улс, олон улсын байгууллагын бодлого, үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, зах зээлийн холбогдох мэдээллээр хангах;

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.16. Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.

/Энэ заалтын дугаарт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

5.2.Энэ хуулийн 5.1.14-т заасан төрийн дипломат ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан Төрийн ёслолын журмаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

6 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газар

6.1. Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар тус тус хамаарна.

6.2. Консулын алба нь дипломат албаны бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд Монгол Улсын Ерөнхий Консулын газар, Консулын газар болон Консулын төлөөлөгчийн газар нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тойрогт үйл ажиллагаагаа явуулна.

6.3. Дипломат төлөөлөгчийн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилогдсон тэргүүн удирдана.

6.4. Дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

Хэвлэх

7 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэг

/Энэ 7 дугаар зүйлийн гарчигт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

7.1. Дипломат төлөөлөгчийн газар дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

7.1.1. дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн- Элчин сайд, Байнгын төлөөлөгч нь суугаа буюу хавсран суугаа орон, дэргэд нь суугаа Олон улсын байгууллагадаа Монгол Улсыг төлөөлөн ажиллах;

7.1.2. суугаа буюу хавсран суугаа орон, дэргэд нь суугаа Олон улсын байгууллагатай  харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал боловсруулах, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх;

7.1.3. хоёр ба олон талын харилцааны асуудлаар хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, тохиролцсон арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;

7.1.4. Монгол Улсын хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд шаардагдах судалгаа хийх, холбогдох байгууллагад танилцуулах;

7.1.5. хилийн чанадад Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн дагуу дипломат аргаар хамгаалах;

7.1.6. Консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөх;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/

7.1.7. суугаа болон хавсран суугаа оронд нь амьдарч буй Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг, тусламж үзүүлэх.

/Энэ заалтыг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.2.Дипломат төлөөлөгчийн газар нь энэ хуулийн 7.1.7 дахь заалтыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулж гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.3.Энэ хуулийн 7.1.7-д заасныг хэрэгжүүлэхийн тулд гадаадын болон дотоодын иргэд, байгууллагын хандив, тусламжийг ашиглаж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

8 дугаар зүйл. Дипломат албаны байгууллагын эрх

8.1. Дипломат албаны байгууллага дараахь эрх эдэлнэ:

8.1.1. дипломат албаны үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгөөр улсын төсвөөс хангагдах;

8.1.2. хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах байр, техник хэрэгсэл, холбоо, дипломат элч хэрэглэх;

8.1.3. дипломат албыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг төрийн бусад байгууллагаас үнэ төлбөргүй  гаргуулан авах;

8.1.4. төрийн далбаа, соёмбо, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас, төрийн сүлд бүхий хаяг хэрэглэх;

8.1.5. Монгол Улсын олон улсын гэрээ, үүний дотор Дипломат харилцааны тухай, Консулын харилцааны тухай Венийн конвенциудад заасан дархан эрх, эрх ямба эдлэх;

8.1.6. Монгол Улсын хууль тогтоомжид заасан бусад эрх.

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдал

9 дүгээр зүйл. Дипломат албанд ажиллагчид

9.1. Дипломат албанд ажиллагчдыг дипломат ажилтан болон үйлчилгээ, техникийн ажилтан гэж ангилна.

9.1.1. Монгол Улсын дипломат албан тушаалд томилогдож, дипломат ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын иргэнийг дипломат ажилтан /дипломат/ гэнэ.

9.1.2. Дипломат албан тушаал нь төрийн тусгай албан тушаал байна.

/Энэ заалтыг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.1.3. Монгол Улсын дипломат албаны үйлчилгээ, техникийн ажилтан нь төрийн үйлчилгээний албан тушаалтан байна.

9.2. Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь үүрэгт ажилдаа орохын өмнө “Монгол Улсын иргэн би Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийг ямагт дээдэлж, Монгол Улсын гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлст үнэнч шударгаар хичээн зүтгэж, дипломат ажилтны нэр төр, ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн биелүүлж, төрийн нууцыг чандлан хадгалж явахаа батлан тангараглая. Миний бие өргөсөн тангаргаасаа няцвал төрийн хуулийн өмнө хариуцлага хүлээх болно” хэмээн тангараг өргөнө.

9.3. Дипломат ажилтны тангараг өргөх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

9.4. Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнийг дипломат ажилтны албан тушаалаас бусад албан тушаалд ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд тэдний хөдөлмөр, нийгмийн, эрүүл мэндийн даатгал зэрэг асуудлаар байгуулах гэрээ, хэлцлийг Монгол Улсын болон суугаа улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

Хэвлэх

10 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний бүрэн эрх

10.1. Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1. дипломат төлөөлөгчийн газрыг нэгдсэн удирдлагаар хангах;

10.1.2. баталсан төсвийг захиран зарцуулах;

10.1.3. дипломат төлөөлөгчийн газрын дагаж мөрдөх журмыг /заавар, дүрэм/ хуульд нийцүүлэн гаргах;

10.1.4. гадаад бодлогын асуудлаар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах, энэ талаар холбогдох санал тавих;

10.1.5. дипломат төлөөлөгчийн газрын дотоод асуудлаар тушаал гаргах;

10.1.6. дипломат төлөөлөгчийн газрын ажиллагчдыг урамшуулах;

10.1.7. дипломат төлөөлөгчийн газрын ажиллагчдад сахилгын шийтгэл ногдуулах;

10.1.8. дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нь тухайн газрын ажиллагчдыг томилох, эгүүлэн татах, чөлөөлөх талаархи саналаа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

10.1.9. хуульд заасан бусад эрх.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Дипломат ажилтны үүрэг

11.1. Дипломат ажилтан төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг үүргээс гадна өөрийн ажлын онцлогоос шалтгаалан дараахь үүрэг хүлээнэ:

11.1.1. томилсон дипломат аливаа албан тушаалд ажиллахад бэлэн байж , ногдсон албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх;

11.1.2. дипломат алба хаах хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний гишүүн байх, үйл ажиллагаанд нь аль нэг хэлбэрээр оролцохоос түдгэлзэх;

11.1.3. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны дүгнэлт, байр суурийг илэрхийлэх;

11.1.4. суугаа,хавсран суугаа орны хууль тогтоомж, үндэсний ёс заншлыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь оролцохгүй байх.

Хэвлэх

12 дугаар зүйл. Дипломат ажилтны эрх

12.1. Дипломат ажилтан төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг эрхээс гадна өөрийн ажлын онцлогоос шалтгаалсан дараахь эрх эдэлнэ:

12.1.1. энэ хуулийн 8.1.5-д заасан эрх;

12.1.2. суугаа орны амьжиргааны түвшинг харгалзсан хэвийн ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах.

Хэвлэх


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Дипломат албаны бүтэц, орон тоо, дипломат цол

13 дугаар зүйл. Дипломат албаны бүтэц, орон тоо

13.1. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, орон тооны хязгаарыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.2. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тодорхой үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдыг томилон ажиллуулж болно.

13.3. Дипломат албан тушаал, дипломат цолны нэмэгдлийг төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэлтэй нийцүүлэх жишиг, түүнчлэн дипломат албан тушаалд дэвшүүлэх, албан тушаал бууруулан ажиллуулах нөхцөл, болзлын тухай журмыг  Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцсөний дагуу гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Хэвлэх

131 дүгээр зүйл. Дипломат албан тушаал

131.1.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:

131.1.1. төрийн нарийн бичгийн дарга;

131.1.2. тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;

131.1.3. газрын захирал;

131.1.4. газрын дэд захирал;

131.1.5. хэлтсийн дарга;

131.1.6. тасгийн дарга;

131.1.7. зөвлөх;

131.1.8. нэгдүгээр нарийн бичгийн дарга;

131.1.9. хоёрдугаар нарийн бичгийн дарга;

131.1.10. гуравдугаар нарийн бичгийн дарга;

131.1.11. атташе.

131. 2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:

131.2.1. элчин сайд;

131.2.2. байнгын төлөөлөгч;

131.2.3. элчин;

131.2.4. хэргийг хамаарагч;

131.2.5. байнгын төлөөлөгчийн орлогч;

131.2.6. элчин зөвлөх;

131.2.7. зөвлөх;

131.2.8. цэргийн атташе;

131.2.9. нэгдүгээр нарийн бичгийн дарга;

131.2.10. хоёрдугаар нарийн бичгийн дарга;

131.2.11. гуравдугаар нарийн бичгийн дарга;

131.2.12. атташе.

131.3.Монгол Улсын Ерөнхий консулын болон консулын газрын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:

131.3.1. ерөнхий консул;

131.3.2. консул;

131.3.3. дэд консул;

131.3.4. консулын төлөөлөгч.

/Дээрхи 131 дүгээр зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

14 дүгээр зүйл. Дипломат цол

14.1. Дипломат ажилтанд дараахь дипломат цол олгоно.

14.1.1. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

14.1.2. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин

14.1.3. Тэргүүн шадар

14.1.4. Шадар

14.1.5. Тэргүүн итгэмжит

14.1.6. Итгэмжит

14.1.7. Түшээ

14.2. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

14.3.Дипломат цол олгосон хүнд үнэмлэх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртсэн хүнд цолны ялгах тэмдэг тус тус олгоно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.4.Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдгийн тодорхойлолт, загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

14.5. Энэ хуулийн 14.1.-д заасан дипломат цолтой ажилтанд цолны нэмэгдэл олгоно.

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.6. Дипломат цолыг олгох, бууруулах, хүчингүй болгох, сэргээх нөхцөл, хугацааны тухай журмыг энэ хуулийн 14.2-т заасан албан тушаалтан батална.

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх


ТАВДУГААР БҮЛЭГ
Дипломат албан тушаал эрхлэх болзол, журам

/Энэ Тавдугаар бүлгийн гарчигт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15 дугаар зүйл. Дипломат албан тушаал эрхлэх болзол

/Энэ 15 дугаар зүйлийн гарчигт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.1. Энэ хуулийн 15.2,15.3-т заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн дипломат албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй.

15.2. Дипломат албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш  гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байна.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

15.3. Ажлын зайлшгүй шаардлага, онцгой мэргэшил, дадлага туршлагыг харгалзан түгээмэл нэг гадаад хэл эзэмшсэн хүнийг дипломат ажилд томилон ажиллуулж болно.

15.4. Дипломат албанд орох иргэнийг сонгон авах болзлыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

15.5. Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төр, засгийн бусад байгууллагатай тохиролцон тодорхой мэргэжлийн төрийн албан хаагчийг тусгайлан бэлтгэж  дипломат албанд авч ажиллуулж болно.

Хэвлэх

16 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдыг томилох, эгүүлэн татах, чөлөөлөх

/Энэ 16 дугаар зүйлийн гарчигт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.1. Монгол Улсаас гадаад улсад болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Олон улсын байгууллагын дэргэд суух Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нь гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд түүнийг, Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасны дагуу томилж, эгүүлэн татна.

/Энэ хэсэгт 2013 оны 11 дүгээр сарын 01-ний хуулиар нэмэлт оруулсан/

16.2. Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад тохиолдолд Олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар томилж,  эгүүлэн татна.

16.3. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогчийг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, эгүүлэн татна.

16.4. Цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох байгууллагын саналын дагуу томилж, эгүүлэн татна.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

16.5. Энэ хуулийн 16.1.-16.4.-т зааснаас бусад дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга томилж, чөлөөлнө.

16.6. Дипломат ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Дипломат төлөөлөгчийн газарт сэлгүүлэн ажиллуулах зарчмыг баримтална.

16.7. Дипломат ажилтны Дипломат төлөөлөгчийн газарт томилогдон ажиллах  хугацаа З жил байна.

16.8. Ажлын шаардлага, томилолтын хугацаанд гүйцэтгэсэн ажлын үр дүнг харгалзан дипломат ажилтныг томилох эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 16.7-д заасан томилолтын хугацааг сунгаж болно.

/Энэ хэсгийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.9. Дипломат төлөөлөгчийн газарт дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг томилон ажиллуулахдаа мэргэжлийн бэлтгэл, мэргэшил, боловсрол болон ажилласан хугацааг нь харгалзана.

Хэвлэх


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын

ажиллах нөхцөл, баталгаа

17 дугаар зүйл. Томилолтын зардал

17.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний хууль ёсны эхнэр буюу нөхөр, 18 хүртэлх насны хүүхдийн очих газраа  хүртэлх, томилолтынхоо хугацааг дуусгаад эх орондоо буцаж ирэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцна.

17.2. Эцэг, эхээ дагаж гадаад улсад байх хугацаандаа 18 нас хүрсэн хүүхдийн эх орондоо бүрмөсөн буцаж ирэхтэй холбогдон гарах зардлыг төр хариуцна.

Хэвлэх

18 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын баталгаа

18.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтны дараахь хангамж, баталгааг төр хариуцна:

18.1.1. дипломат үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах ажлын байр, сууц, тоног төхөөрөмж, холбоо, тээврийн хэрэгслээр хангах;

18.1.2. суугаа улс оронд дайны болон онц байдал тогтох, байгалийн гэнэтийн аюул, гамшиг бий болох, нийтийг хамарсан гоц халдварт өвчин гарах зэрэг тохиолдолд дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийг хамгаалалтад авах, уг байдлаас үүдсэн эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирлыг арилгах арга хэмжээ авах;

18.1.3. суугаа орны эрүүл мэндийн даатгалд хамруулах;

/Энэ заалтад 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.1.4. суугаа орны ерөнхий боловсролын сургууль төлбөртэй бол хүүхдийнх нь сургалтын төлбөрийг тухайн улсын сургалтын зардлын дундаж жишгээр олгох;

18.2. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтан болон үйлчилгээ, техникийн ажилтны орон сууц, тавилга, эд хогшил, унаа, бусад хангамж олгох, эдлүүлэх журмыг гадаад хэргийн болон санхүү-эдийн засгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

Хэвлэх

19 дүгээр зүйл. Цалин хөлс

19.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтны цалин хөлсийг суугаа орны амьжиргааны өртөг, амьдралын нөхцөлийг харгалзан Засгийн газар тогтооно.

Хэвлэх

20 дугаар зүйл. Дипломат ажилтны тэтгэвэр, тэтгэмж

20.1. Дипломат албанд ажиллагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдах, эсхүл албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хөнөөсөн бол адилтгасан албан тушаалын 4 жилийн цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс ар гэрт нь төгрөгөөр тооцон нэг удаа олгоно.

20.2. Дипломат албанд урьд ажиллаж байсан нөхцөл нь амь насаа алдах гол шалтгаан болсон нь тогтоогдсон бол тухайн хүний ар гэрт тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэвэр нь цалингийн хэмжээнд хүрэхгүй бол хохирогчийн авч байсан үндсэн цалингийн зөрүүг 3 жилийн хугацаанд төрөөс олгоно.

Хэвлэх

21 дүгээр зүйл. Нас барах тохиолдолд гарах зардал

21.1.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүд /хууль ёсны эхнэр буюу нөхөр, үр хүүхэд/-ээс нас барсан тохиолдолд шарил болон түүнийг эх оронд авчрах хүний тээврийн зардлыг төр хариуцна.

Хэвлэх

22 дугаар зүйл. Ээлжийн болон баярын амралт, ажилласан хугацаа

22.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын хөдөлмөрийн цагийн урт нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд1 заасан хэмжээтэй адил байх боловч тухайн суугаа орны нөхцөлд зохицуулан ажиллаж болно.

22.2. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчид Монгол Улсын Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай, холбогдох бусад хуульд заасан үндсэн болон нэмэгдэл амралтыг эдлэх бөгөөд цаг уурын хүнд нөхцөл, дайны байдал бүхий улсад ажиллах үедээ эхний 1-4 жилд ажлын 5, цаашид ажиллах З жил тутам ажлын 2 өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ. Цаг уурын хүнд нөхцөлтэй гэж үзэх гадаад улсын жагсаалтыг гадаад хэргийн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

22.3. Цаг уурын хүнд нөхцөлтэй гадаад оронд ажиллагчид, түүний эхнэр, нөхөр, 18 хүртэл насны хүүхэд жил тутам, бусад оронд ажиллагчид, түүний эхнэр, нөхөр, 18 хүртэл насны хүүхэд нь 2 жил тутам эх орондоо ирж амрахтай холбогдсон зардлыг төр хариуцна.

22.4. Дипломат төлөөлөгчийн газарт ажилласан хугацааг тухайн ажиллагчдын төрийн алба хаасан нийт хугацаанд, цэргийн албан хаагчийн хувьд цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулж тооцох бөгөөд цаг уурын хүнд нөхцөл бүхий улсад алба хаасан нэг жилийг 1 жил 6 сараар тооцно.

/Энэ хэсэгт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

23 дугаар зүйл. Гэр бүлийн гишүүний хөдөлмөр эрхлэлт

23.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдийн эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.

23.2. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын эхнэр буюу нөхөр тодорхой ажил эрхлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төрийн албан хаагчийн үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож төр хариуцна.


ДОЛДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

24 дүгээр зүйл. Дипломат ажилтанд ногдуулах сахилгын шийтгэл

24.1. Дипломат албаны тухай хууль, өргөсөн тангараг, ёс зүйг зөрчсөн дипломат ажилтанд сахилгын тусгай дүрмийн дагуу шийтгэл ногдуулна.

24.2. Сахилгын тусгай дүрмийг Засгийн газар батална.

Хэвлэх

25 дугаар зүйл. Иргэдэд туслах сан

25.1. Монгол Улсын иргэн, байгууллага болон хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах, шаардлагатай тохиолдолд тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдэд туслах санг Дипломат төлөөлөгчийн газарт ажиллуулж болно.

25.2. Санг байгуулах, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах, хянах журмыг Засгийн газар батална.

/Энэ зүйлийг 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

26 дугаар зүйл. Татварын хөнгөлөлт

26.1. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтан суух улсдаа очих, эх орондоо бүрмөсөн буцаж ирэхэд нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувийн эд зүйлд татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ