МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 02 сарын 10 өдөр                                            Дугаар 10                                         Төрийн ордон, Улаанбаатар хот


Монгол Улсын гадаад бодлогын үзэл
баримтлал

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлол батлах, нийтлэх тухай” Улсын Их Хурлын 1994 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 56 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА   Д.ДЭМБЭРЭЛ

Монгол Улсын Их Хурлын 2011 оны                                                               10  дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН
ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

XXI зуун гарсаар дэлхий дахинд даяаршил улам бүр тэлж, шинжлэх ухаан, мэдээллийн технологи үсрэнгүй хөгжин, улс төр, эдийн засгийн интеграц өргөжиж, улс хоорондын харилцан хамаарал гүнзгийрч байна. Олон улсын харилцаа өнгөрсөн зууны сүүлийн хагасын хоёр туйлт үеийнхээс эрс өөрчлөгдлөө. Хөгжлийн шинэ томоохон төвүүд тодорч, олон улсын харилцаанд тэдгээрийн үзүүлэх нөлөө өсөх хандлагатай байна.

Нөгөөтэйгүүр, улс орнуудын хөгжлийн хурд, түвшин улам бүр ялгарч,  буурай, эмзэг эдийн засагтай улсуудад ажилгүйдэл, ядуурал буурахгүй байна. Зарим улс, бүс нутагт цөмийн зэвсэгтэй болох оролдлого үргэлжилж, хурцадмал байдал намжихгүй байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол хийгээд олон улсын терроризм, хүний болон хар тамхины наймаа, гоц халдварт өвчний тархалт зэрэг аюул, сорилт нэмэгдэх болов.

Монгол Улс ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, зах зээлийн эдийн засаг бүхий улс болж хөгжихийн хамт гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, гадаадад ажиллаж, сурч байгаа иргэдийн тоо үлэмж нэмэгдэв.

Монгол Улс нөөц баялгаа ашиглан эдийн засгийн чадавхийг өсгөх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааг дээшлүүлэх эрчимтэй хөгжлийн замд орж байна.

Дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын оруулж ирсэн хувь нэмрийг улам өсгөх, үндэсний хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад харилцааг өргөтгөн хөгжүүлж, түүний үр өгөөжийг улам нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.