ХҮНИЙ ЭРХИЙН ТУХАЙ

Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноос хойш хүний эрхтэй холбоотой 30 орчим олон улсын гэрээнд болон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 19 конвенцид нэгдэн ороод байна.

Ийнхүү хүний эрхийн чиглэлээр олон улсын өмнө үүрэг хүлээсэн улсын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей (ЕА), Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ) болон Хүний эрхийн хороо, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Хүүхдийн эрхийн хороо зэрэг гэрээний байгууллагатай харилцаж, нэгдэн орсон конвенцийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын ээлжит илтгэлийг холбогдох хороодод нь боловсруулан хүргүүлж, хамгаалах ажлыг зохион байгуулах, НҮБ-ын мандат эзэмшигчидтэй хамтран ажиллах, манай оронд айлчлуулах, НҮБ-ын ЕА, ХЭЗ болон бусад байгууллагаар хэлэлцүүлдэг хүний эрхийн асуудлаарх тогтоол, шийдвэрүүдийн асуудлаар судалгаа хийж, манай улсын байр суурийг тодорхойлоход оролцох чиг үүргийг ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газар гүйцэтгэж байна.

Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдөр баталсан 60/251 дүгээр тогтоолоор 1946-2006 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн НҮБ-ын Хүний эрхийн комиссын суурин дээр байгуулагдсан. Хүний эрхийн зөвлөл нь НҮБ-ын систем дэх засгийн газар хоорондын байгууллага бөгөөд дэлхий дахинд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсийг бэхжүүлэх, хүний эрхийг зөрчсөн эсэх асуудлыг авч хэлэлцэж, байр сууриа илэрхийлж, тухайн асуудлаар зөвлөмж гаргах болон бусад арга хэмжээ авах чиг үүрэгтэй. ХЭЗ нь 47 гишүүнтэй бөгөөд Монгол Улс 2015 онд Азийн 13 гишүүний нэг болж сонгогдсон.

                Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний анхдугаар илтгэлийг 2010 онд, хоёрдугаар илтгэлийг 2015 онд НҮБ-ын ХЭЗ-өөр тус тус амжилттай хэлэлүүлсэн бөгөөд ХЭЗ-өөс өгсөн нийт 150 зөвлөмжийг 2016-2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дүгээр тогтоолоор батлуулсан. Төлөвлөгөөний биелэлтэнд тогтмол хяналт тавьж, дунд хугацааны хэрэгжилтийн тайланг 2017-2018 онд гарган НҮБ-д хүргүүлнэ.

            Сүүлийн үед нэгдэн орсон олон улсын баримт бичгүүдээс дурдвал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протокол, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нэгдэн орсон байна.

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/
mогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж,
түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.

УДИРТГАЛ

Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон;

хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж;

хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь нэн чухал гэдгийг анхааран;

улс түмний хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм  үзүүлэх нь нэн чухлыг харгалзан;
хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнэтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэдэгт Нэгдсэн Үндэстний улс түмэн итгэл төгс байгаагаа дүрмээрээ нотлохын хамт, илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын нөхцлийг сайжруулахад дөхөм үзүүлэхээр шийдвэрлэснийг харгалзан;

гишүүн улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хүний эрх, үндсэн эрх чөлөөг нийтээр хүндлэн сахихад тус дөхөм үзүүлэх үүрэг авсныг үндэслэн;

энэхүү үүргийг бүрэн биелүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг  нийтээр нэг мөр ойлгох явдал нэн чухал ач холбогдолтойг харгалзан;

тийнхүү, үүний учир,

Ерөнхий Ассамблей,

Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн  эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн  үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг  зарлан тунхаглаж байна.

1 дүгээр зүйл

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.

2 дугаар зүйл

Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг  арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг  харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжинд байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй.

3 дугаар зүйл

Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.

4 дүгээр зүйл

Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.

5 дугаар зүйл

Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.

6 дугаар зүйл

Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ  хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.

7 дугаар зүйл

Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.

8 дугаар зүйл

Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл  бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.

9 дүгээр зүйл

Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй.

10 дугаар зүйл

Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.

11 дүгээр зүйл

1. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.

2. Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял  тохоож болохгүй.

12 дугаар зүйл

Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.

13 дугаар зүйл

1. Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.

2. Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.

14 дүгээр зүйл

1. Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугтаж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй.

2. Улс төрийн бус гэмт хэргийн улмаас буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимд харш хэрэг үйлдсэний улмаас зайлшгүй мөрдөгдөж буй тохиолдолд дээрх эрхийг эдлэж үл болно.

15 дугаар зүйл

1. Хүн бүр иргэний харьяалалтай байх эрхтэй.

2. Аливаа хүний  иргэний харьяалал  болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн  цуцлах ёсгүй.

16 дугаар зүйл

1. Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, яс үндэс,  шашин шүтлэгтэй холбогдсон  аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед  тэгш эрх эдлэнэ.

2. Нөхөр, эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно.

3. Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж мөн бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.

17 дугаар зүйл

1. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.

2. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.

18 дугаар зүйл

Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана.

19 дүгээр зүйл

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.

20 дугаар зүйл

1. Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй.

2. Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.

21 дүгээр зүйл

1. Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.

2. Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй.

3. Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно.

22 дугаар зүйл

Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн  нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй.

23 дугаар зүйл

1. Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй.

2. Хүн бүр ямар ч алагчилалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй.

3. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч  явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй.

4. Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах  буюу  үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй.

24 дүгээр зүйл

Хүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй  байх эрхтэй.

25 дугаар зүйл

1. Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ  эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.

2. Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.

26 дугаар зүйл

1. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авъяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж  адилхан хүртээлтэй олгох ёстой.

2. Боловсрол нь бие  хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахиулах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой.

3. Хүүхэддээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдлэнэ.

27 дугаар зүйл

1. Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй.

2. Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

28 дугаар зүйл

Хүн бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдлэж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй.

29 дүгээр зүйл

1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана.

2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй.

3. Эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимтай хэрхэвч зөрчилдүүлж болохгүй.

30 дугаар зүйл

Энэхүү Тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг устгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах буюу тийм үйлдэл хийх эрх олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж болохгүй.

Хүний эрхийн чиглэлээр МУ-ын нэгдэн орсон олон улсын гэрээ

Монгол Улсын гарын үсэг зурсан болон нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний жагсаалт

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулсан хүний эрхийн олон улсын нийт гэрээний жагсаалт болон тэдгээрийн хүчин төгөлдөр болсон хугацааг http://treaties.un.org/pages/Treaties.aspx?id=4&subid=A&lang=en линкээс харна уу.

Жагсаалт:

 

 

Гэрээ

 

 

Гарын үсэг зурсан он, сар, өдөр

 

Монгол Улсын хууль батлагдсан өдөр

Нэгдэн орсон (a), хүлээн зөвшөөрсөн (A), баталсан (AA), залгамжилсан (d), соёрхон баталсан он, сар, өдөр

Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон он, сар, өдөр

1. Төрлөөр устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай конвенц.  Парис, 1948.12.09 1966.11.24 1967.01.05 a 1967.04.05
2. Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц. Нью Йорк, 7 March 1966.03.07 1966.05.03 1969.03.31 1969.08.06 , 1969.09.05
3. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт.   Нью Йорк, 1966.12.16 1968.06.05 1974.11.18 1974.11.18 1976.01.03
3.a. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол.   Нью Йорк, 2008.12.10 2009.12.23 2010.04.23 2010.07.01 2013.05.05
4. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт.   Нью Йорк, 1966.12.16 1968.06.05 1974.11.18 1974.11.18 1976.03.23
5. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт протокол.   Нью Йорк, 1966.12.16 1991.01.14 1991.04.16 a 1991.07.16
6. Дайны гэмт хэрэг болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа үл хэрэглэх тухай конвенц.   Нью Йорк, 1968.11.26 1969.01.31 1969.05.21 1969.05.21 1971.11.11
7. Апартеидын гэмт хэргийг таслан зогсоох, тийм гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх тухай олон улсын конвенц.   Нью Йорк, 1973.11.30 1974.05.17 1974.12.03 1975.08.08 1976.07.18
8. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц. Нью Йорк, 1979.12.18 1980.07.17 1981.05.14 1981.07.20 1981.09.03
8.a. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт. Нью Йорк, 1995.12.22 1997.10.03 1997.12.19 A Хүчин төгөлдөр болоогүй байна
8.b. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн нэмэлт протокол. Нью Йорк, 1999.10.06 2000.09.07 2001.12.14 2002.03.28 2002.06.28
9. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц.   Нью Йорк, 1984.12.10 2001.11.02 2002.01.24 a 2002.02.23
9.b. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протокол.  Нью Йорк, 2002.12.18 2013.09.24
10. Спортод апартеид бодлого явуулахын эсрэг олон улсын конвенц.  Нью Йорк, 1985.12.10 1986.05.16 1987.09.18 1987.12.16 AA 1988.04.03
11. Хүүхдийн эрхийн тухай конвенц. Нью Йорк, 1989.11.20 1990.01.26 1990.07.05 1990.07.05 1990.09.02
11.a. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт. Нью Йорк, 1995.12.12 1997.12.19 A 2002.11.18
11.b. Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт өөрчлөлт. Нью Йорк, 2000.05.25 2001.11.12 2002.10.11 2004.1.06 2004.11.06
11.c. Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт өөрчлөлт. Нью Йорк, 2000.05.25 2001.11.12 2002.10.11 2003.06.27 2003.07.27
11.d. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протокол. Нью Йорк, 2011.12.19 2013.10.04
12. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёрдугаар протокол. Нью Йорк, 1989.12.15 2012.01.05 2012.03.13 a 2012.06.13
13. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц. Нью Йорк, 2006.12.13 2008.12.19 2009.05.13 a 2009.06.13
13.a. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн нэмэлт протокол. Нью Йорк, 2006.12.13 2008.12.19 2009.05.13 a 2009.06.13
14. Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц. Нью Йорк, 2006.12.20 2007.02.06

Монгол Улсын соёрхон баталсан ОУХБ-ын конвенцийн жагсаалт

ОУХБ-ын нийт конвенцийн жагсаалт болон тэдгээрийн хүчин төгөлдөр болсон хугацааг http://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=1000:12000:324132490742658::::P12000_INSTRUMENT_SORT:3 линкээс харна уу

ОУХБ-ын веб хуудасны Монгол Улстай холбоотой мэдээллийг http://www.ilo.org/dyn/normlex/en/f?p=1000:11200:0::NO:11200:P11200_COUNTRY_ID:103142 линкээс харна уу

Жагсаалт:

КОНВЕНЦ

Монгол Улсын хууль батлагдсан өдөр

Соёрхон баталсан он, сар, өдөр

Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон он, сар, өдөр

Тулгуур конвенц

1. C029 – Албадан хөдөлмөрийн тухай конвенц, 1930 (№. 29) 2005.02.24 2005.03.15 2006.03.15
2. C087 – Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай конвенц, 1948 (№. 87) 1969.05.10 1969.06.03 1970.06.03
3. C098 – Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай конвенц, 1949 (№. 98) 1969.05.10 1969.06.03 1970.06.03
4. C100 – Тэгш шан хөлс олгох тухай конвенц, 1951 (№. 100) 1969.05.10 1969.06.03 1970.06.03
5. C105 – Албадан хөдөлмөрийг устгах тухай конвенц, 1957 (№. 105) 2005.02.24 2005.03.15 2006.03.15
6. C111 – Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай конвенц, 1958 (№. 111) 1969.05.10 1969.06.03 1970.06.03
7. C138 – Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай конвенц, 1973 (№. 138) Доод насыг 15 насаар заасан 2002.10.31 2002.12.16 2003.12.16
8. C182 – Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай конвенц, 1999 (№. 182) 2000.10.05 2001.02.26 2002.02.26

Захиргааны шинжтэй конвенц

9. C122 – Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай конвенц, 1964 (№. 122) 1976.11.24 1976.11.24 1977.11.24
10. C144 – Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай конвенц, 1976 (№. 144) 1998.08.10 1998.08.10 1999.08.10

Техникийн шинжтэй конвенц

11. C059 – Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай конвенц (хянаж өөрчилсөн), 1937 (№. 59) 1969.05.10 1969.06.03 Хүчин төгөлдөр үйлчлэхээ больсон
12. C103 – Эхчүүдийг хамгаалах тухай конвенц (хянаж өөрчилсөн), 1952 (№. 103) 1969.05.10 1969.06.03 1970.06.03
13. C123 – Газар доор буюу уурхайд ажиллагсдын насны доод хязгаарын тухай конвенц, 1965 (№. 123) Насны доод хязгаарын 18 насаар заасан 1981.12.03 1981.12.03 1982.12.03
14. C135 – Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай конвенц, 1971 (№. 135) 1995.05.29 1996.10.08 1997.10.18
15. C155 – Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенц, 1981 (№. 155) 1998.02.03 1998.02.03 1999.02.03
16. C159 – Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай конвенц, 1983 (№. 159) 1998.02.03 1998.02.03 1999.02.03
Монгол Улсын гарын үсэг зурсан болон нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээний жагсаалт
Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн илтгэл

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ БҮХ ХЭЛБЭРИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ НАЙМ, ЕСДҮГЭЭР ИЛТГЭЛ

УДИРТГАЛ ХЭСЭГ Хуудас 3-5

  1. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай

Конвенцийн  хэрэгжилтийн талаарх  Монгол улсын Засгийн газрын

ээлжит найм, есдүгээр илтгэлийн  тайлбар

  1. Монгол улсын талаарх ерөнхий танилцуулга

I ХЭСЭГ Хуудас 5-15

1.1 Эмэгтэйчүүдийг ялгаварлан  гадуурхах аливаа үйлдлийг хориглосон хууль тогтоомж, түүний дагуу авсан арга хэмжээ (Конвенцийн 2,3-р зүйл)

1.2 Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн үүргийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хийгдсэн үйл ажиллагаа (Конвенцийн 5-р зүйл)

1.3 Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, биеийг нь үнэлүүлэн ашиглах бүх хэлбэрийг таслан зогсооход авсан арга хэмжээ (Конвенцийн 6-р зүйл)

II ХЭСЭГ Хуудас 15-18

2.1 Улс төр, нийгмийн амьдралд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломжийг хангасан байдал (Конвенцийн 7,8-р зүйл)

2.2 Эмэгтэй, эрэгтэй хүн, хүүхдэд иргэний харъяаллын  тухайд тэгш эрх олгосон байдал (Конвенцийн 9-р зүйл)

III ХЭСЭГ Хуудас 18-30

3.1 Боловсролын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилт

(Конвенцийн 10-р зүйл)

3.2 Хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилт (Конвенцийн 11-р зүйл)

3.3 Эрүүл мэндийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилт

(Конвенцийн 12-р зүйл)

3.4 Эдийн засаг, нийгмийн хамгааллын салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилт (Конвенцийн 13-р зүйл)

3.5 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг анхааран үзсэн байдал (Конвенцийн 14-р зүйл)

IV ХЭСЭГ Хуудас 30-32

4.1 Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хуулийн өмнө болон иргэний харилцаанд адил тэгш эрх, чадамжтай байх эрхийн хэрэгжилт (Конвенцийн 15-р зүйл)

4.2 Гэрлэлт, гэр бүлийн харилцаа дахь жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилт (Конвенцийн 16-р зүйл)

ХАВСРАЛТУУД Хуудас 33-50

Хавсралт 1. 2004-2014 оны хүйсээр ангилсан статистик мэдээллийн эмхтгэл

Хавсралт 2. Монгол улсын тав, зургаа, долоодугаар тогтмол тайлан илтгэлд  Конвенцийн Хорооны 54-р хуралдаанаас гаргасан ажиглалтын дүгнэлтийн хариулт

УДИРТГАЛ ХЭСЭГ

  1. i. Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол улсын Засгийн газрын илтгэлийн  тайлбар

Монгол улсын Засгийн газраас Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн (Цаашид “Конвенц” гэнэ.) хэрэгжилтийн талаарх тав, зургаа, долоодугаар илтгэлийг хамтатган 2008 оны 9 дүгээр сард хүргүүлж, хэлэлцүүлсэн. (CEDAW/C/SR.858 and 859) Тус илтгэлдээ 2000-2004 оны тоо баримт, статистик мэдээллийг ашиглан, Конвенцийн хэрэгжилттэй холбоотой нөхцөл байдлыг танилцуулсан байдаг бөгөөд илтгэлтэй холбоотой гаргасан Конвенцийн Хорооны дүгнэлт, зөвлөмжийн (CEDAW/C/MNG/CO/7/08-57534(E)301008) дагуу энэ удаагийн 8,9 дүгээр илтгэлд статистик мэдээлэл, баримт жишээг 2004-2009, 2010-2014 онуудаар зааглан,  хамруулан оруулсан ба нарийвчилсан статистик мэдээллийг нэмэлтээр хавсаргасан.

Тус илтгэлийг бэлтгэх ажлын хэсгийг Монгол улсын Ерөнхий сайдын 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар захирамжаар байгуулж, захирамжийн дагуу Жендэрийн үндэсний хороо, түүний ажлын алба энэхүү илтгэлийг бэлтгэх ажлыг удирдан зохион байгуулсан. Илтгэлийг төрийн болон иргэний нийгмийн, олон улсын байгууллагууд, үндэсний зөвлөхүүдийн хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан гаргасан болно. Илтгэлд Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөр, Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд үндэсний түвшинд дэвшүүлсэн зорилтууд, олсон амжилт, тулгарч буй бэрхшээлийг конвенцийн зүйл заалттай уялдуулан  тусгасан.

Мөн энэхүү тайлантай хамтруулан Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол улсын тав, зургаа, долоодугаар тогтмол тайлан илтгэлд (CEDAW/C/SR.858 and 859) Конвенцийн Хорооны 54-р хуралдаанаас гаргасан (CEDAW/C/MNG/CO/7/08-57534(E)301008)  ажиглалтын дүгнэлтийн хариултыг хүргүүлж байна.

Монгол улс эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг буруушаан, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийг устгах Конвенцийн үзэл санааг үндэсний бодлого, хууль тогтоомж, хөтөлбөртөө тусган, хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид ч илүү хүчин чармайлт гаргах болно.

  1. ii. Монгол улсын талаарх ерөнхий танилцуулга
  1. Монгол улс нь Төв Азийн эх газар, хойд талаараа Оросын холбооны улстай, урд талаараа БНХАУ-тай хил залган оршдог. Нийт 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай, засаг захиргааны хувьд 21 аймаг нь 362 суманд, нийслэл нь 9 дүүрэгт хуваагддаг.
  2. Монгол улс 2.9 сая хүн амтай, нийт хүн амын 51.3 хувь нь эмэгтэйчүүд, 48.7 хувь нь эрэгтэйчүүд, хүн амын жилийн дундаж өсөлт 1.4 хувьтай байна. Дундаж наслалт 2013 онд 69.1 жил, эмэгтэйчүүдийнх 75.0, эрэгтэйчүүдийнх 65.4 байна.
  3. Хүн амын 67.2 хувь нь хот, суурин газарт амьдарч, сүүлийн арван жилд хөдөөгөөс хот суурин газарт шилжих хөдөлгөөн эрчимжиж, хотын хүн амын тоо эрс нэмэгдэж байна.
  4. Монгол улсын хүний хөгжлийн индекс 0.787 байна. Жендэрийн хөгжлийн индекс (GDI) 2005 онд 0.677, 2013 онд 0.791, Жендэрийн эрх мэдлийн хэмжүүр (GEM) 2005 онд 0.388, 2013 онд 0.529 болсон.

Эдийн засаг, нийгмийн байдал

  1. Монгол улс чөлөөт зах зээлийн эдийн засагт амжилттай шилжиж, сүүлийн 10 жилийн дотор уул уурхайн салбарыг эрчимтэй хөгжүүлснээр төсвийн орлого огцом нэмэгдэж, 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувьд хүрч урьд өмнө байгаагүй амжилтанд хүрсэн. Гэсэн хэдий ч инфляцийн түвшин хоёр оронтой тооноос буурахгүй байна. 2014 оны эхний хагас жилд ДНБ өсөлт 5.3 хувь, ажилгүйдлийн түвшин 8,4 хувь, инфляцийн түвшин 14.9 хувьтай байна.
  2. 2011-2012 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд “Монгол улс нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшний хувьд үйлдвэрлэлийн хүчин зүйлсэд тулгуурласан хөгжлийн нэгдүгээр үе шатнаас бүтээмжид суурилсан хоёрдугаар шатанд шилжиж байгаа улс” гэж тэмдэглэсэн ба Монгол улс дунджаас доогуур орлоготой орнуудын ангилалд багтан орсон.
  3. Хэдийгээр эдийн засгийн өсөлтийг ерөнхийд нь авч үзэхэд ахиц дэвшил гарч байгаа дүр зураг ажиглагддаг ч, эдийн засгийн өсөлтийн үр дүн, үр нөлөө, хүртээмж нь эмэгтэйчүүдэд болон нийгмийн эмзэг бүлгийн хүн амд төдийлөн ээлтэй байж чадахгүй байна.
  4. Сүүлийн 10 жилд эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь тасралтгүй өсч, цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Монгол улс эдийн засгийн шинэ давалгаа болох газрын баялагаа олборлон ашиглах сонголтыг хийснээр түүнийг даган олон салбарууд шинээр эрчимтэй хөгжих эерэг хандлагатай байгаа ч, байгаль орчин болон нийгэм, улс төрийн олон сөрөг эрсдлийг бий болгож байна. Үүний нэг том эрсдэл нь ашигт малтмал олборлолт явуулж буй газруудад нутгийн иргэд, үйлдвэрлэлд нь хяналт тавих эрх мэдэлгүй байгаа төдийгүй  уул уурхайн үйл ажиллагаанаас нутгийн байгаль орчинд үзүүлсэн хор хохирлыг үүрч байгаа явдал юм.
  5. Статистик мэдээллээр ядуурлын түвшин 2010 онд 38.7 хувьд хүрч хамгийн өндөр байсан ба жил тутамд буурч 2012 оны эцсийн дүнгээр 27.4 хувь болсон. Үүнээс хөдөөд 35.5 хувь хот, суурин газарт 23.2 хувьтай байна. Ядууралд өртөж байгаа хүн амын нөхцөл байдал ялгаатай байна. Жишээлбэл, хөдөөд эрэгтэйчүүд, хот суурин газар эмэгтэйчүүд илүү ядууралд өртөж, өрхийн тэргүүн нь боловсрол муутай өрхийн 48 хувь нь ядуу байна.

10. Өрх толгойлсон хүний тоо 107.2 мянга болж 2004 онтой харьцуулахад 22.9 мянгаар нэмэгдсэн. Үүнээс эмэгтэйчүүд толгойлсон өрх 76.2 хувийг эзэлж байна. 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 39.9 мянга байна. 8 ба түүнээс дээш ам бүлтэй өрхийн 60 гаруй хувь нь ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй  байна.

11. 2013 оны цагдаагийн статистик мэдээллээс авч үзвэл гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 623 бүртгэгдсэний 54.8 хувь нь хотод, 45.2 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна.

I ХЭСЭГ

1.1 Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах аливаа үйлдлийг хориглосон хууль тогтоомж, түүний дагуу авсан арга хэмжээ

(Конвенцийн 2,3-р зүйл)

12. Монгол улс эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг буруушаан, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзлийг устгах Конвенцийн заалтыг үндэсний бодлого, хууль тогтоомж, хөтөлбөртөө тусган, хэрэгжүүлж ирсэн.

13. 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуульд “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй”, “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” (14.2), “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. (11), “Хүн бүр эрх зүйн этгээд байна”, “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” (14.1), Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ, Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж тус тус заасан.

14. Монгол Улсын Их хурлаас 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг эрх зүйн хүрээнд улам баталгаажуулж, эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хангах хууль, эрх зүйн орчинг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэхэд томоохон ахиц болсон.

15. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай(2011), Гэр бүлийн тухай (1999), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай (2004), Хүн худалдаалахтай тэмцэх тухай (2012) хуулиудаар хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хангаж баталгаажуулан, төрийн бүх шатны байгууллагууд, аж ахуйн нэгж болон бусад холбогдох талуудын бүрэн эрх, үүргийг нарийвчлан тусгасанаараа чухал ач холбогдолтой хууль болж байна.

16. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилго бүхий Монгол улсын Засгийн газрын дунд хугацааны стратегийг (2013-2016) 2013 оны 1 дүгээр сард баталсан. Тус стратегид салбаруудын бодлогыг жендэрийн мэдрэмжтэй болгох, хуулийг хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилтыг тодорхойлсон. Монгол улс анх удаа хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын стратеги баталсан нь тус хуулийг хэрэгжүүлэхэд салбар дундын шинж чанартай олон зохицуулалтууд шаардлагатай болсонтой холбоотой.

17. Дээрх стратегид бүх шатны бодлого төлөвлөлт, үйл ажиллагааг жендэрийн статистик, дүн шинжилгээнд тулгуурлан хийхээр заасан бөгөөд салбар бүрээр жендэрийн мэдээллийн санг бүрдүүлэн, статистик мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх арга зүйг нэвтрүүлэх ажлыг хийхийг төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн засаг захиргаанд үүрэг болгосон.

18. Үүнтэй уялдуулан Үндэсний статистикийн хорооноос (ҮСХ) 2013 оны 9 сард  Монгол улсын жендэрийн статистикийн суурь үзүүлэлтүүд, түүний хүрээг баталсан. ҮСХ нь Жендэрийн статистикийн суурь үзүүлэлтүүдийг тооцох аргачлалыг боловсруулах, салбарын яамдыг жендэрийн статистик мэдээллийн сантай холбох ажлыг хийж байна. Үндэсний хэмжээнд жендэрийн асуудлаар хүйсээр ангилсан тоон мэдээллийн сан бүрдүүлэх нь Конвенцийн хэрэгжилтийг хянах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын үйл явцыг үнэлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэн цаг хугацааны өөрчлөлийг хариуулах боломжтой “Жендэрийн мэдээлэл” гэсэн нэртэй статистикийн эмхтгэлийг гаргахаар бэлтгээд байна. ҮСХ нь 2013 оноос орон тооны жендэрийн мэргэжилтэнг ажиллуулсан нь Монгол улсад жендэрийн статистикийг хөгжүүлэх, түгээхэд чухал  нөлөө үзүүлж байна.

19.  Жендэрийн Үндэсний Хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, ҮСХ, Хүний эрхийн Үндэсний комисс, Цагдаагийн байгууллага, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хяналт, шалгалт, үнэлгээний газруудтай Жендэрийн Үндэсний хороотой хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд эмэгтэйчүүд, охидын эрхийг хамгаалах асуудлаар шийдэгдэхэд хүндрэлтэй байсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэж байна.

20. Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газар, Хууль зүйн яам 2013 онд Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг батлахад голлох үүрэгтэй оролцож, хэрэгжүүлэх үүрэг бүхий Тахарын албыг тусгайлан байгуулахад нөлөөлж ажилласан нь хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийг хамгаалахад гэрч хохирогчийн эрх зөрчигддөг шалтгаанаар хэрэг илрэхгүй байх, хохирогч хэргийн талаарх гомдлоо буцаан татах зэрэг саад бэрхшээлүүд тулгарч байсантай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд чухал нөлөөлөл үзүүлэх боллоо.

21. Цагдаагийн мэдээлэл судалгааны төвөөс улирал тутамд гэмт хэрэг тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогч нь хэн болох, хаана үйлдэгдсэн, хүчирхийллийн хэлбэрээр нь үндэсний хэмжээнд нэгтгэн ЖҮХ-нд тогтмол тайлагнаж, цагдаагийн мэдээллийн санд нэгтгэж байна.

22. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комисст (ХЭҮК) уг хуулийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар хоёр жил тутамд УИХ-д тайлагнах, жендэрийн ялгаварлан гадуурхалтын асуудлаарх гомдол хүлээн авах, шийдвэрлэх мандатыг олгосон. ХЭҮК нь хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, хөхүлэн дэмжих хуулиар олгосон чиг үүргийнхээ хүрээнд Конвенцийн хэрэгжилтийг хянахад анхааран ажилладаг. ХЭҮК нь жил бүр Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлдэг. Хэлэлцүүлгийн дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор баталгаажуулан, илтгэлтэй холбоотой асуудлаар авах арга хэмжээг үүрэгжүүлэн албажуулдаг. ХЭҮК нь 2013 онд танилцуулсан 13 дахь илтгэлдээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчин нь хохирогчийн бодит хамгаалал болж чадахгүй байгаа асуудлыг гаргаж тавьсан. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг шуурхай, үр дүнтэй хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчидэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог оновчтой болгох шаардлагад нийцүүлэх зөвлөмж гаргасан нь хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд нөлөөллийн үндэслэл болж ашиглагдаж байна.

23. ХЭҮК нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдснаас хойш жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлийн асуудлаар 2011 онд 5, 2012 онд 9, 2013 онд 16, 2014 оны 6 сарын байдлаар 9 гомдол нийт 39 гомдол хүлээн авсан. ХЭҮК нь гомдолыг хүлээн авч хохирогчийн эрх, ашгийг шүүхэд төлөөлөн нэхэмжлэх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцуулах, хохирогчийн эрхийг сэргээлгэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүргүүлдэг.

24. ХЭҮК нь ял эдлэж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилгоор хүн амины гэмт хэрэгт ял шийтгүүлсэн гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, шүүхийн тогтоолд дүн шинжилгээ хийсэн. Дүн шинжилгээгээр шүүх ял эдэлж буй эмэгтэйчүүдийн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шийдвэрлэхгүй орхисонг тогтоож, эрх зүйн зохицуулалт хийх санал дэвшүүлсэн. Ял эдлэж байгаа эмэгтэйчүүдийн олонх нь гэр бүлийн хүчирхийлэлд олон жил өртсөн байдаг.

25. ХЭҮК-оос 2014 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11-р зүйлд заасан хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгаа хэрхэн хангагдаж байгаа байдлыг хянах үүднээс 24 байгууллага, 514 хүнийг хамруулсан бие даасан судалгаа хийсэн. Судалгаагаар ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн хохирогч гомдлоо шийдвэрлүүлж чадахгүй байгаа төдийгүй хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажил олгогчдын хуулийн мэдлэг, мэдээлэл дутмаг, энэ талаарх ажил олгогчийн үүргийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой тусгаагүй, ялангуяа ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, бэлгийн дарамт үзүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох механизм тодорхой бус байгааг илрүүлсэн байна. Үүнийг ХЭҮК хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 2014 оны 13 дахь илтгэлдээ тусган УИХ-д шийдвэр гаргуулахаар өргөн бариад байгаа нь энэ онд УИХ-аар хэлэлцэхээр бэлгэж байгаа Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд чухал нөлөө үзүүлэх боломжийг бүрдүүлж байна.

26. 2005 онд Үндэсний хэмжээний жендэрийн бодлогыг уялдуулан зохицуулах зорилгоор Монгол улсын Ерөнхий сайдаар даргалуулсан Жендэрийн Үндэсний Хороог байгуулж, түүний ажлын албыг шинээр бий болгосон нь эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, зөвлөлдөх, хяналт тавьж ажиллах үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болж байна.

27. Жендэрийн Үндэсний хороо нь орон тооны бус 25 гишүүдтэй, аймаг нийслэлд 22 салбар хороотой, яам, дүүрэгт 25 салбар зөвлөлтэй, бие даасан ажлын албатай. Ажлын алба нь 8 хүний бүрэлдэхүүнтэй. Тус хороо 2005-2009 онуудад жендэрийн бодлого, үзэл баримтлалыг салбарын яамд болон орон нутгийн үйл ажиллагаанд төлөвшүүлэх, улмаар дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудын туршлага судалж, түүнийг иргэд, төр, олон нийтэд хүргэх мэдээллийн сантай болоход ажилаа хандуулж ирсэн. 2011 оноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдснаар тус хорооны чиг үүрэг тодорхой болж, хуулийг хэрэгжүүлэх салбар дундын зохицуулалтуудыг хийх, үндэсний жендэрийн бодлогыг тодорхойлох, эрх зүйн орчинг боловсронгуй болгоход үйл ажиллагаа чиглүүлж байна. Жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор www.gender.gov.mn вэбсайт-ыг ажиллуулж байна.

28. Жендэрийн үндэсний хороо нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах зорилгоор ажлын албаны дэргэд Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Жендэрийн консорциум, Хэвлэл мэдээллийн болон Иргэний нийгмийн зөвшилцөх зөвлөлүүдийг байгуулан ажиллаж байна.

29. Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг нь (National Gender Experts` Group) Монгол улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад гарч буй хүндрэл бэрхшээлийг судлан шинжилж, жендэрийн аудит хийж, бодлогын зөвлөмж гаргах эрх бүхий, жендэрийн эрх тэгш байдлын болон хүний эрхийн асуудлаар мэргэшсэн шинжээчдээс бүрддэг.

30. Жендэрийн консорциум нь жендэрийн боловсролыг дэмжих, жендэрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой эрдэмтэд, их дээд сургуулийн багш, судлаачдын сайн дурын бүлэг юм. Тус консорциум нь Жендэрийн үндэсний хороотой хамтран их дээд сургуулийн оюутангуудын дунд жил бүр жендэрийн асуудлаар эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулдаг ба бүх шатны сургалтын хөтөлбөрийг жендэрийн мэдрэмжтэй болгох бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

31. Монгол улсад эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөө ажилладаг эмэгтэйчүүдийн хөдөлгөөн нь хүчтэйд тооцогддог. Монгол улсад эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах үйлст Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын оруулсан хувь нэмэр, нөлөө томоохон байр суурийг эзэлдэг.

32. Түүнчлэн жендэрийн талаарх олон нийтийн ойлголт, стереотипийг өөрчлөх, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худлдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, жендэрийн бодлогыг хэрэгжүүлэх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, болон бусад хамтын ажиллагааны нийгэмлэг, төрөлжсөн байгууллагууд ихээхэн хувь нэмэр оруулж байна.

33. Монголд жендэрт суурилсан хүчирхийллийн дараах хэлбэрүүд илүү түгээмэл байна. Үүнд: гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэг, ажын байран дахь бэлгийн дарамт болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах тухай заалт байдаг ч хэрэгжүүлэх механизм байхгүй, үйл ажиллагааны зардал төсөвт суугаагүйн улмаас бодит амьдралд хохирогчийг хамгаалах хамгаалалт болж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарсаар байна.

34. Сүүлийн 3 жилд 49 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдаж, 1180 хүн гэмтсэн мэдээлэл байгаа бөгөөд хохирогчдын 86.6 хувь нь эмэгтэйчүүд байжээ. (Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн мэдээлэл) Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдсэний дотор хүчиндэх гэмт хэрэг 3.8 хувийг эзэлж байна. Хүчингийн гэмт хэргийн хохирогч 72 хүүхдийн 33 хувь нь хойд эцэгтээ, 59 хувь нь ах дүү, хамаатан садандаа, 8 хувь нь танихгүй хүнд хүчиндүүлсэн байна. (Нэг цэгийн үйлчилгээнүүдийн мэдээ, 2010.1.012011.5.25) Гэвч өнөөгийн байдлаар ураг төрлийн хүчингийн гэмт хэргийг бусад нөхцөлд үйлдэгдсэн хүчингийн гэмт хэрэгтэй адилтган шийдвэрлэж байгаагаас ихэнх хэрэг “нотлогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсоор байгаад  анхаарал хандуулж ажиллаж байна.

35. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Хууль зүйн яам ажлын хэсэг байгуулан төрийн бус байгуулагуудын оролцоотойгоор “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Мөн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, шуурхай үйлчилгээ үзүүлэх, хүүхдийн эрх, хамгааллыг сайжруулах зорилгоор 1222, Хүүхдийн утас-108 тусгай дугааруудыг 24 цагаар ажиллуулж байна.

36. Нийгмийн халамжийн сангаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байранд байх хугацааны зардлыг хариуцаж байгаа ба хамгаалах байранд тавигдах стандартыг баталсан. Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ноогдох хувьсах зардал 2010 онд 9000 төгрөг байсан бол 2014 онд 19.150 төгрөг болж өсгөсөн. Хохирогчид үйлчилгээ үзүүлэх эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээний 3 төвийг Улаанбаатар хотод байгуулсан. Засгийн газар хөрөнгө санхүүжилтийн хязгаарлагдмал байдлаараас шалтгаалан УБ хотод байрладаг нэг л хамгаалах байрны зардлыг хариуцан ажиллаж байна. Цаашид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хамгаалах байрууд болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд төсвөөс санхүүжилт олгоход анхааран ажиллах шаардлага Засгийн газрын өмнө тулгарч байна.

37. 2004-2007 онд шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн заалтыг хэрэглэж 41 шийдвэр гаргасан. Гэхдээ шүүхийн шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх процедур хуульчлагдаагүй, хэрэгжүүлэх механизм байхгүйгээс шүүхийн шийдвэр хэрэгжих ямар ч боломжгүй байна. Нэг тохиолдлыг дурьдахад “2012 оны 4-р сарын 5–ны өдөр 22 настай эмэгтэй Г нөхөртөө 12 удаа хутгалуулж нас барсан. Тэрээр гэрлэсэн цагаасаа эхлэн нөхрийнхөө байнгын дарамт, хүчирхийлэл дор амьдарч байсан бөгөөд хүчирхийлэл дарамтаас салахын тулд олон байгууллагаар явсны эцэст хуулийн хамгаалалт авч чадалгүй амиа алдсан. Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хууль үйлчилж байгаа боловч энэ эмэгтэйг хамгаалж чадаагүй. Энэ эмэгтэйн амь насаа алдахад хуулийн цоорхой, хуульчид, мэргэжилтнүүдийн мэдрэмжгүй хандлага нөлөөлсөн” гэж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг байгууллагууд үзсэн. (Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ мэдээлэл, 2014 он) Иймд Засгийн газраас Гэр бүлийн хүчирхийллэлтэй тэцэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход илүү анхаарч, бодлогын түвшинд хамтран ажиллаж байна.

1.2 Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх

(Конвенцийн 5-р зүйл)

38. Засгийн газар Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийг дорд үзэх, ялгаварлах хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор олон нийтэд зориулсан ухуулга сурталчилгааг өрнүүлэх, түүндээ хэвлэл мэдээллийг татан оролцуулахад анхааран ажиллаж байна. Тухайлбал, ЖҮХ нь дэргэдээ хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн “Хэвлэл мэдээллийн зөвлөл” байгуулан, төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “Глоб Интернэйшл” ТББ-тай хамтран “Хэвлэл мэдээллийн салбар дахь жендэрийн шалгуур үзүүлэлтүүд” бүхий гарын авлагыг хэвлэж олон нийтийн телевиз, өдөр тутмын сонингуудын үйл ажиллагаанд туршиж эхлээд байна.

39. Засгийн газраас жил бүр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх 7 хоногийн аянг бүх нийтийн дунд тогтмол зохион байгуулж ирсэн. Энэхүү үйл ажиллагаанд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр байнга дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг.

40. Гэр бүлийн болон эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд эрэгтэйчүүдийн оролцоог хангах асуудлыг хөндөн тавьж 2013 онд МУ-ын Ерөнхий сайдын ивээл дор Жендэрийн үндэсний хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтран “Эрэгтэйчүүд-хөгжилд” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах асуудлуудаар хэлэлцүүлэг явуулсан.

41. 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэй хүн ажиллахыг  хориглосон ажил, хөдөлмөрийн жагсаалтыг оруулан 1999-2008 оны хооронд мөрдөж байсныг олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүнд 2008 онд цуцалсан. Энэ жагсаалт нь “эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх учраас тэдий эрүүл мэндийг анхаарч хөнгөн ажил хийлгэх ёстой” гэсэн хэвшмэл ойлголтыг улам бататгахад нөлөөлж байсан төдийгүй цалин өндөртэй уул уурхайн салбарт эмэгтэйчүүд ажиллах боломжийг хаахад нөлөөлж байсан юм.

42. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Гэр бүлийн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуулиудад үр хүүхдээ төрүүлэх, өсгөх нь эмэгтэй хүнийг үүрэг, хариуцлага гэсэн хэвшмэл ойлголтонд тулгуурласан хуулийн заалтууд байдаг. Тиймээс дээрх хуулиудыг шинэчлэн боловсруулж байгаа ба эцэг, эхийн үүрэг хариуцлагын тэгш байдлын зарчимд нийцүүлэн өөрчлөхөөр ажиллаж байна.

43. Боловсролын яам бүх шатны боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт хүний эрх, жендэрийн талаар ойлголт, мэдлэг олгох зорилгын дагуу 2014 оны 5 сараас их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт жендэрийн хичээлийг сонгох, шалгалт авч кредит цагаар тооцдог системтэй болсон.

44. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүргийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, ялангуяа эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах явдлыг арилгах зорилгоор дурьдсан үйл ажиллагаануудыг хийж байгаа хэдий ч бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаагаа дахин нарийвчлан боловсруулах, тухайн асуудлаар мэргэшсэн шинжээчид, байгууллагуудыг бодлогын түвшинд дэмжих, судалгаа, үнэлгээг үргэлжлүүлэн хийх, төсөв, санхжүүжилтийг нэмэгдүүлэх, соёлын бодлогыг тодорхойлох  шаардлага байсаар байна.

1.3 Эмэгтэйчүүд, хүүхдийг худалдах, биеийг нь үнэлүүлэн ашиглах бүх хэлбэрийг таслан зогсооход авсан арга хэмжээ

(Конвенцийн 5-р зүйл)

45. Монгол улсын Засгийн газар 2005 онд Хүн худалдаалах, хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн  мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөрийг батлан, улмаар 2012 онд эмэгтэйчүүд, хүүхдийг худалдаалах, биеийг нь үнэлүүлэн ашиглах бүх хэлбэрийг таслан зогсооход чухал ач холбогдолтой Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг Улсын Их Хурал баталсан ба Паломорын протоколд 2008 онд нэгдэн орсон.

  1. Стандартчиллын үндэсний зөвлөлийн 58 дугаар тогтоолоор 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын стандарт “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үзүүлэх нийгмийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага”-ыг баталсан бөгөөд энэхүү стандартын зорилго нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчидод үзүүлэх  олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, уг үйлчилгээний орчныг тодорхойлох, улмаар тус үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд оршсон. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2013 оны А/93 тоот тушаалаар “Хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн хохирогчийг хамгаалах, халамжийн цогц үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ”-ний журам батлан хэрэгжүүлж байна.

47. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээллээр 2006-2013 онд буюу сүүлийн 8 жилд Хүн худалдаалах гэмт хэргийн 226 хохирогчтой 95 хэрэг бүртгэгдсэн байдаг. Хүйсийн тэгш эрхийн төв ТББ-ын мэдээллээр 2003-2014 онд буюу сүүлийн 12 жилийн байдлаар 554 хүн хүн худалдаалах хэргийн хохирогчоор тогтоогдсон байна. Хэргийн илрүүлэлт болон шүүхээр шийдвэрлэсэн байдалд нэлээд ахиц дэвшил гарч байгаа ч хүн худалдаалах гэмт хэрэг нь нууц далд, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан шинж чанартай байгаа тул бүрэн зөв тоон мэдээлэл гаргах явдал хүндрэлтэй хэвээр байсаар байна. Зарим амжилттай шийдэгдсэн кейсийг дурьдахад: “2009 онд Жижигээ хочит П болон нэр бүхий хүмүүс олон охидыг хулгайлах, дарамтлах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар өөрийн гэр орон болон зочид буудлын өрөөг түрээслэн биеийг нь үнэлүүлж байсныг илрүүлэн 4 хүнийг хуулийн дагуу шийтгэсэн” гэсэн мэдээллийг тус ТТБ-аас ирүүлсэн.

48. Засгийн газар эмэгтэйчүүд, хүүхдийг хил дамжуулан худалдаалах, биеийг нь үнэлүүлэн ашиглах бүх хэлбэрийг таслан зогсоох асуудлаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хохирогчийг хамгаалах тогтолцоог чадавхижуулахад анхааран ажиллаж байна.

49. Түүнчлэн төрөөс иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр улс орны хэмжээнд хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах, олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг өрнүүлж ажилласан.

50. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу Хууль зүйн яамны дэргэд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий дэд зөвлөл ажиллаж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн мөрдөн байцаах газарт “Хүн худалдаалахтай тэмцэх тасаг” байгуулсан.

51. Арван жилийн өмнө хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр цөөн тооны төрийн бус байгууллагууд ажиллаж байсан бол өнөөгийн байдлаар 30 гаруй төрийн болон төрийн бус байгууллага, 12 хандивлагчид ажиллаж байна. Эдгээрээс 2 байгууллага хохирогчийг хамгаалах үйлчилгээг, 5 байгууллага хуулийн зөвлөгөө, 10 орчим байгууллага сургалт явуулж, чадавхи бэхжүүлэх үйлчилгээг үзүүлж байна.

52. Монгол улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Тагнуулын Ерөнхий газар, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ 2014 оны эхний хагас жилийн байдлаар гадаадад гэр бүлийн хүчирхийлэл болон хүний наймааны хохирогч болсон 36 эмэгтэйчүүдийг эх оронд нь буцаан авчирсан ба санхүүжилтийг иргэдэд туслах сангаас гаргасан байна. Энэхүү сангийн төсөв нь 2013 онд 280 сая төгрөг байсан бол 2014 онд 224 сая төгрөгөөр батлагдсан байна.

53. Мөн Хууль зүйн яамнаас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар цагдаагийн байгууллагын ажилтангуудыг үе шаттай сургалтанд хамруулж байгаа ба  “Хүн худалдаалах гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга зам” судалгааг эхлүүлээд байна.

54. Монгол улсын Засгийн газар 2010 онд БНХАУ-ын Макаогийн Засаг захиргааны онцгой бүсийн Засгийн газар хооронд “Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах” хэлэлцээрийг байгуулсан. Ингэснээр хүн худалдаалах гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцох механизм бүрдэж байна. Түүнчлэн ОХУ, БНХАУ, БНСА, БНКаУ, БНТУ-уудтай консулын зөвлөлдөх уулзалтуудыг 2011 оноос жил бүр зохион байгуулж, уулзалтын үеэр хүн худалдаалах болон мансуурах бодис зөөвөрлөх зохион байгуулалттай гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл солилцон цагдаа, тагнуулын  байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан, гэрээний хүрээн дэх үүргийн биелэлтээ дүгнэх зэргээр санал солилцон ажиллаж байна.

55. Үндэсний ТББ-ууд сүүлийн 10 жилд олон улсын байгууллагуудтай хамтран хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг улам эрчимжүүлж байна. Жишээлбэл, Хүйсийн тэгш эрхийн төв ТББ 2006 оноос АНУ-ын Азийн сан байгууллагын дэмжлэгтэйгээр 1903 дугаартай итгэлийн утсыг ажиллуулж хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна дотоодод болон хил дамжуулан хүн худалдаалсан гэмт хэргийг хууль сахиулах байгууллагад мэдээлэхэд нь туслалцаа үзүүлдэг. Хүний аюулгүй байдлын судалгааны төв ТББ нь Монгол улс дахь Щвейцарийн хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр  Хүйсийн тэгш эрхийн төвийн дэргэд Улаанбаатар, Замын–үүд хилийн боомтод хүний наймаанаас хохирсон иргэдийг хамгаалах байрыг шинээр байгуулан тэдэнд сэтгэл зүйн засал хийх, нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус байгууллага нь Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг боловсруулахад оролцсон нь төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны сайн жишээний нэг болсон.

56. Хүний наймааны хохирогч болсон иргэдийн, ядуу нөхцөл байдалтай ар гэрийн амьдралд туслах болон хохирогчдод эрх зүйн туслалцаа үзүүлэх өмгөөллийн үйлчилгээнд төрөөс сүүлийн жилд 7.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

II ХЭСЭГ

2.1 Улс төр, нийгмийн амьдралд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэгш оролцох боломжийг хангасан байдал

(Конвенцийн 7, 8-р зүйл)

57. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулиар улс төр, нийгмийн амьдралд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглосон.

58. Монгол улс нь парламентийн засаглалтай ардчилсан улс бөгөөд төрийн албанд сонгох, сонгогдох эрх хүн бүрийн өмнө нээлттэй ба шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, нам, олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.

59. Өнгөрсөн 10 жилд эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралд оролцох оролцоо сайжирсан хэдий ч, шийдвэр гаргах, удирдах албан тушаалд тэдний эзлэх хувь бага байсаар байна. Монгол улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшин дэх оролцоог 2015 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. (МХЗ-3) Энэ зорилтын хүрээнд 2011 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 27.2-т “Нам эвслээс нэр дэвшиж байгаа хүний 20-оос доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна.” гэж зааснаар 2012 оны УИХ-ын сонгуульд өмнөх сонгуулийн жилтэй харьцуулахад нэг дахин олон буюу нийт нэр дэвшигчдийн 32.0 хувь нь эмэгтэйчүүд байсан ба тус сонгуулийн үр дүнд УИХ дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 14.47 хувьтай байна.

60.  2012-2016 оны УИХ-д 76 гишүүнээс 11 эмэгтэй гишүүн сонгогдоход 2012 оны УИХ-ын сонгуулийн хуулийн шинэчлэл тодорхой хувь нэр оруулсан гэж үзэж байгаа. УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдснээр эмэгтэй гишүүд бүлэг байгуулан ажиллаж байна.

Зураг 1. УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь

Сонгуулийн жилээр

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо, 2012 он

61. Дээрх үр дүнд хүрэхэд иргэний нийгмийн байгууллага, ялангуяа эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын 20 гаруй жилийн тууштай үйл ажиллагаа чухал нөлөө үзүүлсэн. Мөн Жендэрийн эрх тэгш байдлын хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангахын тулд 2005 оноос Жендэрийн үндэсний хороог байгуулан жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн үр дүн гэж үзэж болно.

62. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад нилээд хүндрэл бэрхшээл оршсоор байна. Хамгийн бэрхшээлтэй асуудалд улс төрийн намууд мөнгө, санхүүгийн нөлөөлөлд автсан, дотоод ардчилал сул, гишүүдийн оролцоо хангалтгүй хэвлэл мэдээлэл нээлттэй, ил тод бус байдал орж байна. Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхдаг олон нийтийн хандлага, соёл, уламжлал хэвээр хадгалагдаж байгааг эмэгтэйчүүдийн ТББ-аас хийсэн судалгааны тоо, баримт харуулж байна.

63. Аймаг нийслэл, сум дүүрэг, ба, хорооны шийдвэр гаргах удирдлагын түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх хувь бага байна. Тиймээс Засгийн газраас орон нутгийн Иргэдийн хуралд сууж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах ажилд илүү анхаарч байна. Цаашид Орон нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох эмэгтэйчүүдийн суудлын тоог заасан квот тогтоох, аймаг, нийслэлийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг 40 хувьд хүргэхийг зорилго болон ажиллаж байна.

Зураг 2. Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон эмэгтэйчүүдийн эзлэх хувь, 2004,2008,2012 оны сонгуулийн жилээр

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо, 2012 он

64. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн удирдлагын байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөллийг бүх түвшинд 15-40 хувь доошгүй байхаар  тогтоосон. Төрийн захиргаанд нийт 17.9 мянган албан хаагчид ажиллаж байгаагийн 57.4 хувь нь эмэгтэй байна. Тэдгээрээс тэргүүн түшмэлийн 27.6 хувь нь эмэгтэй  байна.

65. 2014 оны байдлаар Засгийн газрын танхимд сайдаар 3, дэд сайдаар 2 эмэгтэй ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга нарын 81.0 хувь нь эрэгтэй, 19.0 хувь нь (3) эмэгтэй байна. Яамдын удирдах албан тушаалтанд сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газар, хэлтсийн дарга нарын 74.0 хувь нь эрэгтэйчүүд, 26.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг даргаар нэг ч эмэгтэй сонгогдож, томилогдоогүй.

66. Монгол улс дэлхийн 173 улстай дипломат харилцаатай бөгөөд 32 улсад элчин сайдын яам 2 байнгын төлөөлөгчийн газар, 9 Ерөнхий консулын газар, 3 консулын газар тус тус ажиллуулж байна. Монгол улсаас хилийн чанадад ажиллаж буй 32 элчин сайдаас 4 эмэгтэй байна.

67. Монгол улсын Засгийн газрын гишүүн, УИХ гишүүн, Байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун НҮБ-ын байгаль орчны асуудлаарх хорооны ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэн монгол улсаас НҮБ-ын өндөр албан тушаалд эмэгтэй хүн сонгогдлоо.

68. Монгол улсад нийт 458 шүүгч ажиллаж байгаагийн 65.9 хувь нь эмэгтэй шүүгч байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүний 2 нь эмэгтэй байна. Дээд шүүхийн 25 шүүгчийн 12 нь эмэгтэй байна. Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгчээр эмэгтэй хүн ажиллаж байна.

2.2 Эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдэд иргэний харъяаллын  тухайд тэгш эрх олгосон байдал (Конвенцийн 9-р зүйл)

69. Монгол улсын Үндсэн хуулиар (15.1) иргэний харъяалал хийгээд харъяат болох, харъяатаас гарах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтооно гэж заасан. Монгол улсын иргэнийг хаъяатаас хасах, эх орноосоо хөөх, өөр улсад шилжүүлэн өгөхийг хориглодог.

70. Сүүлийн жилүүдэд монгол улсын иргэд гадаадын иргэдтэй гэрлэх байдал нэмэгдэх хандлагатай болж байна. Гадаадын иргэнтэй гэр бүл болж буй хүний 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнтэй холбоотой гэрлэгсдийн гэрээ, гэр бүлийн өмчлөл, хүүхдийн иргэний харъяаллын асуудал үүсэн гарч ирж байна.

71. Төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаагаар “Гэр бүл зуучлал” нэрийдлээр охид, эмэгтэйчүүдийг гадаадын иргэнтэй тодорхой төлбөртэйгээр гэрлүүлэх үйл ажиллагаа явагдах болсон. Тэдний олонх нь хүчирхийлэл дарамтанд өртөж, боолчлолын байдалд орон, эрх нь зөрчигдөж хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр байгааг харуулсан байдаг. Одоогоор манай улсад гэр бүл зуучлалын үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй байна.

III ХЭСЭГ

3.1 Боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлын хэрэгжилт

(Конвенцийн 10-р зүйл)

72. Монгол улсын Үндсэн хуульд “Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно” гэж заасан (16.1.7). Мөн Боловсролын тухай багц хуульд (2002), Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд (2011) “Монгол улсад охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэйчүүд нь бага боловсрол, бүрэн дунд, дээд, тусгай мэргэжлийн болон шинжлэх ухаан, технологийн гэх зэргээр бүхий л салбарт боловсролыг тэгш хүртэх эрхтэй”-г заасан. Засгийн газраас Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, МХЗ-уудыг (2005) боловсруулан ажиллаж байна.

73. Монгол улсын хүн ам бичиг үсгийн мэдлэгээрээ харьцангуй өндөр гэж ЮНЕСКО-ийн илтгэлүүдэд тусгасан байдаг. Статистик мэдээллээр 10-аас дээш насны нийт хүн амын 95.4 хувь нь бичиг үсгийн мэдлэгтэй ба эмэгтэйчүүдийн 95.5 хувь, эрэгтэйчүүдийн 95.3 хувь нь бичиг үсэгт тайлагдсан байна.

74. Монгол улсад хүн бүр боловсрох эрхтэй гэж заасан хэдий ч амьдралын нөхцөл, эрүүл мэндийн байдлаас хамаарч зорилтот бүлгийн, ялангуяа өсвөр насны залуу эхчүүдэд зориулсан боловсролын хүртээмж хангалттай бус байна. Үүнээс үүдэн Боловсрол шинжлэх ухааны яамны (Цаашид “БШУЯ” гэнэ.) дэргэд насан туршийн боловсролын төвийг байгуулан ажиллаж байгаа нь цаашид эмэгтэйчүүдийн насан туршийн боловсролыг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

75. Бүх шатны сургалтын байгууллагыг төгсөгчдийн 59.8 хувь нь ерөнхий боловсролын сургууль, 15.5 хувь нь мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, 24.7 хувь нь их, дээд сургууль, коллеж төгсөгчид байна. Дээд боловсролын сургалтын байгууллагад 174.0 мянган оюутан суралцаж байгаагийн 58.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Боловсрол эзэмшиж байгаа хүйсийн харьцаа бага боловсролд 1.0, ерөнхий боловсролд 1.2, дээд боловсролд 1.4 байна. Боловсролын салбарын ажиллагсад, бүх шатны сургалтын байгууллагад суралцагсдын талаарх статистик мэдээлэл нь хүйсээр ангилан гардаг. Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын 78 хувь эмэгтэйчүүд байна.

Зураг 3. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид

хүйс, боловсролын зэргээр

76. Эрэгтэйчүүд давамгайлсан уул уурхай, барилгын салбарт эмэгтэй хүн боловсрол олж авах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Монгол дахь  мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 57 төвөөс барилгын чиглэлээр нийт мэргэжил эзэмшиж, төгсөгчдийн 21 хувь нь эмэгтэйчүүд байна. Ихэнх эмэгтэйчүүд ирээдүйд цалин бага байх магадлалтай “уламжлалт“ салбарт мэргэжил эзэмшсэн хэвээр байгаа юм.

3.2 Хөдөлмөр эрхлэлтийн салбар дахь жендэрийн тэгш байдлын хэрэгжилт

(Конвенцийн 11-р зүйл)

77. Монгол улс ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд ялгаварлахгүй байх зарчмыг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Тухайлбал, Монгол улсын Үндсэн хуульд (1992) “Хүн бүр ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй” гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтыг биелүүлж, иргэн бүрт хөдөлмөр эрхлэн амьдрах бүх талын нөхцөл бололцоог хангахад төрийн бодлого гарган, тодорхой хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байна.

Хөдөлмөрийн тухай хуульд (1999) эрэгтэй, эмэгтэй хүний хөдөлмөрийн харилцаан дахь тэгш эрхийн зохицуулалтыг  хуульчилсан бөгөөд 7-р зүйлд аливаа ялгаварлал, хязгаарлалт, давуу байдал тогтоож болохгүйг заасан. Хуулийн хэрэгжилтийг хангах холбогдох заалтуудыг зөрчсөн тохиолдолд хянан шалгах, илрүүлэх, зөрчлийг арилгах ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллагын хөдөлмөрийн байцаагч гүйцэтгэдэг.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуульд (2001) хөдөлмөр эрхлэлтийн талаарх төрийн бодлого, баримтлах зарчим, санхүүжүүлэх эх үүсвэр тодорхой болж, ажилгүйдлийг бууруулахад ач холбогдол өгсөн. Тус хуульд 16 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 45-наас дээш насны ажилгүй болон ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг 6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулж байгаа ажил олгогч тухайн ажилтанд олгосон цалингийн 60 хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас буцаан олгохоор заасан.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар (2008)хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зохистой нөхцөл бүрдүүлэх, хяналт тавих асуудлыг зохицуулсан. Уг асуудлыг эрхэлсэн эрүүл ахуйн болон хөдөлмөрийн хяналтын мэргэжлийн алба ажилладаг ба үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөл, түүний үнэлгээг хийж байна. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах Үндэсний хөтөлбөрт (2005-2010) хуулийн хүрээнд хэрэгждэг.

Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах тухай хууль (2011) нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн үндсийг тодорхойлсон. Хуулиар хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдлын баталгааг эрэгтэй эмэгтэй хүйсийн аль нэгэнд давуу эрх олгох, хязгаарлалт тогтоох, мөн жирэмсэн, хүүхэд асарсан болон гэр бүлийн байдлын шалтгаанаар ажлаас халах, ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэхээр зохицуулсан. Уг хуулийг хэрэгжүүлэх салбар хоорондын бодлогыг боловсруулах ажлыг Жендэрийн тэгш байдлын Үндэсний хороо хариуцан, Хүний эрхийн Үндэсний комисс зэрэг байгууллагууд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж  ажилладаг.

Монгол улсын мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль (2009) мэргэжлийн сургалт, техникийн боловсрол олгоход чиглэгдсэн. Энэ хуулийн хүрээнд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд байгуулагдаж, мэргэжилтэй ажилтан бэлтгэх тухай асуудал байгалийн нөөц баялаг, уурхай ашиглалттай холбоотой эрчимтэй яригдаж байна.

Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр (2002-2015) нь хөдөлмөрийн харилцаан дахь хүйсийн ялгаварлыг арилгах, албан бус салбарт ажиллагчдын хөдөлмөрийн эрх зүйн харилцааг сайжруулах, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн харилцааны хэвшмэл хандлагыг өөрчлөх ажлыг бүх шатанд зохион байгуулж ажиллах, үнэлгээгүй хөдөлмөр тэр дундаа хөдөөгийн эмэгтэйчүүдийн ажлын ачааллыг бууруулах зорилтуудыг хөдөлмөр эрхлэлтийн зорилт болгон тавьсан.

Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого (2006) нь албан бус хөдөлмөр эрхлэлтээс албан хэлбэрт шилжих санаачлага үйл ажиллагааг дэмжих зарчимд үндэслэж байна.

78.  Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж үл болох зарчмыг үндэсний хууль, тогтоомжийн хүрээнд хориглож байгаа хэдий ч ялгаварлан гадуурхалтанд өртсөн тохиолдолд гомдлоо хаана гаргах, хэнд ямар хариуцлага хүлээлгэх нь тодорхой бус байгаагаас хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байсаар байна.  Энэ нь ажлын байрны сул орон тооны зар мэдээнээс эхэлж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргасан ажлын байрны талаарх зарыг судлаж үзэхэд ажлын байрны зар тутмын нэг нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байсан бөгөөд 90.7 хувь нь насны хязгаарлалт  тавьсан байна.

79. Хөдөлмөрийн харилцааг зохицуулж буй хууль, бодлого, хөтөлбөрүүдэд хүйсээр ялгаварлан гадуурхах явдлыг хориглосноос гадна тэгш эрхийг баталгаажуулахад чиглэсэн өргөн хүрээний үйл ажиллагааг ажлын байранд авч хэрэгжүүлэхийг шаардсан байдаг. Гэтэл нийгмийн хүрээнд хүмүүс зөвхөн жирэмсэн эсвэл хүүхэд асрах амралттай эмэгтэйг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглодог болохыг л ихэвчлэн мэддэг. Харин олон нийтийн адил чанартай ажилд адил шан хөлс авах, ажлын байранд бэлгийн дарамтанд өртөхгүй байх гэх мэт ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын талаарх ойлголт сул байсаар байна.

80. 2005 онд ХЭҮК-оос хөдөлмөрийн харилцаанд нас, үндэс угсаагаар ялгаварлах хандлага байгааг тэмдэглээд “Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “энэ хууль болон холбогдох хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд хүнийг насаар ялгаварлахыг хориглоно” гэсэн хэсэг, мөн хуулийн 7.2-т заасныг баталгаажуулахын тулд 49.2-т “… эрэгтэй, эмэгтэй ажилтанд гэсний дараа “болон үндэс угсаагаар ялгаварлахгүйгээр…” гэсэн хэсэг нэмж оруулахыг зөвлөсөн боловч энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд тусгагдаагүй хэвээр байна.

81. Монгол улсын Засгийн газар 2005 онд  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн орчныг сайжруулах үндэсний хөтөлбөрийг, 2008 онд Улсын их хурлаас Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг баталсан. 2010 онд  Хөдөлмөрийн хяналтын шинэчлэлийн үндсэн чиглэлийг баталж, хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагаанд нийгмийн түншлэгч байгууллагууд тэгш оролцох эрх зүйн орчин бүрдсэн нь хөдөлмөр эрхлэх тэгш байдлаар хангагдаж байгааг үнэлэх боломжийг олгосон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2006-2010 оны мэдээллээс улсын хэмжээнд жилд дунджаар 420-480 үйлдэрлэлийн осол гарч, түүнд 450-500 хүн өртөж,  тэдгээрийн 15-20 орчим хувь нь нас барж, жилдээ 2000 гаруй хүн мэргэжлээс шалгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, тэтгэвэр тогтоолгодог. Гэхдээ  хөдөлмөрийн чадвараа алдсан хүнийг тоог хүйсээр ангилж гаргаагүй байна.

82. 2013 оны байдлаар 15, түүнээс дээш насны ажиллагчид 1103.6 мянган хүн байгаагийн 47.5 хувь нь эмэгтэйчүүд, 52.5 хувь нь эрэгтэйчүүд байна. Үүнийг 2004 оны мэдээлэлтэй харьцуулахад эмэгтэйчүүд ажиллагсад 3.0 хувиар буурч, эрэгтэй ажиллагсадын тоо 3.0 хувиар өссөн байна. Хөдөө аж ахуйгаас бусад салбарт цалинтай ажил эрхэлж бөйгаа хүн амын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь 47.8 байна. Энэ нь Монгол улс МХЗ-ын хүрээнд дэвшүүлсэн зорилтондоо хүрснийг  харуулж буй үзүүлэлт юм.

83. Хөдөлмөрийн зах зээлд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо тооны хувьд бага зөрүүтэй байдаг ч, ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт дэх хэвтээ болон босоо ялгарал хүчтэй, цалин хөлс нь зөрүүтэй байна. Улсын хэмжээнд эрэгтэйчүүдийн дундаж цалин эмэгтэйчүүдийнхээс 14.3 хувиар илүү байна.[1] Сарын дундаж цалинг (2012 оны байдлаар улсын дундаж сарын цалин 557.6 мянган төгрөг) салбараар харахад хамгийн өндөр цалинг санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа, уул уурхайн салбарт авч байна. Цалин өндөртэй эдгээр салбарт эрэгтэйчүүд давамгай ажилладаг.

84. Хөдөөгийн эмэгтэйчүүдийн үнэлгээгүй хөдөлмөрийн ачаалал их байна. Ажлын нэг өдөрт зарцуулж буй цагийн тархалтаас харахад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5 цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг бол хөдөөгийн эмэгтэйчүүд хотын эмэгтэйчүүд, хот, хөдөөгийн эрэгтэйчүүдээс нэг дахин илүү их цагийг зарцуулж байна.

85. Үндэсний хэмжээнд ажиллах хүчний оролцооны түвшинг 2013 онд 61.9 хувьтай байгаагаас эмэгтэйчүүд 56.3 хувь, эрэгтэйчүүд 68.1 хувь эзэлж байна. Эдийн засаг хямралтай байгаа хэдий ч ажиллах хүчний оролцооны түвшинг сүүлийн 10 жилийн байдлаас харахад нилээд тогтвортой байгаа нь төрөөс хямралыг даван туулах хөтөлбөрүүдийг боловсруулж, ажлын байрыг хадгалах, нэг ажлын байранд богиносгосон цагаар хоёр хүн ажиллуулах, шинээр ажлын байр бий болгохыг урамшуулах зэрэг арга хэмжээнүүдийг авсантай холбоотой.

86. Ажилгүйдэл өнөөг хүртэл тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Ажилгүйдлийн түвшин 7.9 байна. 2004 онд бүртгэлтэй ажилгүй иргэд 35.5 мянга (44.8 хувь нь эрэгтэй, 55.2 хувь нь эмэгтэй) байсан бол 2013 онд 42.7 хувь ( 45.2 хувь нь эрэгтэй, 54.8 хувь нь эмэгтэй)  болж өссөн.

Зураг 4. Ажиллах хүчний оролцоо, ажилгүйдлийн түвшин, хүйсээр, оноор

87. Ажил мэргэжил дэх жендэрийн ялгаварлал буюу цалин өндөртэй салбарт эрэгтэйчүүд илүү, цалин багатай салбаруудад эмэгтэйчүүд илүү олноор  ажилладаг, олон хүүхэд төрүүлсэн зэрэг шалтгаанаар тэтгэвэрт эрэгтэйчүүдтэй харьцуулахад 5-10 жилийн түрүүнд гардаг. Хүүхэд төрүүлж өсгөх, асрах зэргээр ажил, хөдөлмөр эрхлэх хугаанаас хасагддаг мөн ажиллаж байх үедээ ч гэр орны ажлын давхар ачааллыг үүрч байдгаас ажил мэргэжилдээ өсөх, цалин ихтэй өндөр албан тушаалд хүрэх боломж бага байна гэж дүгнэсэн байна.( Зохистой Хөгжлийн Жендэр Төв ТББ, Монгол улсын Хөдөлмөрийн эрх зүйд үл ялгаварлан гадуурхал, жендэрийн тэгш байдлыг  дэмжих нь судалгаа, 2012 он)

88. Эцэг эхэд гэр бүлийн үүргээ хэрэгжүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх, олон нийтийн амьдралд оролцох зэргээр гэр бүл, нийгмийн хүрээнд ажиллах боломж хязгаарлагдмал байна. Ялангуяа цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа болон 2008-2009 оны хичээлийн жилээс дунд боловсролыг 12 жил болгож, 6 настай хүүхдүүд сургуульд сурах болсноор эмэгтэйчүүд хүүхдээ асран халамжлах ажлын ачаалал улам нэмэгдэж байна. Одоо мөрдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар энэ асуудлыг шийдэх зохицуулалт байхгүй байгаагаас ялангуяа хөдөөгийн малчин өрхийн эмэгтэйчүүд мал аж ахуйн ажлаасаа хөндийрөн сумын төвд хүүхэдтэйгээ амьдрах нь нэмэгдэж байна. Засгийн газар хот суурин газруудад ажлын уян хатан цаг, зайнаас ажиллах боломж, хүүхэд асрах байгууллагууд шаардлагатай байгааг анхаарч ажиллаж байна.

89. Хөдөлмөрийн хуулийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт  авах эрх үүсэхийг заасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар (1994) өндөр насны тэтгэвэр авах эрх 20 жилээс доошгүй жил тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэйд нээгддэнэ. Мөн 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэвэрийн даатгалд төлсөн бол 50 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

90. Эмэгтэйчүүдийн ТББ-уудаас эмэгтэйчүүд тэтгэвэрт эрт гарах нь удирдах албан тушаалд ажиллах тэдний боломжийг багасгаж, улс төрийн эрх, чөлөөгөө эдлэхэд нь “шилэн тааз” болж байна гэж үздэг. 2009 оны ажиллах хүчний судалгаанаас үзэхэд 50-иас дээш насны эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн зонхилох шалтгаан нь эрт тэтгэвэрт гарах асуудал байна. Эдгээр эмэгтэйчүүдийн бараг 30 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байгаа нь тэтгэвэрт гарсан нь тэдний сонголт биш байгааг харуулж байна. Тэтгэвэрт эрт гарч байгаа нь орлогын  хэмжээнд нөлөөлж байна.

91. Тэтгэвэрийн доод хэмжээ 2014 оны 6 сарын байдлаар 207.3 мянган төгрөг байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэрийн доод хэмжээ 172.2 мянган төгрөг, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэний дундаж тэтгэвэр 168,0 байна.

92. 2012 оны 9 дүгээр сард Засгийн газраас “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийг батласан нь тэтгэвэрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ болсон. Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн. 1990-2000 оны нийгмийн шилжилтийн явцад ажил олдохгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байснаас орлогогүй, тэтгэврийн даатгалд хамрагдаагүй 494.8 орчим мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ өнгөрсөн онд нөхөн тооцууллаа.

93. Мөн энэ хуулийг дагалдах журамд 2014 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эсхүл олон жил ажилласан нөхцлөөр нас харгалзахгүйгээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцлөөр 1991-1994 онд тэтгэврийн наснаас өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийг хамруулахаар болсон. 1991-1994 онуудад 4 ба түүнээс дээш хүүхэдтэй эхчүүд болон 27 жил ажилласан эмэгтэйчүүдийг нас харгалзахгүйгээр тэтгэвэрт гаргаж байсан. Энэ нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн баримжаатай эдийн засагт шилжих үед олон үйлдвэрүүд хаалгаа барьж, иргэд олноороо ажилгүй болж байсантай холбоотойгоор ажлын байрны хомсдолоос болоод хөдөлмөрийн насны хүн амыг ялангуяа эмэгтэйчүүдийг олноор нь тэтгэвэрт суулгаж байсан. Энэ үед 36 настай залуу эмэгтэйчүүдийг тэтгэвэрт гаргасан. Эдгээр иргэд одоо хамгийн доод хэмжээний тэтгэвэр авдаг. Урдьчилсан байдлаар 41 мянган иргэн энэ бүртгэлд хамрагдагдсан ба тэдний 82 хувь нь эмэгтэйчүүд байна. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн холбогдох тэтгэврийн нэмэгдлийг иргэдэд тооцож олгосноор тэтгэвэрийн ялгаатай байдлыг арилгахад хувь нэмэр үзүүлнэ гэж үзэж байна.

94. “Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө: Хөдөлмөрийн зах зээл ба нийгмийн эмзэг байдал, ядуурал” тайланд дурьдсанаар Монгол улсын нийт ажиллах хүчний 30-35 хувь нь албан бус секторт ажиллаж байна. Хувиараа арилжаа наймаа хийх, жижиг бизнес эрхлэх нь эхлэлийн бага хөрөнгө шаарддагаас гадна ажиллах цагаа өөрөө зохицуулах боломжтой тул ялангуяа эмэгтэйчүүдийг татах хүчин зүйл болж байна. Энэ салбарт эмэгтэйчүүд олноор ажиллаж байгаа бөгөөд тэдний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин нь тодорхой бус хэвээр байна.

3.3 Эрүүл мэндийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлын хэрэгжилт

(Конвенцийн 4,12-р зүйл)

95.Монгол улсын Үндсэн хууль “Иргэн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлэгийн тусламж авах эрхтэй” гэж заасан (16.6) ба Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх заалтыг тусгаж, эрүүл мэндийн чиглэлээр төрөөс баримтлах” 3 бодлого, 13 хууль, эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө, 20 гаруй стратеги эдгээртэй уялдан гарсан бодлогын баримт бичиг хэрэгжиж байна.

96. Гэр бүлийн төлөвлөлтийг оролцуулан эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс 1997 оноос Нөхөн үржихүйн эрүүл мэндийн (Цаашид “НҮЭМ” гэнэ.) Үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “НҮЭМ-ийн эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдал, тогтвортой хангамж” үндэсний стратегийг батлуулаад байна. Засгийн газраас НҮЭМ-ийн нэн шаардлагатай эм, хэрэгслээр хангахад зориулж 2010 онд 85 сая, 2011 онд 100 сая, 2012 онд 150,0 сая, 2013 онд 180,0 сая, 2014 онд 210 сая төгрөгийг улсын төсөвт тусган батлуулсан бөгөөд худалдан авах, түгээх ажлыг Эрүүл мэндийн яамнаас (Цаашид “ЭМЯ” гэнэ.) зохион байгуулж байна. ЭМЯ-наас эмзэг бүлгийн хүн амд шаардлагатай нөхөн үржихүйн эм, эмнэлгийн хэрэгслийн тооцоог жил бүр хийж, НҮБ-ын Хүн амын сангаас жил бүр 300.000 ам. долларын эм, хэрэгслийг авч, Эрүүл мэндийн сайдын тушаалаар хуваарилж байна.

97. Үндэсний статистикийн хорооноос нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний судалгааг жил бүр явуулдаг бөгөөд 2008 оны судалгаагаар хот, хөдөө, боловсролын түвшин, орлого, насны зөрүүнээс үл хамааран эрэгтэй эмэгтэй хүмүүсийн 96-98 хувь нь “Жирэмслэхээс хамгаалах нийтлэг аргуудыг мэддэг” гэсэн дүн гарсан. Гэр бүл төлөвлөлтийн аргын талаарх мэдлэгийн түвшин хангалттай байгаа хэдий ч мэдлэгээ дадал болгож буй байдал хүн амын дунд хангалтгүй байна. Эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөлтийн аргыг төдийлөн хэрэглэхгүй байгаа нь үр хөндөлтийн түвшин буурахгүй байгаа үзүүлэлтээс харагдаж байгаа ба үр хөндөлтийн 70 орчим хувийг давтан үр хөндөлт эзлэж байгаа нь анхаарал татаж байна. Гэр бүл төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний чанар, арга хэрэгслийн хүртээмж зорилтот бүлэгт хязгаарлагдмал байгаа асуудлууд хэвээр  байна.

98. “Эхийн эндэгдлийг бууруулах” хоёр удаагийн стратегийг 2001-2005, 2006-2010 онд, 2005 оноос “Эх хүүхдийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх”, “Эх нярайн эрүүл мэнд” 2011-2015 үндэсний стратегийг хэрэгжүүлсэнээр эх, нярайд үзүүлэх тусламжийн хүртээмж, чанар сайжирч байна. Эхийн эндэгдэл[2] 2000 онд 166.2 байсан нь 2008 онд 96.7 болж буурснаар Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн улмаар жил дараалан буурч, 2013 онд 46.2 болсон нь манай улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс бараг 4.7 дахин буурч, 2015 онд хүрэхээр төлөвлөсөн Мянганы хөгжлийн зорилтод хүрч, улмаар эхийн эндэгдэл өндөртэй орноос дунд зэрэгтэй орны түвшинд хүрэхээр байна. Улсын хэмжээнд эхийн амрах байр 341 ажиллаж, нийт амарвал зохих эхчүүдийн 74.9 хувь нь эхийн амрах байраар дамжин төрсөн байна

99. Эхийн эндэгдэлд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаагийн дотор жирэмслэлт, төрөлтийн талаарх эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаа явдал юм. Тухайлбал жирэмсний эрт үед хяналтад орохын ач холбогдол, жирэмсний болон төрөх, төрсний дараах үеийн хүндрэлүүдийн талаар мэдээлэл дутмаг, хувь хүн, гэр бүлийн гишүүд өөрийнхөө болон гэр бүлийнхний эрүүл мэндийг хамгаалах талаарх мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэх ажлыг хүн амын бүлэг бүрийн онцлогт тохирсон хэлбэрээр эрчимтэй явуулах хэрэгцээ байна. Нөгөөтэйгүүр эмчийн зөвлөгөөг авдаг ч амьдралын боломж бололцоо муугаас дагаж мөрдөхгүй байх тохиолдлууд байна.

  1. Жирэмсэн, төрөх, төрсний дараах үед зохих үйлчилгээгээр хангаж, шаардлагатай тохиолдолд төлбөргүй үйлчилгээ үзүүлж, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг хүрэлцэхүйц хоол тэжээлээр хангах асуудлыг Эрүүл мэндийн тухай, Хөдөлмөрийн тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд тусган зохицуулж байна. Жирэмсний болон төрөхөөс өмнөх, төрсний дараах үед тус бүр 45 хоногт эмчийн заалтаар хийлгэсэн үзлэг, шинжилгээ, эмчилгээ /зөвхөн жирэмслэлт, төрөлттэй холбоотой шалтгаанаар/-ний зардлыг төрөөс хариуцдаг. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгож байна.
  2. Гэхдээ төлбөргүй тусламж, үйлчилгээ үзүүлэх хуулийн заалтаар олгож буй тэтгэмж, эрүүл мэндийн даатгалаас олгогдож буй зардал бодит тусламж, үйлчилгээний өртөгт хүрдэггүй байгаа билээ. Нийгмийн халамжийн сангаар олгож буй мөнгөнөөс өөр орлогогүй тохиолдолд жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хүрэлцэхүйц хоол тэжээлээр хангагдах нөхцөл хязгаарлагдмал байсаар байна. Энэ нь бүс нутгуудад ялгаатай харилцан адилгүй байна.
  3. Эрүүл мэндийн салбарт төсвийн 20 гаруй хувийг зарцуулдаг ба 2013 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 45.0 мянган хүн ажиллаж байгаагийн 36.3 мянган нь эмэгтэйчүүд байна.

3.4 Эдийн засаг, нийгмийн бусад салбарт эмэгтэйчүүдийг ялгаварлах байдлыг устгахад чиглэсэн үйл ажиллагаа

(Конвенцийн 13-р зүйл)

  1. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд эдийн засаг, нийгмийн салбарт жендэрийн ялгаварлан гадууралтыг хориглосон.
  2. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар эдийн засгийн хүрээн дэх жендэрийн тэгш байдлын баталгааг хангасан. (9 дүгээр зүйл) Жендэрийн үндэсний хорооноос 2014 оныг “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, манлайллыг сайжруулах” жил болгон ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг төрийн бус байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж буй эмэгтэйчүүдийг оролцуулан зохион байгуулж, 2014 оны 6-н сард Эмэгтэйчүүдийн эдийн засгийн баталгааг хангах, манлайлалыг нэмэгдүүлэх бодлогын дэд стратегийг боловсруулж баталсан. Жендэрийн үндэсний хорооноос эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, чадавхийг сайжруулах дэд стратеги, хөтөлбөрийг боловсруулан ядуурлаас гаргах, өрхийн орлогоо нэмэгдүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг нь нэмэгдүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар ажиллаж байна.
  3. Өнөөгийн Монгол улсын эдийн засгийн өсөлт нь хүн амын ядуурлыг бууруулахад нөлөөлсөнгүй. Харин ч ядуу болон чинээлэг хүн амын орлогын ялгаа ихээр нэмэгдэж, эмэгтэйчүүд, хүүхдүүд ядууралд илүү өртөж байна. Засгийн газраас эдийн засгийн боломжийг бий болгох, үл хөдлөх хөрөнгө эзэмших, нийгмийн халамж үйлчилгээг хавтгайруулан олгох бус өрхийн амьжиргааны баталгаат түвшингээс доогуур амьдарч байгаа өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд олгох бодлогыг анхаарч хэрэгжүүлж байна. 2014 оны байдлаар нийт өрхийн 17 хувийг эмэгтэй тэргүүнтэй өрх эзэлж байна.
  4. Хөдөөгөөс хот, төв суурин газар нүүн шилжих хөдөлгөөний эрчимжиж байгаа нь суурин газрын тэр дундаа Улаанбаатар хотын дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний ачааллыг нэмж, агаар хөрсний бохирдол бараг дээд цэгтээ хүрэхэд нөлөөлж байна. Өнөөгийн шилжих хөдөлгөөн нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амьжиргааны эх үүсвэр хайх гол арга зам нь болжээ. Ийн шилжих хөдөлгөөн үүсч, явагдахад хот суурин газар, хөдөө орон нутгийн хоорондох нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин дэх ялгаатай байдал, байгалийн гамшиг гол түлхэгч хүч болж байна. Шилжих хөдөлгөөнд оролцогсдын 64 хувь нь гэр бүлийн гишүүнээ даган орж ирсэний дийлэнх нь эмэгтэйүүд (69.0 хувь) байна. Шилжигч эмэгтэйчүүд нь ажилгүйдэл, ялгаварлан гадуурхалд илүүтэй амархан өртдөг учраас тэдний олонхи нь тухайн үедээ ямар ч төрлийн ажил хийхээс өөр аргагүйд хүрдэг байдал нь тэднийг эмзэг болгож, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөхөд нөлөөлж байна.
  5. Хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн асуудлыг нийгмийн хамгааллын бодлогоор шийдвэрлэдэг. Монгол улсын хүн амын 3.8 хувь нь буюу 96.3 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 52.7 мянга нь эрэгтэй, 34.5 мянга нь эмэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлт, нийгмийн гишүүн байх эрхийг баталгаажуулах асуудал тулгамдсан асуудлын нэг байсаар байна.

3.5 Хөдөөгийн эмэгтэйчүүдийн байдлыг анхааран үзсэн байдал

(Конвенцийн 14-р зүйл)

  1. Нийт хүн амын дунд эзлэх хөдөөгийн хүн амын эзлэх хувь 2004 – 2009 онуудад 39.3 байсан бол 2009 оноос хойш 34.9 хувь болж буурсан байна.
  2. Монголын хөдөөгийн эмэгтэйчүүд байгаль, цаг уурын эрс, тэс уур амьсгал, нутаг нутгийн өвөрмөц онцлог, нөхцөл байдалдаа зохицон, уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа өнөөг хүртэл эрхлэн амьдарч байна. Мал аж ахуйн салбар цаг агаар, ялангуяа ган, зуднаас ихээхэн хамааралтай хэвээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүний оролцоотой экосистемийн өөрчлөлтүүдээс үүдэн нүүдэлчдийн уламжлалт амьдралын хэв шинж өөрчлөгдөж байгаа нь малчин эмэгтэйчүүдийн нөхцөл байдлыг дордуулахад нөлөөлж байна. Энэ нь ядуурал, бэлчээрийн хомсдол, шилжих хөдөлгөөн, уул уурхайн хөгжил зэрэг асуудлуудтай шууд холбоотой байна.
  3. Монгол улс нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 60 дугаар чуулганаар “Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай” тогтоолыг санаачлан батлуулж бусад улс орныг уриалан хөдөөгийн эмэгтэйчүүдийн асуудлыг анхааран ажиллахыг чармайж байна.
  4. Хөдөө нутагт эмэгтэйчүүд гэр бүлийн болон өрхийн бизнест цалин хөлсгүйгээр ажиллаж байгаагийн зэрэгцээ малчин эмэгтэйчүүд хоногийн 12-14 цаг ажиллаж байна. Тиймээс Засгийн газраас малчин эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах боломжийг бий болгох чиглэлээр ажиллаж байна.
  5. Малчин эмэгтэйчүүдийн хувьд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах, тэр дундаа алслагдсан малчин эхчүүдийг төрөхөөс өмнө амруулж эмнэлгийн тусламжид ойр байлгахад төрөөс анхаардаг. Монгол улсын Засгийн газар социалист нийгмийн үеэс хөдөөд эхийн амрах, амаржих байрыг тогтмол ажиллуулж эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн тусламж үзүүлэх үйлчилгээнд эсэн мэнд амаржих нөхцлийг бүрдүүлж чадсан юм. Сум, багт амьдарч байгаа төрөх эхчүүдийг (60-80 хувь) улсын амаржих газарт амаржуулах, шилжүүлэх үйлчилгээг хэрэгжүүлснээр эхийн эндэгдлийг тууштай бууруулахад  үр дүнгээ өгч байна.
  6. Түүнчлэн 2013 оны байдлаар, бүх аймагт зайн оношлогооны тоног төхөөрөмжийг суурилуулж, эмч нараа бэлтгэж, нэгдсэн телемедециний сүлжээнд холбосон арга хэмжээ нь алслагдсан хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, нялхас, хүүхдүүдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн туслалцааг хугацаа алдалгүй авах боломжийг бүрдүүллээ.
  7. 2009 оноос хөдөөгийн эмэгтэйчүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний мэдлэг чадварыг сайжруулах чиглэлээр тусгай сургалтуудыг зохион байгуулж, 2012 оноос эмэгтэй малчид хоршоо, бүлгүүдийн гишүүн болох нь нэмэгдэж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 1 кг ноос тутамд 2000 төгрөгийн татаас тушаасан хоршооны гишүүдийг урамшуулдаг болсон нь хөдөөгийн эмэгтэйчүүдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний мэдлэг, чадварыг сайжруулах чиглэлд авч байгаа бодитой арга хэмжээ юм.
  8. Засгийн газраас хөдөө нутагт хүнсний ногоо тариалж буй иргэдийг дэмжин, тусгайлан борлуулалт хийх боломжийг дэмжин 2012 оноос хойш жил бүрийн намар Улаанбаатар хот, суурин газарт үзэсгэлэн худалдаа ажиллуулж, хөдөөгийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хотын оршин суугчдыг хямд, чанар сайтай эко хүнсээр хангах ач холбогдолтой ажил болж байна.
  9. Байгаль орчин ногоон хөгжлийн яам “Ногоон хөгжлийн болон Байгаль орчны салбарын жендэрийн стратеги”-ийг баталлаа. Энэхүү баримт бичигт байгаль орчны доройтлоос хөдөөгийн эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх, тэднийг чадавхжуулах арга хэмжээг тусгасан.

IV ХЭСЭГ

4.1 Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн иргэний харилцаа дахь адил тэгш байх эрхийн хэрэгжилт (Конвенцийн 15-р зүйл)

  1. Үндсэн хуульд (1992) “Эмэгтэй, эрэгтэй хүн бүр газар, бусад төрлийн өмч эзэмших, захиран зарцуулах тэгш эрхтэй” гэж заасны дагуу 2005 онд баталсан Газар өмчлүүлэх тухай хуулиар өрх бүрт өөрийн хашааны газартай байх боломж нээгдсэн. Гэсэн хэдий ч газрын эрхийн бүртгэл нь өрхийн тэргүүн гэдгээр эрэгтэй хүний нэр дээр бүртгэгдэж байсан. Харин 2008 онд тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж иргэн бүрт газар өмчлөх эрхийг нь баталгаажуулсан. Энэ хуулийн дагуу эмэгтэйчүүд газар өмчлөх, хувьчлах харилцаанд оролцох боломжтой болсон. Өнөөдөр монгол улсын эрэгтэй, эмэгтэй иргэн бүр 0,07 га газрыг өмчлөх, 1 га хүртлэх газрыг аж ахуйн зориулалтаар эзэмших эрхтэй.
  2. Гэхдээ аж ахуйн зориулалтай газрыг өрхийн тэргүүний нэр дээр бүртгэдэг байдал хадгалагдсан хэвээр байна. Судалгаагаар 8 аймагт бүртгэлтэй газрын гэрчилгээг регистрийн/иргэний бүртгэлийн/ дугаараар ангилахад 65 хувь нь эрэгтэй, 35 хувь нь эмэгтэй хүний нэр дээр бүртгэлтэй байсан байна. Хөрөнгийн эрхийн үнэлгээ судалгааны дүнгээс харахад хувьчлагдаагүй газрын байршлыг олж тогтоох, баталгаажуулах зэрэгт зардал ихээр гардаг, мөн газар өмчлөх гэрчилгээ авахын тулд тухайн газраа хашаа барих, үл хөдлөх хөрөнгө барьсан байхыг шаардаж байгаа зэрэг нь эмэгтэйчүүдийг газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд  саа бэрхшээл болж байна гэжээ.
  3. Аливаа өмч эзэмшихэд тохиолдож байгаа жендэрийн ялгаварлал нь  эмэгтэйчүүд хувираа хөдөлмөр, бизнес эрхлэх сонголтыг хязгаарлагдмал байдалд оруулахад нөлөөлж байна. 2008 оноос жижиг, дунд үйлдвэр эрхлэлтийг дэмжих бодлогыг улсаас эрчимтэй хийж байгаа ч,  эмэгтэйчүүдийн оролцоо бага байна.
  4. Иргэний хуулийн 126 дүгээр зүйлийн 126.2.3-д “Ногдол хувь, үнэт цаасыг дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнд тооцох”-оор заасан ч шүүх гэрлэлтийг цуцлах асуудлыг шийдвэрлэхдээ нөхөр/эхнэрийн нэр дээр буй компанийн хувьцааг гэр бүлийн дундын өмчлөлд тооцолгүй “Компанийн тухай хууль”-иар зохицуулж, эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүдийн байгаа хувьцааны асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулж байна. Үүнийг Засгийн газар анхааралдаа авч дээрх хуулиудыг боловсронгуй болгоход анхаарч байна.

4.2 Гэрлэлт, гэр бүлийн харилцаа дахь жендэрийн  эрх тэгш байдлын хэрэгжилт (Конвенцийн 16-р зүйл)

  1. Монгол улсын Үндсэн хуулинд “18 нас хүрсэн монгол улсын эрэгтэй, эмэгтэй иргэн сайн дурын үндсэн дээр гэрлэлтээ бүртгүүлж болно” гэж заасан. Монгол улсад гэр бүлийн харилцаа, гэр бүлийн гишүүдийн  тэгш байдлыг  “Гэр бүлийн тухай” хуулиар баталгаажуулан хэрэгжүүлж байна. Хуулийн дагуу “Гэр бүл, эцэг, эх, хүүхэд нь Монгол Улсын төрийн хамгаалалтад байх” ба “Эрэгтэй, эмэгтэй хоёрын гэрлэлт сайн дурынх байх”, “Гэрлэгчид тэгш эрхтэй” байх, “Гэр бүлийн дотоод асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож шийдвэрлэх”, “Гэр бүлийн бусад гишүүдийн тэгш эрх болон бие даасан байдлыг хүндэтгэх”, “Гэрлэлтийг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж баталгаажуулснаар хүлээн зөвшөөрнө” гэж тус тус заасан.
  2. Монгол Улсад эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна. Гэр бүлийн харилцаанд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бусад байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглодог.
  3. Анхны гэрлэлтийн дундаж нас эмэгтэйд 24.2, эрэгтэйд 26.2 байгаа нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад гэрлэх нас нэмэгдэх хандлагатай байна.  Түүнчлэн гэрлэлтийн тоо буурч байна. Тухайлбал, 2013 оны байдлаар гэрлэлт 15.8 мянга, цуцлалт 3.5 мянга байгаа бөгөөд гэрлэлт хамгийн өндөр байсан 2006 онтой харьцуулахад 67.8 хувиар буурч, гэр бүл цуцлалт 2.5 хувиар нэмэгдсэн байна.
  4. Гэр бүлийн тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжуудад нөхөн үржихүйн шийдвэр гаргах эрх нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр гэр бүл болох, гэр бүлээ төлөвлөх, төрүүлэх хүүхдийн тоо, төрөлт хоорондын хугацаа, хүүхэд төрүүлэх газраа сонгох, энэ шийдвэрээ гаргахад хэрэгцээт мэдээлэл, эрүүл мэндийн тусламж авч сайн дураар сонголт хийх талаар тусгасан. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг, гэрлэлтээ цуцлуулсан нөхөр буюу эхнэрийн тэжээн тэтгүүлэх эрх үргэлжлэх тухай”  хуульчилж өгсөн.
  5. Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны (2013) урьдчилсан дүнгээр ямар нэг жирэмслэхээс сэргийлэх ямар нэг арга хэрэгслийг мэддэг 15-49 насны хүн амын хувь эрэгтэй 98.3, эмэгтэй 99.6 гэсэн тоо гарч байна. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүл төлөвлөлтийн талар мэдээлэл авсан 15-49 насны хүн амын хувь эрэгтэйд 45.4 хувь нь эрэгтэй, 52.4 эмэгтэй  байна.
  6. Хүн амын бодлого төлөвлөлт өнөөгийн өрхийн олон төрлийн бүтэц болох нийлмэл гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, хоёроос дээш үеийнхэн амьдардаг гэр бүлүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн талаарх бодит асуудлуудыг уламжлалт таамаглал дээрээ үндэслэн хийж байгаагаас жендэрийн харьцаа, гэр бүлийн бүтцэд гарч буй өөрчлөлтийг төдийлөн сайн харгалзаж үзэж чадахгүй байдалд хүргэж байгааг анхаарах хэрэгтэй болж байна.
  7. Иймд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг илүү Гэр бүлийн хөгжилд суурилсан хандлагаар боловсруулан төслийг УИХ-д өргөн бариад байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд гэр бүлийн хөгжил, хүүхдийн эрхэд суурилсан зарим өөрчлөлтүүдийг оруулсан ба одоогийн Хүүхдийн төлөө үндэсний газрыг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн агентлаг болгож нийслэл, аймаг, орон нутагт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар тусгасан.
    1. Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх төвд тавигдах нийтлэг шаардлага бүхий стандартыг 2013 онд батлуулж, гэр бүлд туслан зөвлөх үйлчилгээ үзүүлж буй төвүүдийн ажилтны үүрэг, үйл ажиллагааны чиглэл, агуулга хэм хэмжээг тогтоож өгсөн. Гэр бүлийн талаарх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлд чиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээг онлайн хэлбэрээр хүргэх боломжийг бүрдүүлэх  үүднээс www.ger-bul.info домайн ажиллуулж байна.

    [1] ҮСХ, Цалингийн түүвэр судалгаа

    [2] 100 000 амьд төрөлтөнд ногдох эндсэн эхийн тоо

ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ

  • ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ БЭЛТГЭХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ МУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 
  • МУ-ЫН НЭГДЭН ОРСОН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ БЭЛТГЭХ ЖУРАМ
  • ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ ХАРИУЦАН БОЛОВСРУУЛАХ БАЙГУУЛЛАГЫН ЖАГСААЛТ

ХҮНИЙ ЭРХИЙН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ИЛТГЭЛ ХҮРГҮҮЛСЭН БАЙДАЛ

Гэрээ

Өмнөх илтгэл

Сүүлд хүргүүлсэн илтгэл

Хүргүүлэх илтгэл/ Хугацаа

1 2. Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц. I:
1971.07.30
II:
1972.08.07
III:
1975.04.09
IV:
1978.05.05
V:
1979.11.05
VI:
1981.06.22
VII:
1982.04.12
VIII:
1984.12.26
IX:
1987.02.12
X:
1988.10.18
XI-XV: 1998.04.20
XVI-XVIII: 2005.09.27
XIX – XXI :
2010
Хугацаа хожимдож буй
2 3. Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт. I:
1977.10.19
1979.12.06
1981.10.27
II:
1983.10.25
1986.08.27
III:
1998.04.21
IV:
2012.02.23
2015 он буюу түүнээс хойш хэлэлцэнэ
3 4. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт. I:
1978.12.20
II:
1985.08.02
III:
1990.11.29
IV:
1998.04.20
V:
2009.09.14
VI :
2014.07.29
4 8. Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц. I:
1983.11.18
II:
1987.03.17
III-IV:
1998.12.08
V-VII: 2007.04.12
VIII – IX:
2014.09.03
5 9. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц. I:
2009.09.23
II :
2014.11.19
6 11. Хүүхдийн эрхийн тухай конвенц. I:
1994.12.20
II:
2003.05.06
III-IV: 2008.03.31
V :
2014.10.20
7 13. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц. I: 2012.02.23
2017 оны сүүлээр эсхүл 2018 оны эхээр хэлэлцэнэ

МОНГОЛ УЛСААС ХҮРГҮҮЛСЭН СҮҮЛИЙН ҮЕИЙН ИЛТГЭЛ

Хүний эрхийн гэрээний хороодод хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн илтгэл хүргүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://tbinternet.ohchr.org/_layouts/treatybodyexternal/TBSearch.aspx?Lang=en линкээс авах боломжтой.

  • CAT Initial report Mongolia
  • CCPR 5th report Mongolia
  • CEDAW 5-7th report Mongolia
  • CERD 16-18th report Mongolia
  • CESCR 4th report Mongolia
  • CRC 3-4th report Mongolia
  • CRC OP 1 Initial report Mongolia
  • CRC OP 2 Initial report Mongolia
  • CRPD Initial report Mongolia
Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн илтгэл бэлтгэх заавар

ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ОРОЛЦОГЧ УЛСУУДЫН БЭЛТГЭН ХҮРГҮҮЛЭХ ИЛТГЭЛИЙН ХЭЛБЭР, АГУУЛГЫН ТУХАЙ УДИРДАМЖИЙН ЭМХЭТГЭЛ

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ
БАЙГУУЛЛАГ
ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН БАРИМТ БИЧИГ
ЕРӨНХИЙ
HRI/GEN/2/Rev.6
2009 оны 6 дугаар сарын 3-ны өдөр
Эх хувь: АНГЛИ ХЭЛЭЭР

ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД ОРОЛЦОГЧ УЛСУУДЫН
БЭЛТГЭН ХҮРГҮҮЛЭХ ИЛТГЭЛИЙН ХЭЛБЭР, АГУУЛГЫН ТУХАЙ
УДИРДАМЖИЙН ЭМХЭТГЭЛ

Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл

Ерөнхий Ассамблей 52/118, 53/138 дугаар тогтоолоороо Хүний эрхийн хороо, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо, Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах асуудлаархи хороо, Арьс үндсээр алагчилах үзлийг устгах асуудлаархи хороо, Хүүхдийн эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос гаргасан, оролцогч улсуудын хүргүүлэх илтгэлийн хэлбэр, агуулгатай холбоотой удирдамжуудыг нэгтгэн нэг эмхэтгэл болгон гаргах хүсэлтийг Ерөнхий нарийн бичгийн даргад тавьсан. Энэ эмхэтгэлийг уг хүсэлтийн дагуу бэлтгэж, тогтмол шинэчилж байна. Шинэчилсэн эмхэтгэлд дээр дурдсан байгууллагуудаас гаргасан удирдамжаас гадна Цагаач ажилчдын асуудал эрхэлсэн хороонд хүргүүлэх илтгэлийг боловсруулахад баримтлах удирдамж, мөн хүний эрхийн олон улсын гэрээний дагуу илтгэл боловсруулах уялдуулан нэгтгэсэн удирдамж, түүний дотор үндсэн (цөм) баримт бичиг бэлтгэх удирдамжийг багтаасан болно.

GE.09-42829 (E) 230609

I бүлэг

ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ДАГУУ ИЛТГЭЛ БОЛОВСРУУЛАХ, ТҮҮНИЙ ДОТОР ҮНДСЭН (ЦӨМ) БАРИМТ БИЧИГ БОЛОН

ТУХАЙЛСАН ГЭРЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД БАРИМТЛАХ УЯЛДУУЛАН НЭГТГЭСЭН УДИРДАМЖ*

Удирдамжийн зорилт

1. Энэхүү удирдамжийн зорилго нь оролцогч улсууд дор дурдсан гэрээний заалтын дагуу илтгэл боловсруулж хүргүүлэх үүргээ биелүүлэхэд нь чиг зааварчилгаагаар хангахад оршино:

  • Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 40 дүгээр зүйл, Хүний эрхийн хороонд илтгэл хүргүүлэх (ИУТЭОУП)
  • Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 16, 17 дугаар зүйл, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороонд илтгэл хүргүүлэх (ЭЗНСЭОУП)
  • Арьс үндсээр алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн 9 дүгээр зүйл, Арьс үндсээр алагчилах үзлийг устгах асуудлаархи хороонд илтгэл хүргүүлэх (АҮАҮБХУОУК)
  • Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 18 дугаар зүйл, Эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах асуудлаархи хороонд илтгэл хүргүүлэх (ЭАҮБХУК)
  • Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцийн 19 дүгээр зүйл, Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд илтгэл хүргүүлэх (ЭШЭК)
  • Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 44 дүгээр зүйл, Хүүхдийн эрхийн хороонд илтгэл хүргүүлэх (ХЭК)
  • Бүх цагаач ажилчин, тэдний гэр бүлийн гишүүдийн эрхийг хамгаалах тухай олон улсын конвенцийн 73 дугаар зүйл, Цагаач ажилчдын асуудал эрхэлсэн хороонд илтгэл хүргүүлэх (ЦАК)

Энэхүү удирдамж нь Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протоколын 8 дугаар зүйл, Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчилахын эсрэг Хүүхдийн эрхийн тухай конвенцид оруулах нэмэлт протоколын 12 дугаар зүйлийн дагуу улсууд анхдугаар илтгэл боловсруулахад хамаарахгүй боловч улсууд тэдгээр илтгэлд оруулсан мэдээллээ дээр дурдсан гэрээний байгууллагуудад хүргүүлэх илтгэлээ боловсруулахдаа харгалзан үзэж болох юм.

* 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гаргасан HRI//MC/2006/3 тоот баримт бичигт орсон.

2. Хүний эрхийн эдгээр гэрээ нэг бүрт оролцогч улсууд (Хавсралт 1-т тусгасан) холбогдох заалтуудын дагуу тухайн гэрээгээр баталгаажсан эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн хууль тогтоох, шүүхийн, захиргааны буюу бусад арга хэмжээний талаар анхдугаар болоод ээлжит илтгэлийг холбогдох гэрээний байгууллагад хүргүүлэх үүрэг хүлээнэ.

3. Илтгэлийг энэхүү уялдуулан нэгтгэсэн удирдамжийн дагуу боловсруулж хүргүүлснээр гэрээний байгууллага болон оролцогч улс бүрт тухайн улс хүний эрхийг хангах олон улсын үүргийнхээ хүрээнд холбогдох гэрээг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар цогц ойлголт авах боломжийг олгохын зэрэгцээ хороо бүр бусад гэрээний байгууллагатай хамтран ажиллах нэгдсэн орчинг бүрдүүлж бий болгох юм.

4. Уялдуулан нэгтгэсэн удирдамжийн зорилго нь оролцогч улсуудын илтгэл боловсруулж хүргүүлэх үүргээ цаг хугацаанд нь, үр дүнтэй биелүүлэх чадавхийг бэхжүүлэх, түүний дотор мэдээллийг шаардлагагүйгээр давхцуулан өгөхөөс зайлсхийхэд чиглэдэг. Түүнчлэн, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих тогтолцооны үр нөлөөг дараахь арга замаар нэмэгдүүлэхийг зорьдог. Үүнд:

а)  бүх хороо ирүүлсэн илтгэлийг тогтвортой, нэг арга барилаар хянан үзэхийг хөхиүлэн дэмжих,

б) хороод оролцогч улс бүрийн хүний эрхийн нөхцөл байдлыг адил тэгш зарчмаар хянан үзэхэд тус дөхөм үзүүлэх,

в) илтгэлийг хянан үзэхээс өмнө хорооны зүгээс нэмэлт мэдээлэл шаардах хэрэгцээг багасгах.

5. Шаардлагатай гэж үзвэл, гэрээний байгууллага бүр гэрээний хэрэгжилтийг хянах эрх хэмжээгээ хэрэгжүүлэх зорилгоор холбогдох гэрээний заалтад нийцүүлэн оролцогч улсуудаас нэмэлт мэдээлэл хүсч болно.

6. Уялдуулан нэтгэсэн удирдамж нь гурван хэсгээс бүрдэнэ. I, II хэсэг нь аливаа гэрээний байгууллагад хүргүүлэх нийт илтгэлийг боловсруулахад хамаарах бөгөөд илтгэл бэлтгэн хүргүүлэх явцад баримтлах зохистой арга барил болон илтгэлийн хэлбэрийн тухай ерөнхий зааварчилгааг агуулна. III хэсэг нь илтгэлийн агуулга, тухайлбал гэрээний бүх байгууллагад хүргүүлэх үндсэн (цөм) баримт бичиг болоод гэрээний байгууллага нэг бүрт хүргүүлэх тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичгийн агуулгын талаарх зааврыг багтаасан болно.

I. Илтгэл бэлтгэн хүргүүлэх үйл явц

Илтгэл бэлтгэн хүргүүлэх зорилго

7. Энэхүү удирдамжид заасан илтгэх тогтолцоо нь улсууд нэгдэн орсон хүний эрхийн олон улсын бүх гэрээний дагуу хүлээсэн илтгэл бэлтгэн хүргүүлэх үүргээ уялдаа холбоо бүхий, нэг мөр хялбаршуулсан журмаар биелүүлэх бололцоог олгох цогц хүрээг бий болгоход чиглэнэ.

Гэрээг дагаж биелүүлэх үүрэг амлалт

8. Илтгэл бэлтгэн хүргүүлэх үйл явц нь тухайн улс нэгдэн орсон гэрээндээ тодорхойлсон эрхийг хүндэтгэн хамгаалж, хэрэгжүүлэх үүрэг амлалтыг эгнэгт хүлээх амин чухал язгуур үндэс болдог. Энэхүү үүрэг амлалтыг бүх улс Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон хүний эрхийн олон улсын баримт бичигт тусгасан эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахих үйлсийг үндэсний болон олон улсын түвшинд арга хэмжээ авах замаар хөхиүлэн дэмжих үүрэг хүлээдэг тухай өргөн агуулгаар авч үзэх нь зүйтэй.

Хүний эрхийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хянан үзэх

9. Оролцогч улсууд гэрээний байгууллагад хүргүүлэх илтгэл боловсруулах үйл явцыг олон улсын үүргээ биелүүлэх нэг хэлбэр төдийгүй бодлого төлөвлөж хэрэгжүүлэх зорилгоор хуулийн харьяаллынхаа хүрээнд хүний эрхийн нөхцөл байдал ямар байгааг тал талаас нь үнэлж дүгнэх боломж хэмээн харах нь зүйтэй. Илтгэл боловсруулах үйл явц нь тиймээс оролцогч улс бүрт дараахь боломжийг олгодог. Үүнд:

а) үндэсний бодлого, хууль тогтоомжийг нэгдэн орсон хүний эрхийн олон улсын холбогдох гэрээнийхээ заалтуудтай нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээг цогцоор хянах;

б) хүний эрхийг хөхиүлэн дэмжих ерөнхий хүрээнд гэрээнд заасан эрхийг хангах явдлыг хөхиүлэн дэмжихэд гарсан ахиц дэвшлийг үнэлэх;

в) гэрээг хэрэгжүүлэх явцад тулгарч буй хүндрэл, бэрхшээл, дутагдлыг олж илрүүлэх;

г) эдгээр зорилтыг биелүүлэх үүднээс оновчтой бодлого төлөвлөж, боловсруулах.

10. Илтгэл бэлтгэн хүргүүлэх үйл явц нь холбогдох конвенцоор хамгаалагдсан бүх эрхийг эдлэх нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор засгийн газрын бодлогыг олон нийт хянан шүүмжлэх, иргэний нийгмийн холбогдох оролцогчидтой харилцан хүндэтгэж, хамтран ажиллах үзэл санаагаар бүтээлчээр харилцаж, хамтран ажиллахыг үндэсний хэмжээнд урамшуулан хөхиүлэн дэмжихэд чиглэх учиртай.

Олон улсын түвшинд бүтээлч яриа хэлэлцээ явуулах хөрс суурь болох нь

11. Олон улсын түвшинд авч үзвэл илтгэл бэлтгэн хүргүүлэх үйл явц нь улс болон гэрээний байгууллага хооронд бүтээлч яриа хэлэлцээ явуулах хөрс суурийг тавьж өгдөг. Гэрээний байгууллагууд эдгээр удирдамжийг боловсруулан гаргаснаараа хүний эрхийн олон улсын баримт бичгийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргээ онцлон харуулахыг зорьдог.

Мэдээ баримт цуглуулах, илтгэлийн төсөл боловсруулах

12. Улс бүр бие даасан гэрээний байгууллагаас хэрэгжилтэд нь хяналт тавьдаг хүний эрхийн олон улсын наад зах нь нэг үндсэн баримт бичигт нэгдэн орсон байдаг (1 дүгээр заалтыг үзнэ үү) бол далан таваас дээш хувь нь дөрөв буюу түүнээс дээш тооны гэрээнд нэгдэн орсон байдаг. Үүний дүнд бүх улс илтгэл бэлтгэн хүргүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд улмаар тус тусын холбогдох гэрээний байгууллага бүрт илтгэл хүргүүлэхдээ харилцан уялдаатай арга барил баримтлах нь ашиг тустай байх учиртай.

13. Улсууд илтгэл бэлтгэх чиг үүрэг бүхий зохих институцийг дотооддоо бий болгох асуудлыг бодолцох нь зүйтэй. Ийм институцийн бүтцэд тухайлбал яам хоорондын төсөл боловсруулах хороо ба/эсхүл засгийн газрын холбогдох байгууллага бүрт илтгэл хариуцсан нэгж/ажилтан зэргийг хамааруулж болох бөгөөд уг бүтэц нь тухайн улсад хүний эрхийн олон улсын баримт бичиг буюу зохих тохиолдолд олон улсын холбогдох гэрээ (жишээлбэл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын конвенцууд)-ний дагуу илтгэл хүргүүлэх бүх үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гэрээний байгууллагуудаас гаргасан дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээг уялдуулах үр дүнтэй механизмын үүрэг гүйцэтгэх боломжтой. Ийм бүтцийн хүрээнд засаглалын орон нутгийн түвшний байгууллагын оролцоог (ийм түвшний байгууллага байгаа тохиолдолд) хангах боломжийг бүрдүүлбэл зохих бөгөөд ийм бүтцийг байнгын ажиллагаатайгаар байгуулж болно.

14. Түүнчлэн ийм төрлийн институцийн бүтэц нь улсуудад олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт, бага хурлын мөрөөр арга хэмжээ авах, Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хянаж тайлагнах зэрэг илтгэн тайлагнах бусад үүрэг амлалтаа биелүүлэхэд дөхөм болно. Тэдгээр илтгэлийг боловсруулахад зориулан цуглуулж нэгтгэсэн олон мэдээлэл улсууд гэрээний байгууллагад хүргүүлэх илтгэлээ боловсруулахад хэрэг болж болох юм.

15. Эдгээр институцийн бүтэц нь (холбогдох яам, засгийн газрын статистикийн албанаас) хүний эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой статистикийн болон бусад бүх төрлийн мэдээ баримтыг цогц хэлбэрээр, залгамж чанартайгаар цуглуулах үр ашигтай тогтолцоог бий болгох учиртай. Улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газар (ХЭДКГ)-аас Эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтэс (ЭХХ)-тэй хамтран олгох, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох бусад төрөлжсөн байгууллагаас үзүүлэх техникийн туслалцааг авах боломжтой.

Мөчлөг

16. Холбогдох гэрээний нөхцөлийн дагуу оролцогч улс бүр уг гэрээ тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацааны дотор гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор мөрдөж буй, эсхүл авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар анхны илтгэл боловсруулж хүргүүлэх үүрэг хүлээдэг. Түүнээс хойш оролцогч улсууд гэрээ бүрийн заалтын дагуу илтгэл бэлтгэн хүргүүлэх хугацааны туршид гарсан ахиц, өөрчлөлтийн талаарх илтгэлийг тодорхой мөчлөгтэйгээр хүргүүлэх шаардлагатай. Илтгэлийн мөчлөгийн хугацаа тухайн гэрээнээс хамааран өөр өөр байна.

17. Илтгэл бэлтгэн хүргүүлэх шинэчилсэн тогтолцооны дагуу илтгэл нь үндсэн (цөм) баримт бичиг болон тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичиг гэсэн хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй байна. Гэрээнүүдэд мөчлөгийн хугацааг ялгаатай заасан байдаг тул илтгэл хүргүүлэх хугацаа адил биш байж болно. Гэсэн хэдий ч улсууд илтгэлээ цаг хугацаанд нь хүргүүлэх төдийгүй илтгэл хооронд тасалдал аль болох бага гаргах үүднээс холбогдох гэрээний байгууллагуудтай зөвлөлдөж илтгэлээ уялдаатайгаар боловсруулах боломжтой. Ингэснээр улсууд хэд хэдэн гэрээний байгууллагын хүссэн мэдээллийг нэг үндсэн (цөм) баримт бичигт тусгаж хүргүүлэх бололцоотой болох юм.

18. Улсууд үндсэн (цөм) баримт бичгээ тогтмол шинэчлэх нь зүйтэй. Тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичиг хүргүүлэх тухай бүртээ үндсэн (цөм) баримт бичгээ шинэчлэхийг чармайвал зохино. Хэрэв шинэчлэх шаардлагагүй гэж үзвэл тэр тухайгаа тухайлсан гэрээний  илтгэлийн баримт бичигт тусгах хэрэгтэй.

II. ИЛТГЭЛИЙН ХЭЛБЭР

19. Улс нь тухайн улсын нөхцөл байдлыг гэрээний байгууллагад ойлгуулахад дөхөмтэй хэмээн үзсэн мэдээллээ хураангуйлан цэгцтэй байдлаар тусгавал зохино. Зарим улсын хувьд үндсэн хуулийн нарийн зохицуулалтын талаар илтгэлдээ зайлшгүй оруулах шаардлагатай байдаг боловч илтгэл нь хэт урт байх ёсгүй. Хэрэв боломжтой бол үндсэн баримт бичиг 60-80 хуудас, тухайлсан гэрээний анхдугаар илтгэлийн баримт бичиг 60 хуудас, тогтмол мөчлөгтэйгээр хүргүүлэх илтгэлийн баримт бичиг 40 хуудсаас тус тус хэтрэхгүй байна. Илтгэлийн хуудас нь А4 хэмжээтэй байх бөгөөд бичвэрийг Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай нь 1,5 байхаар бичнэ. Илтгэлийг цахим (диск, CD ROM, эсхүл и-мэйлээр) хэлбэрээр, хэвлэмэл цаасан хувийн хамт хүргүүлнэ.

20. Улсууд илтгэлдээ дурдсан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон, шүүхийн, захиргааны болон бусад голлох акт нь холбогдох хорооны ажлын хэлээр байвал тэдгээрийн хувийг жич хүргүүлж болно. Тэдгээр актыг хуулбарлаж түгээхгүй бөгөөд холбогдох хороо мэдээлэл лавлагааны хэлбэрээр авч үзэхэд ашиглана.

21. Илтгэлд дурдсан бүх товчилсон үг, ялангуяа тухайн оролцогч талаас өөр этгээд шууд ойлгох боломжгүй үндэсний байгууллага, институци, хууль зэргийг нэрлэсэн товчлолыг бүрэн тайлбарлана.

22. Илтгэлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын албан ёсны аль нэг хэл (англи, араб, хятад, испани, орос, франц хэл)-ээр бичиж хүргүүлнэ.

23. Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлэх илтгэл нь үнэн зөв, ойлгомжтой байх учиртай. Цаг хэмнэх үүднээс, НҮБ-ын албан ёсны нэг хэлээр ярьдаг улсуудын хүргүүлсэн илтгэлийг Нарийн бичгийн дарга нарын газар заавал хянаж засварлахгүй. НҮБ-ын албан ёсны аль нэг хэлээр ярьдаггүй улсуудын хүргүүлсэн илтгэлийг Нарийн бичгийн дарга нарын газар хянан засварлаж болно. Илтгэлийг хүлээн авсны дараа илт бүрэн бус болох нь тогтоогдсон, эсхүл ихээхэн засвар орохоор байвал Ерөнхий нарийн бичгийн дарга албан ёсоор хүлээн авахаас өмнө зохих өөрчлөлт оруулахаар холбогдох улсад буцаан хүргүүлж болно.

III. ИЛТГЭЛИЙН АГУУЛГА

Ерөнхий

24. Үндсэн (цөм) баримт бичиг ба тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичиг нь хоёулаа улс бүрийн илтгэлийн салшгүй хэсэг болно. Илтгэл нь тухайн улс холбогдох гэрээг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар гэрээний байгууллага нэг бүрт цогц ойлголт өгөх хангалттай мэдээллийг агуулсан байна.

25. Илтгэлд улсуудын нэгдэн орсон гэрээний заалтын хэрэгжилттэй холбоотой de jure болон de facto нөхцөл байдлын аль алиныг дэлгэрэнгүй тайлбарлана. Илтгэл нь тухайн улсын сүүлийн үед батлан гаргасан эрх зүйн баримт бичгийн жагсаалт буюу тэдгээрийн тайлбараар хязгаарлахгүй бөгөөд харин тэдгээр эрх зүйн баримт бичиг тухайн улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын бодит амьдрал болон ерөнхий нөхцөл байдалд хэрхэн тусч буйг дурдана.

26. Илтгэлд нас, хүйс, хүн амын бүлгээр ангилж харуулсан холбогдох статистик тоо баримтыг тусгах хэрэгтэй бөгөөд тэдгээрийг хүснэгт хэлбэрээр илтгэлд хавсаргаж болно. Ийм мэдээлэлд тодорхой хугацаанд гарсан өөрчлөлтийг харьцуулан үзүүлж, эх сурвалжийг заана. Улсууд уг мэдээлэлд гэрээний үүргийн хэрэгжилттэй холбогдуулан дүн шинжилгээ хийхийг чармайвал зохино.

27. Үндсэн (цөм) баримт бичигт тухайн улсын нэгдэн орсон гэрээнүүдийн хэрэгжилттэй холбоотой, тэрчлэн нийт буюу хэд хэдэн гэрээний байгууллагад хамааралтай байж болох ерөнхий болон баримтат мэдээллийг тусгана. Гэрээний байгууллага хэрэв уг баримт бичигт тусгасан мэдээлэл хоцрогдсон гэж үзвэл түүнийг шинэчлэх хүсэлт тавьж болно. Шинэчилсэн мэдээллийг түүгээр оруулж буй өөрчлөлтийн хэмжээнээс нь хамааруулан үндсэн (цөм) баримт бичигт хавсаргаж, эсхүл үндсэн (цөм) баримт бичгийг шинэчлэн найруулж хүргүүлж болно.

28. Үндсэн (цөм) баримт бичиг анх удаа бэлтгэж байгаа бөгөөд аль нэг гэрээний байгууллагад илтгэлээ нэгэнт хүргүүлсэн улсууд тэрхүү илтгэлд багтсан, цаг үеэ алдаагүй мэдээллийг үндсэн баримт бичигт оруулж болно.

29. Тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичигт холбогдох хорооноос хяналт тавьдаг гэрээний хэрэгжилттэй холбоотой мэдээллийг тусгавал зохино. Тухайлбал, тухайн гэрээний дагуу эдлэх эрхэд нөлөөлж буй хууль болон практик амьдралд гарсан сүүлийн үеийн өөрчлөлт, тэрчлэн (тухайлсан гэрээний анхдугаар илтгэлийн баримт бичгээс бусад тохиолдолд) хорооноос гаргасан дүгнэлт, эсхүл ерөнхий саналд дэвшүүлсэн асуудлын хариултыг багтаасан байна.

30. Улсууд 17 дугаар заалтад заасныг харгалзан үзвэл зохих хэдий ч баримт бичиг нэг бүрийг тус тусад нь хүргүүлж болох бөгөөд илтгэл хүргүүлэхэд дараахь журмыг мөрдөнө:

а) Оролцогч улс үндсэн (цөм) баримт бичгээ Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж, түүнээс уг баримт бичгийг тухайн улсын нэгдэн орсон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьдаг гэрээний байгууллага тус бүрт дамжуулна;

б) Оролцогч улс тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичгүүдээ Ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлж, түүнээс уг баримт бичгийг холбогдох гэрээний тухайн байгууллагуудад дамжуулна;

в) гэрээний байгууллага бүр хэрэгжилтэд нь хяналт тавьдаг тус тусын гэрээний хэрэгжилтийн талаарх оролцогч улсын үндсэн (цөм) баримт бичиг ба тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичгээс бүрдсэн илтгэлийг өөр өөрийн журмын дагуу хянан үзнэ.

ИЛТГЭЛИЙН ЭХНИЙ ХЭСЭГ: ҮНДСЭН (ЦӨМ) БАРИМТ БИЧИГ

31. Ойлгоход хялбар байх үүднээс үндсэн (цөм) баримт бичгийн бүтцийг удирдамжид заасанчлан 1-3 дахь хэсэгт дурдсан гарчгийн дагуу төлөвлөж боловсруулна. Үндсэн баримт бичиг нь дор дурдсан мэдээллийг агуулсан байна.

1. Илтгэл хүргүүлж буй улсын тухай ерөнхий мэдээлэл

32. Энэ хэсэгт тухайн улсад хүний эрхийг хэрэгжүүлж буй улс төр, эрх зүй, нийгэм, эдийн засаг, соёлын орчинг ойлгоход нь хороодод тус дөхөм болох ерөнхий баримтат болон статистик мэдээллийг тусгана.

А. Улсын хүн ам зүй, эдийн засаг, нийгэм, соёлын онцлог хэв шинж

33. Улсууд үндэсний онцлог хэв шинжийнхээ талаар ерөнхий мэдээлэл тусгаж болно. Чингэхдээ түүхийн талаар дэлгэрэнгүй хүүрнэхээс татгалзах нь зүйтэй бөгөөд тухайн улс гэрээг хэрхэн хэрэгжүүлж байгааг ойлгож мэдэхэд нь гэрээний байгууллагуудад тус дөхөм үзүүлэхэд зайлшгүй түүхийн гол баримтын талаар товч дурдахад хангалттай.

34. Улсууд 3 дугаар хавсралт дахь “Хүн ам зүйн шалгуур үзүүлэлт” хэсэгт жагсаасан шалгуур үзүүлэлтийг харгалзан өөрийн хүн ам зүйн болон угсаатны бүлгийн үндсэн онцлог хэв шинж болоод хүн амын тухай үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй.

35. Улсууд 3 дугаар хавсралт дахь “Нийгэм, эдийн засаг, соёлын шалгуур үзүүлэлт” хэсэгт жагсаасан шалгуур үзүүлэлтийг харгалзан хүн амын бүлгүүдийн амьжиргааны түвшний талаар үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй.

Б. Улсын төрийн, улс төрийн болон хууль зүйн байгууламж

36. Улсууд төрийн байгууламж, улс төрийн болон хууль зүйн тогтолцооныхоо талаар дүрслэн тусгах нь зүйтэй бөгөөд үүнд засаглалын төрөл, сонгуулийн тогтолцоо, мөн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтын талаар дурдана. Түүнчлэн, тухайн улсад үйлчилж байгаа аливаа зан заншлын, эсхүл шашны эрх зүйн тогтолцооны тухай мэдээлбэл сайн.

37. Улсууд төрийн бус байгууллагыг бүртгэх тухай хууль, журамтай бол тийм бүртгэл хийх, татварын зорилгоор ашгийн бус байгууллагын статус олгох, эсхүл бусад адилтгах арга замаар төрийн бус байгууллага байгуулах үндсэн тогтолцооны талаар мэдээлэл өгвөл зохино.

38. Улсууд шударга хуулийг сахиж буй талаар мэдээлбэл зохино. Үүнд гэмт хэргийн үнэн зөв тоон үзүүлэлт, түүний дотор гэмт хэрэг үйлдэгч, хохирогчдын тухай болон оногдуулсан ба эдлүүлсэн ял шийтгэлийн тухай мэдээллийг тусгавал зохино.

39. 36-38 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгахдаа 3 дугаар хавсралт дахь “Улс төрийн тогтолцооны талаарх шалгуур үзүүлэлт”, “Гэмт хэргийн талаарх болон шударга хуулийг сахихтай холбоотой шалгуур үзүүлэлт” хэсэгт тус тус жагсаасан шалгуур үзүүлэлтийг харгалзан үзнэ.

2. Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих ерөнхий тогтолцоо

В. Хүний эрхийн олон улсын хэм хэмжээг хүлээн зөвшөөрөх

40. Улсууд хүний эрхийн олон улсын үндсэн гэрээнүүдийн статусын талаар мэдээлбэл зохино. Мэдээллийг хүснэгт, эсхүл график хэлбэрээр үзүүлж болно. Энэ нь дараахь мэдээллийг агуулсан байна:

а) Хүний эрхийн олон улсын үндсэн баримт бичгүүдийг соёрхон баталсан байдал. Үүнд, 2 дугаар хавсралтын А хэсэгт жагсаасан хүний эрхийн олон улсын үндсэн гэрээ, нэмэлт протоколыг соёрхон баталсан эсэх талаар мэдээлэх бөгөөд тухайн улс хараахан нэгдэн ороогүй байгаа, эсхүл гарын үсэг зурсан боловч хараахан соёрхон батлаагүй байгаа баримт бичигт нэгдэн орохоор төлөвлөж буй эсэх, хэрэв тийм бол хэзээ нэгдэн орохоор төлөвлөж буй талаар тусгана.

(i) гэрээний нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн эсэх тухай мэдээлэл;

(ii) нэмэлт журмыг хүлээн зөвшөөрсөн эсэх тухай мэдээлэл.

(б) Тайлбар хийсэн, мэдэгдэл гаргасан байдал. Хэрэв тухайн улс нэгдэн орсон аливаа гэрээний талаар тайлбар хийсэн бол үндсэн (цөм) баримт бичигт дараахь мэдээллийг тусгана:

(i) тэрхүү тайлбарын агуулга, хамрах хүрээ;

(ii) тайлбар хийх болон тайлбарыг үргэлжлүүлэн хадгалах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн үндэслэл, шалтгаан;

(iii) үндэсний хууль, бодлогод тайлбар нэг бүрийн үзүүлэх тодорхой нөлөө;

(iv) аливаа тайлбарыг буцаан авах зорилгоор дахин хянаж үзэхийг улсуудад уриалсан Дэлхийн Хүний эрхийн бага хурал болон бусад төстэй бага хурлын үзэл санааны хүрээнд тэдгээр тайлбарын үйлчлэл, нөлөөг хязгаарлах, эцэст нь тодорхой хугацааны дотор бүрмөсөн буцаан авах ямар нэгэн төлөвлөгөө бий эсэх.

в) Татгалзах, хориг тавих, хязгаарлах. Улсууд нэгдэн орсон аливаа гэрээнийхээ заалтад хориг тавьсан, хязгаарласан, эсхүл дагаж мөрдөхөөс татгалзсан бол тэрхүү татгалзал, хориг, хязгаарлалтын хамрах хүрээ, үндэслэл бүхий шалтгаан нөхцөл болон тэдгээрийг буцаан авахаар төлөвлөж байгаа хугацааны тухай мэдээллийг үндсэн (цөм) баримт бичигт тусгавал зохино.

41. Улсууд хүний эрхтэй холбоотой олон улсын бусад хэм хэмжээг хүлээн зөвшөөрсөн талаарх мэдээлэл, ялангуяа хүний эрхийн олон улсын үндсэн гэрээнүүдийн заалтыг улс тус бүр хэрхэн хэрэгжүүлж буйтай шууд холбоотой мэдээллийг дурдаж болно. Улсууд тухайлбал дараахь мэдээллийн эх сурвалжид анхаарал хандуулбал зохино:

(а) НҮБ-ын хүний эрхийн болон түүнтэй холбоотой бусад гэрээг соёрхон баталсан байдал. Улсууд 2 дугаар хавсралтын Б хэсэгт жагсаасан хүний эрхтэй холбоотой Нэгдсэн Үндэстний Байгууллагын бусад конвенцид нэгдэн орсон эсэх талаар дурдаж болно;

(б) Олон улсын холбогдох бусад конвенцийг соёрхон баталсан байдал. Улсууд 2 дугаар хавсралтын В-Е хэсэгт жагсаасан хүний эрхийг хамгаалахтай холбоотой болон хүмүүнлэгийн эрх зүйн олон улсын конвенцид нэгдэн орсон эсэх талаараа дурдвал сайн;

(в) Хүний эрхийн бүс нутгийн конвенцийг соёрхон баталсан байдал. Улсууд бүс нутгийн хүний эрхийн ямар нэг конвенцид нэгдэн орсон эсэх талаар дурдаж болно.

Г. Хүний эрхийг үндэсний хэмжээнд хамгаалах эрх зүйн орчин

42. Улсууд өөрийн оронд хүний эрхийг хамгаалах асуудлаар тогтсон эрх зүйн орчны талаар тодорхой мэдээлэл дүгнэлт өгөх нь зүйтэй. Ялангуяа, дор дурдсан чиглэлээр мэдээлэл өгвөл зохино:

а) хүний эрхийн төрөл бүрийн баримт бичигт заасан эрхүүд Үндсэн хууль, хүний эрхийн хууль, суурь хууль, үндэсний бусад хууль тогтоомжоор хамгаалагдсан эсэх, хэрэв тийм бол чухамхүү ямар эрх баталгаажсан болох, тэрчлэн ямар нөхцөлд татгалзах, хориг тавих, эсхүл хязгаарлах талаар зохицуулалт байгаа эсэх;

б) хүний эрхийн гэрээнүүд үндэсний эрх зүйн тогтолцоонд тусгагдсан эсэх;

в) шүүх, захиргааны, бусад эрх бүхий ямар байгууллага хүний эрхийн асуудалд нөлөөлөх эрх хэмжээ эдэлдэг болох, мөн тэрхүү эрх хэмжээний хүрээ хязгаар;

г) хүний эрхийн төрөл бүрийн баримт бичгийн заалтыг шүүх, бусад трибунал, эсхүл эрх бүхий захиргааны байгууллагад иш татаж болох эсэх, тийм тохиолдол гарсан эсэх, эсхүл дээрх байгууллага тэдгээр заалтыг шууд хэрэглэж сахиулж болох эсэх, тийм тохиолдол гарсан эсэх;

д) эрх нь зөрчигдсөн талаар хувь хүнээс гаргасан гомдлыг барагдуулах арга хэрэгсэл, мөн хохирогчдод зориулсан төлбөр, нөхөн олговор олгох, нөхөн сэргээх тогтолцоо байгаа эсэх;

е) хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий аливаа институци, үндэсний механизм, түүний дотор эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах зорилготой, эсхүл хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэсний цөөнхөд харьяалагдах хүмүүс, уугуул иргэд, дүрвэгсэд болон орон гэрээсээ дайжсан хүмүүс, цагаач ажилчид, хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүс болон бусад этгээдийн онцгой нөхцөл байдлыг шийдвэрлэхэд чиглэсэн механизм зэрэг бий эсэх, тэдгээр институцийн эрх хэмжээ, хүний нөөцийн болон санхүүгийн боломж, тэрчлэн хүйсийн ялгааг тооцоолох, алдаа доголдлыг залруулах арга хэмжээ авах механизм байгаа эсэх;

ё) тухайн улс бүс нутгийн хүний эрхийн аливаа шүүх, эсхүл бусад механизмын шүүхийн харьяаллыг хүлээн зөвшөөрдөг эсэх, хэрэв тийм бол сүүлийн үед шийдвэрлэсэн, эсхүл одоо шийдвэрлэх шатанд байгаа хэргийн агуулга, явц.

Д. Хүний эрхийг үндэсний хэмжээнд хөхиүлэн дэмжих хүрээ

43. Улсууд өөрийн оронд хүний бүх эрхийг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжих чиглэлээр ямар хүчин чармайлт гаргасан талаар тодорхой тусгавал зохино. Ийм хүчин чармайлтад засгийн газрын албан тушаалтан, хууль тогтоох байгууллага, орон нутгийн хурал, үндэсний хүний эрхийн байгууллагын үйл ажиллагаа болон иргэний нийгмийн холбогдох байгууллагуудын гүйцэтгэсэн үүргийг хамааруулан үзэж болно. Улсууд мэдээлэл түгээх, боловсрол олгох, сургалт явуулах, хэвлэн нийтлэх, төсвийн хөрөнгө хуваарилах зэрэг арга хэмжээний тухай мэдээлэл оруулж болно. Үндсэн (цөм) баримт бичигт энэ тухай тусгахдаа хүний эрхийн баримт бичиг болон сурталчилгааны материалын олдоц, хүртээмж, тэдгээрийг үндэсний, орон нутгийн, цөөнхийн, эсхүл уугуул иргэдийн зэрэг холбогдох бүх хэлээр олж авах боломжийг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Ялангуяа, улсууд дор дурдсан чиглэлээр мэдээлэл өгвөл зохино:

(а) Үндэсний болон бүс нутгийн парламент, хурал. Хүний эрх, түүний дотор хүний эрхийн олон улсын гэрээнд заасан эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд үндэсний парламент, мөн орон нутаг, бүс нутаг, муж, хотын хурал, эрх бүхий байгууллагын гүйцэтгэх үүрэг, үйл ажиллагаа;

(б) Хүний эрхийн үндэсний байгууллага. Үндэсний хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор байгуулагдсан аливаа байгууллага, түүний дотор жендэрийн тэгш байдлыг бүх нийтээр хангах, арьс үндэс хоорондын харилцаа, хүүхдийн эрхийн зэрэг асуудлаарх байгууллага, тэдгээрийн тодорхой эрх хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, санхүүгийн нөөц чадавхи, үйл ажиллагаа болоод тэдгээр нь бие даасан статустай эсэх;

(в) Хүний эрхийн баримт бичгийг түгээх. Тухайн улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын баримт бичиг нэг бүрийг орчуулж, хэвлэн нийтэлж, улс дотор түгээсэн байдал;

(г) Нийтийн албан тушаалтан болон бусад мэргэжлийн төрийн албан хаагчийн дунд хүний эрхийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх. Засгийн газрын албан хаагчид, цагдаа, цагаачлалын ажилтан, прокурор, шүүгч, хуульч, хорих байгууллагын ажилтан, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, хилчид, тэрчлэн багш, эмч, эрүүл мэндийн ажилтан, нийгмийн ажилтан зэрэг хууль хэрэгжүүлэх үүрэг хариуцлага хүлээсэн этгээдэд хүний эрхийн зохих боловсрол олгох, сургалт явуулах чиглэлээр авсан аливаа арга хэмжээ;

(д) Боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх болон засгийн газрын дэмжлэгээр олон нийтэд мэдээлэл түгээх замаар хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгийг хөхиүлэн дэмжих. Боловсрол олгох, сургалт явуулах, түүний дотор Засгийн газрын дэмжлэгээр олон нийтэд мэдээлэл түгээх кампанит ажил зохион байгуулах замаар хүний эрхийг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн аливаа арга хэмжээ. Хүний эрхийн боловсролыг сургууль (улсын буюу хувийн, шашны буюу шашны бус)-д янз бүрийн түвшинд хэр хэмжээнд олгож буй талаар дэлгэрэнгүй тусгавал зохино;

(е) Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүний эрхийн тухай ойлголт, мэдлэгийг хөхиүлэн дэмжих. Хүний эрх, түүний дотор хүний эрхийн олон улсын баримт бичгийн тухай мэдээллийг хэвлэн нийтлэх, түгээх үйлсэд сонин хэвлэл, радио, телевиз, интернет зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг;

(ё)  Иргэний нийгэм, түүний дотор төрийн бус байгууллагын гүйцэтгэх үүрэг. Тухайн улсад хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд иргэний нийгэм, ялангуяа, төрийн бус байгууллагын оролцож буй цар хүрээ, тэрчлэн хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор иргэний нийгмийн хөгжлийг хөхиүлэн дэмжих чиглэлээр Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн алхам;

(ж) Төсвийн хуваарилалт, чиг хандлага. Тухайн улсын хүний эрхийг хангах үүргээ хэрэгжүүлэхэд хуваарилсан төсөв (хэрэв байгаа бол), түүний чиг хандлагыг үндэсний, эсхүл бүсийн төсөв болон дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь, нас, хүйсээр ангилж харуулах, тэрчлэн холбогдох аливаа төсвийн нөлөөлөх байдлын үнэлгээний дүнг тусгах;

(з) Хөгжлийн хамтын ажиллагаа ба туслалцаа. Хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн хөгжлийн хамтын ажиллагаа, бусад туслалцаа, түүний дотор төсвийн хуваарилалтаас тухайн улсын хүртэж буй ашиг тусын цар хүрээ. Тухайн улс бусад улс дахь хүний эрхийг хөхиүлэн дэмжихэд зориулж хөгжлийн хамтын ажиллагааны дэмжлэг, туслалцаа үзүүлдэг тухай мэдээлэл.

44. Илтгэл бэлтгэн хүргүүлж буй улс хүний эрхийн олон улсын үүргээ үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж буй буюу саад тотгор учруулж байгаа аливаа хүчин зүйл, нийтлэг хүндрэл бэрхшээлийн талаар дурдаж болно.

Е. Үндэсний хэмжээнд илтгэл боловсруулах үйл явц

45. Улсууд илтгэлийнхээ хоёр бүрэлдэхүүн хэсэг (үндсэн (цөм) баримт бичиг ба тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичиг)-ийг хэрхэн бэлтгэсэн талаар мэдээлэх нь зүйтэй бөгөөд үүнд дараахь хамаарна:

(а) гэрээний дагуу илтгэл бэлтгэн хүргүүлэх асуудлыг үндэсний хэмжээнд удирдан зохицуулах зохион байгуулалтын бүтэц бий эсэх

(б) үндэсний, бүс нутгийн болон орон нутгийн засаг захиргааны түвшний, тэрчлэн хэрэв тухайн тохиолдолд хамааралтай бол холбооны болон мужийн түвшний төрийн байгууллага, институци болоод албан хаагчдын оролцоо;

(в) илтгэлийг гэрээний хяналтын байгууллагад хүргүүлэхээс өмнө үндэсний хууль тогтоох байгууллагад танилцуулсан, эсхүл хянуулсан эсэх;

(г) засгийн газраас бусад байгууллага, эсхүл холбогдох бие даасан байгууллага илтгэл боловсруулах янз бүрийн шат, түүний мөрөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад хяналт тавих, илтгэлийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, орчуулах, түгээх буюу хэвлэн нийтлэх, эсхүл илтгэл буюу гэрээний байгууллагын дүгнэлтийг тайлбарлах зэргээр оролцсон байдал. Эдгээр байгууллагад хүний эрхийн байгууллага (үндэсний буюу бусад), төрийн бус байгууллага, эсхүл иргэний нийгмийн бусад оролцогч, түүний дотор гэрээний заалтад хамгийн их хамаарах хүмүүс, бүлэг зэрэг хамаарч болно;

(д) илтгэлийг тайлбарлахад чиглэсэн парламентын мэтгэлцээн, засгийн газрын бага хурал, хурал, семинар зохион байгуулсан, радио, телевизийн нэвтрүүлэг явуулсан, нийтлэл гаргасан зэрэг арга хэмжээ, эсхүл илтгэл бэлтгэн хүргүүлэх хугацаанд зохион байгуулсан бусад ижил төстэй арга хэмжээ.

Хүний эрхийн гэрээний байгууллагын дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээ

46. Улсууд аливаа гэрээний байгууллага тухайн улсын илтгэлийг авч хэлэлцсэний дараа гаргасан дүгнэлт, зөвлөмжийг өргөнөөр түгээх, түүний мөрөөр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүднээс батлан гаргасан буюу баталж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, журам (парламентын сонсгол хийх, хэвлэл мэдээллээр гаргах гэх мэт)-ын тухай ерөнхий мэдээллийг нийтлэг үндсэн (цөм) баримт бичигт тусгавал зохино.

Ё. Хүний эрхтэй холбоотой бусад мэдээлэл

47. Үндсэн (цөм) баримт бичигтээ дараахь нэмэлт мэдээллийг оруулах асуудлыг тохиромжтой тохиолдолд авч үзэхийг улсуудад уриалж байна.

Олон улсын бага хурлын мөрөөр авах арга хэмжээ

48. Улсууд дэлхийн бага хурлын үеэр баталсан, тухайн орны хүний эрхийн нөхцөл байдалд нөлөөлөх тунхаглал, зөвлөмж, үүрэг амлалтын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай ерөнхий мэдээллийг тусгаж болно.

49. Ийм бага хурал нь илтгэл бэлтгэн хүргүүлэх механизм (тухайлбал, Мянганы дээд хэмжээний уулзалт)-тай бол улсууд тэрхүү илтгэлдээ оруулсан холбогдох мэдээллийг үндсэн (цөм) баримт бичигтээ оруулж болно.

3. Алагчилахгүй байх, тэгш эрхийг хангах, хохирлыг үр дүнтэй барагдуулах арга хэмжээний тухай мэдээлэл

Алагчилахгүй байх, тэгш эрхийг хангах

50. Улсууд хуулийн харьяаллынхаа хүрээнд байгаа хүн бүрийг хуулийн өмнө эрх тэгш байх, хуулиар тэгш хамгаалуулах баталгаагаар хангах үүргээ хүний эрхийн холбогдох олон улсын баримт бичгийн дагуу хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай, түүний дотор эрх зүйн орчин болон институцийн бүтцийн талаархи ерөнхий мэдээллийг үндсэн (цөм) баримт бичигтээ тусгах нь зүйтэй.

51. Үндсэн (цөм) баримт бичигт хүнийг иргэн, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ эдлэхэд нь ямарваа хэлбэрээр, ямарваа үндэслэлээр алагчилах (хэд хэдэн эрхтэй холбогдуулан алагчилах зэрэг) явдлыг устгах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэрчлэн тухайн улсын хуулийн харьяаллын хүрээнд байгаа хүн бүр албан ёсоор болон бодит амьдралд эрх тэгш байх явдлыг хөхиүлэн дэмжих арга хэмжээний тухай ерөнхий баримт мэдээллийг оруулбал зохино.

52. Алагчилахгүй байх тухай зарчим суурь хууль, Үндсэн хууль, хүний эрхийн хууль, дотоодын аливаа бусад хууль тогтоомжид заавал дагаж мөрдөх ерөнхий зарчим болж тусгагдсан эсэх, тэрчлэн алагчилах тухай тодорхойлолт болон алагчилахыг хориглох хууль зүйн үндэслэл (42(а) заалтад тусгаагүй бол)-ийн тухай ерөнхий мэдээллийг тусгавал зохино. Түүнчлэн эрх зүйн тогтолцоо нь хүний эрхийг бүрэн бөгөөд тэгш эдлэх боломжийг олгож, ийм баталгаа олгох тусгай арга хэмжээг хуульчилдаг эсэх талаар мэдээлэл өгвөл зохино.

53. Хүнийг ямарваа хэлбэрээр, ямарваа үндэслэлээр алагчилахаас сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр бодит амьдралд авсан арга хэмжээний тухай мэдээлэл, түүний дотор шүүхэд хэрэглэж буй хүчин төгөлдөр эрүүгийн хариуцлагын хууль тогтоомжийн заалт оролцогч улсууд хүний эрхийн үндсэн баримт бичгүүдээр хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд нөлөөлж буй байдал, түүний цар хүрээний тухай ерөнхий мэдээллийг тусгавал зохино.

54. Улсууд хүн амын тодорхой эмзэг бүлэгт харьяалагддаг хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдлын тухай ерөнхий мэдээллийг тусгавал зохино.

55. Улсууд хамгийн боломж муу бүлэгт харьяалагддаг хүмүүсийг алагчилах, хэд хэдэн эрхтэй холбогдуулан давхар алагчилах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх үүднээс эдийн засаг, нийгэм, газар зүйн ялгааг тухайлбал хот суурин газар болон хөдөө орон нутгийн хооронд багасгах чиглэлээр баталж хэрэгжүүлсэн тодорхой арга хэмжээний тухай мэдээллийг тусгавал зохино.

56. Улсууд хүний эрхээ бүрэн эдэлж хэрэгжүүлэхэд нь хувь хүмүүс болон хүн амын бүлгүүдэд саад учруулж буй сөрөг хандлага, ялгаварлах үзлээс сэргийлэх, ийм байдлыг устгах чиглэлээр хэрэгжүүлсэн боловсролын хөтөлбөр, олон нийтэд мэдээлэл түгээх кампанит ажил зэрэг арга хэмжээний талаарх ерөнхий мэдээллийг тусгавал зохино.

57. Улсууд тухайн улсын хуулийн харьяаллын хүрээнд байгаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, хуулиар тэгш хамгаалуулах баталгааг хангах олон улсын үүргээ хүний эрхийн олон улсын баримт бичигт заасны дагуу хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар ерөнхий мэдээллийг тусгавал зохино.

58. Улсууд эрх тэгш байдлыг хангах үйл явцыг хурдасгах зорилгоор тодорхой тохиолдолд авч хэрэгжүүлсэн цаг үеийн шинжтэй тусгай арга хэмжээний тухай ерөнхий мэдээллийг тусгавал зохино. Улсууд ийм арга хэмжээ баталж хэрэгжүүлсэн тохиолдолд тэгш боломж олгох, тэгш хандах зорилтыг хангахаар болон тэдгээр арга хэмжээг цуцлахаар тооцоолж буй хугацааг заах нь зүйтэй.

Хохирлыг барагдуулах үр дүнтэй арга хэмжээ

59. Улсууд хүний эрхийг зөрчихийг хориглосон дотоодын хууль тогтоомждоо заасан хохирол барагдуулах арга хэрэгслийн шинж, цар хүрээ, хохирогч этгээд эдгээр арга хэрэгслийг үр дүнтэй ашиглах боломжтой эсэх тухай ерөнхий мэдээллийг үндсэн (цөм) баримт бичигт тусгавал зохино.

ИЛТГЭЛИЙН ХОЁРДУГААР ХЭСЭГ: ТУХАЙЛСАН ГЭРЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН БАРИМТ БИЧИГ

60. Тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичигт тусгайлсан гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хороонд голчлон хамааралтай, тухайн гэрээ нэг бүрийг улсууд хэрхэн хэрэгжүүлж буй тухай бүхий л мэдээллийг оруулах нь зүйтэй. Илтгэлийн энэ хэсэг нь холбогдох конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудалд анхаарч төвлөрөх бололцоог улсуудад олгодог. Тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичигт тухайн гэрээний онцлогийг тусган холбогдох хорооноос гаргасан хамгийн сүүлийн үеийн удирдамжид заасан мэдээллийг тусгавал зохино. Тухайлсан гэрээний илтгэлийн баримт бичигт тухайн улсын өмнөх илтгэлийг хороогоор хэлэлцээд гаргасан дүгнэлтэд дэвшүүлсэн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авсан алхмын талаарх мэдээллийг зохих тохиолдолд оруулбал зохино.

Хүний эрхийн гэрээний хороодоос сүүлийн үед өгсөн зөвлөмж

Хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн зөвлөмжтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://uhri.ohchr.org/en линкээс авах боломжтой.

  • Concluding observations CAT Initial report Mongolia
    Concluding observations CCPR 5th report Mongolia
    Concluding observations CERD 16-18th report Mongolia
    Concluding observations CESCR 3rd report Mongolia
    Concluding observations CRC 2nd report Mongolia
    Recommendations CEDAW 5-7th report Mongolia
МОНГОЛ УЛС ДАХЬ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ ҮНДЭСНИЙ ИЛТГЭЛ

I. ТАНИЛЦУУЛГА

1.Монгол Улс Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний анхдугаар илтгэлийг 2010 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (цаашид “ХЭЗ” гэх)-ийн 16 дугаар чуулганаар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн дүнд бусад улс орноос давхардсан тоогоор нийт 129 зөвлөмж өгсний 126 зөвлөмжийг Монгол Улс биелүүлэхээ зөвшөөрч, гурван зөвлөмжийг биелүүлэх боломжгүй болохоо мэдэгдсэн.

II. ИЛТГЭЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ, ЗӨВЛӨЛДӨХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

2.Үндэсний хоёрдугаар илтгэлд 2010-2014 онд Монгол Улсад хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр гарсан эрх зүйн болон бүтцийн өөрчлөлт, дэвшил, Монгол Улсын Засгийн газар (цаашид “МУЗГ” гэх)-аас 2011 онд баталсан ХЭЗ-ийн зөвлөмжийг 2011-2014 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг тусгав. Монгол Улс зөвлөмжийн хэрэгжилтийн талаарх дунд хугацааны сайн дурын илтгэлийг НҮБ-д 2014 оны 5 дугаар сард хүргүүлсэн. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд учирч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг даван туулах арга зам, зорилтын талаар тусгав.
3.Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Үндэсний хоёрдугаар илтгэлийг боловсруулах ажлын хэсэг зөвлөмжийн зохих хэсгийн хэрэгжилтийн тайланг холбогдох байгууллагаас гаргуулан авч, нийт хоёр удаа хуралдсан. Түүнчлэн Монгол Улсын яам, агентлаг, Хүний эрхийн үндэсний комисс (цаашид “ХЭҮК” гэх), хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага (цаашид “ТББ” гэх)-тай хамтран илтгэлийн нээлттэй хэлэлцүүлгийг гурван удаа зохион байгуулав.
4.Илтгэлд дээрх хэлэлцүүлгийн үеэр ТББ-уудын төлөөлөл, оролцогчдоос өгсөн санал, зөвлөмжийг тусгав.

III. ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН


A. ҮНДЭСНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН САЙЖРУУЛАХ

5. Монгол Улсад хүний эрхийн асуудлыг хариуцсан, үүрэг хүлээсэн механизм нь УИХ-ын Хүний эрхийн дэд хороо /ХЭДХ/, Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/, Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг /ХЭХҮХ/ хэрэгжүүлэх Хороо, түүний ажлын алба болон аймаг нийслэл дэх салбар хороодоос бүрдэнэ.

6. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиуд 2013 онд батлагдсан.

7. Улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлав. Хуулиар жендэр, жендэрийн тэгш байдал, бэлгийн дарамт, хүйсийн төлөөллийн доод хязгаар (квот)-ыг бий болгож, улс төр, эдийн засаг, нийгмийн бүх харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй байх, ялгаварлан гадуурхагдахгүй байх, төрийн болон ТББ-д баримтлах хүйсийн төлөөллийн доод хязгаарыг хуульчлан тогтоов. Жишээлбэл, яам, агентлагийн бүтцийн нэгжийн дарга нарын 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар зохицуулсан. Хууль сахиулах салбарын хэмжээнд нийт 22191 албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд 84.2 хувь нь эрэгтэй, 15.8 хувь нь эмэгтэй албан хаагчид ажиллаж байна. Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын дээд шатны удирдлагуудын хүйсийн тэнцвэрт байдлыг авч үзвэл 31 дээд шатны удирдах албан тушаалтан байгаас 29 буюу 90.3% нь эрэгтэй, 2 буюу 6.5 % нь эмэгтэй байна.

8. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг 2012 онд батлан, хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколд нийцүүлэн хүн худалдаалах гэмт хэргийг тодорхойлсон. Хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, хор уршиг, урьдчилан сэргийлэх, тайлбарлан таниулах талаарх асуудлыг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сургалтын хөтөлбөрт тусгах, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнтэй холбоотой мэдээллийг нууцлах, хамгаалах байр ажиллуулах, хохирогчдод эрүүл мэндийн болон сэтгэцийн нөхөн сэргээх эмчилгээ үзүүлэх, ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргийг төр хүлээх зэрэг зохицуулалтыг энэ хуулиар тогтоосон.

9. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 онд батлав. Энэ хуулиар амь нас, эрүүл мэндэд нь хохирол учирч болзошгүй, эсхүл хохирол учирсан гэрч, хохирогчийг хамгаалах биечилсэн хамгаалалт, аюулгүй газарт түр байрлуулах, гадаад төрхийг өөрчлөх зэрэг хамгаалалтын арга хэмжээний хэлбэрийг тодорхойлж, хамгаалалтын арга хэмжээг хамгаалах нөхцөл байдал үүссэн үед авч хэрэгжүүлэх үүргийг цагдаагийн алба, мөрдөх алба, Тахарын алба, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хүлээлгэсэн.
10. Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль нь 2013 онд батлагдаж ядуу иргэдийг хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөх ажиллагаа болон гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд өмгөөлөгчөөр оролцох зэргээр эрхийг нь хамгаалж байна.

B. ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНД НЭГДЭН ОРСОН БАЙДАЛ

11. Монгол Улс тайлангийн хугацаанд зөвлөмжид туссан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд (2012) нэгдэн орж, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц (2014) болон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг (2014) тус тус соёрхон батлав.
12. Монгол Улс Иргэний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын 4 дүгээр илтгэлийг 2012 онд, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн анхдугаар илтгэлийг 2012 онд, Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн 19-21 дүгээр илтгэл (нэгтгэсэн)-ийг 2014 онд, Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 8-9 дүгээр илтгэл (нэгтгэсэн)-ийг 2014 онд тус тус хүргүүлсэн. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 5 дугаар илтгэл, Эрүүдэн шүүх болон хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 2 дугаар илтгэлийг боловсруулсан.

C.ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ШИНЭЭР
БАЙГУУЛАГДСАН ИНСТИТУЦУУД

13. Анхдугаар тайланд дурдсан хүний эрхийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаагийн зэрэгцээ тайлангийн хугацаанд батлагдсан Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Тахарын албаны тухай хуулийн дагуу гэрч, хохирогчийг хуульд заасан хэлбэрээр хамгаалах үүрэг бүхий Тахарын албыг шинээр байгуулан ажиллуулж байна. Тахарын алба нь 79 шүүхийн 41 Тамгын газрын 43 байрыг хамгаалалтанд аваад байна.
14. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлийг 2012 онд байгуулав.
15. Хүний эрхийн чиглэлээрх олон улсын гэрээнд нэгдэн орох, орсон гэрээний хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, гэрээний тайлан, мэдээллийг боловсруулах, хүргүүлэх ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий Хүний эрхийн хэлтсийг Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газарт 2014 онд шинээр байгуулав.
16.Төлбөрийн чадваргүй яллагдагчид эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай хууль батлагдсанаар Хууль зүйн туслалцааны төвийг улсын хэмжээнд байгуулан нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг болон 3 суманд төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг явуулж байна. Хууль зүйн туслалцааны төвд 2014 оны эхний хагас жилд нийт 982 хэргийн 1046 холбогдогч үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ авахаар хандсанаас 479 хэргийг шүүхээр бүрэн шийдвэрлэж, шүүхийн өмнөх шатанд 66 хэргийг шийдвэрлэн, 358 хэрэг шийдвэрлэх шатанд байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь мөрдөн байцаалтын (49.2%) болон анхан шатны шүүхийн шатнаас (28.3%) өмгөөллийн туслалцаа авахаар хандсан байна.

D. ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛ

17. Шүүхийн шинэ багц хуулийн зорилго нь шүүхийн шинэтгэлийн амин чухал асуудлууд болох шүүхийн бие даасан, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүхийн захиргаа, төсвийг бие даалгах, шүүх, шүүгчийн ажлын ачааллыг зохистой болгох, шүүгчийн ур чадвар, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх замаар шударга шүүхээр шийдвэрлүүлэх Монгол Улсын ардчилсан Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн зарчмыг илүү бодитойгоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.
18. Шүүхийн тухай багц хууль 2013 оны 4 сарын 15-аас хэрэгжснээр дараах үр дүн гарч байна. Үүнд: Шүүхийн захиргаа, шүүн таслах ажиллагааг тус тусад нь салгаж, шүүгчийг захиргааны удирдлага, нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүллээ. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийг бүтэц, зохион байгуулалтын хувьд анх удаа бие даасан загвараар байгуулав.
19. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдийг дагнасан хэлбэрээр бүсчлэн байгуулж, шүүгч шүүн таслах ажлын төрлөөр дагнан мэргэших боломж бүрдлээ. Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шинэ механизмуудыг хэрэгжүүлж, үйлчилж эхэлсэн.
20. Шүүхийн тухай багц хуулиар технологийн ололт, шийдлийг нэвтрүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсний дагуу бүх шатны шүүхийн байранд “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” танхим байгуулан, шүүх хуралдааны явцыг шууд үзэх нөхцлөөр бүрдүүлэн шүүхийн үйл ажиллагааг иргэд, олон нийтэд нээлттэй, ил тод байх хуулийн заалт бодитой хэрэгжиж байна. Ингэснээр шүүхийн шатанд хүний эрх зөрчигдөхөөс хамгаалах механизм бүрдэж байна.
21. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа манай улсад 2014 оноос хэрэгжиж одоогоор Иргэний хэргийн анхан шатны 33 шүүх дээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилттай явуулж байна.
22. “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”-ын дагуу иргэдийн төлөөлөгчид анхан шатны шүүхүүдэд ажиллаж байна.

IV. ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ ХҮРЭЭНД ӨГСӨН ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛСЭН БАЙДАЛ

А. ЦААЗААР АВАХ ЯЛЫГ ХАЛАХ ЧИГЛЭЛЭЭР

23. “Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай II протокол”-ыг 2012 оны 1 дүгээр сарын 5-нд соёрхон баталсан.
24. Монгол Улсын Ерөнхийлөгч Эрүүгийн хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ял эдэлж байгаа ялтанд уучлал үзүүлэх бүрэн эрхийн дагуу 2010 онд цаазаар авах ялаас түдгэлзэж, энэ хугацаанд нэг ч хүн цаазаар авахуулаагүй байна.
25. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг хасахаар тусгасан.
26. Хууль, тогтоомжид заасан стандарт шаардлага хангасан, 24 цагаар хяналт тавьдаг хөдөлгөөнт телекамераар тоноглосон өрөө бүхий шинээр ашиглалтад оруулсан цагдан хорих төвд цаазаар авах ялтай этгээдийг хорих нөхцлийг бүрдүүлэв.
27. Цаазаар авах ялтай этгээдтэй Олон улсын стандартад нийцүүлэн харьцаж байгаа эсэхэд Прокурорын байгууллага эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавьж ажилладаг.

B. ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

28. Монгол Улс “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцийн Нэмэлт Протокол”-д 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр соёрхон баталсан.
29. 2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн алба, албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих эрхийг ХЭҮК-т олгосон. Ингэснээр цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих хараат бус үндэсний тогтолцоо бүрдэж байна.
30. Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, түүний биелэлтийг хангуулж, дээд шатны байгууллагад танилцуулах үүрэг бүхий салбар хороог байгуулсан. Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан тус салбар хороо нь хүний эрхийг хангах ажлын хүрээнд болон “Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн үндэсний комиссын хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд зохион байгуулсан ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон хүмүүсийн талаарх судалгаа, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч нараас хүний эрхийн талаар гаргасан гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлт болон цаашид хүний эрхийг хангах ажлын хүрээнд дэвшүүлэх зорилт, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн хурлыг зохион байгуулж хэвшсэн.
31. Хууль зүйн сайдын тушаалаар Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам 2013, Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам 2013, Хуяглан хүргэх ажиллагааны журам 2014, Шүүгч, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам 2014, Цагдан хорих байр, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед хуяглан хүргэх ажиллагаа явуулах журам 2014, Гэрч хохирогчийн мэдээллийн нууцлалыг хангах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам 2014, Гэрч хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам 2014, Гэрч хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэлэх журам 2014, Гэрч, хохирогчид эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам 2014, Биечилсэн хамгаалалтын журам 2014, Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам 2014, Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг байгууллагад байрлуулах журам 2014 онуудад тус тус баталсан.
32. Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцээр Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын Тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийг, Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт-аюулгүй байдлыг хангах газарт шилжүүлэн байгуулсан. “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын код 224-д “Цагдаагийн алба хаагч түр саатуулагдсан этгээдтэй хэрцгий хүнлэг бусаар, басамжлан доромжилж харьцах, бие махбодь сэтгэл санааг шаналган зовоох аливаа санаатай үйлдэл хийх зэргээр эрүүдэн шүүж, зүй бусаар харьцахыг хориглоно” гэж заасныг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
33. Шүүхийн ерөнхий зөвлөлийн нэгдсэн мэдээгээр Эрүүгийн хуульд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэгт 2010-2014 онд 2010 онд 1 хэрэгт 1 хүн (Баян-Өлгий аймагт), 2013 онд 1 хэрэгт 1 хүн (Хөвсгөл аймагт), 1 хэрэгт 2 хүнд (Дорнод аймагт) тус тус Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйл ангиар ял оногдуулсан байна. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхтэй холбоотойгоор Прокурорын байгууллагаас шаардлага, албан даалгавар цагдаагийн байгууллагад ирүүлээгүй байна.
34. Мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх мэргэжлийн газрын уулзалт байцаалтын хэсгийг дүрс бичлэгээр бүрэн тоноглосноор хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, тагнуулын болон авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч нар сэжигтэн, яллагдагчтай уулзах, байцаалт авахдаа байцаан шийтгэх ажиллагааны оролцогч нарын аюулгүй байдал хангагдаж, хяналт хамгаалалт, нууцлал, дэг журмыг сахиулах ажиллагаа сайжран, эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах тохиолдол 2014 онд гараагүй байна.
35. Олон улсын жишигт нийцсэн цагдан хорих 6 байрыг 2007-2011 онд ашиглалтад оруулж, 12 аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албадын Цагдан хорих байрны их засварын ажлыг бүрэн хийж дуусгасанаар хорих байрны ахуй нөхцөл харьцангуй дээшилсэн. Хорих байгууллагын нөхцөлийг НҮБ-ын жишигт хүргэх чиглэлээр 2013 онд шинээр 5 стандарт батлан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.
36. Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн сургалтын хөтөлбөрт Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн агуулга, үзэл санаа, Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх арга замыг танин мэдэх асуудал зэрэг сэдвүүдийг тусгасан байна. Энэ хөтөлбөрийн дагуу 2008-2013 онд нийт 161 дамжааны 4909 сонсогч, сурагчид сургалтад хамрагдсан ирээдүйн хууль сахиулах байгууллагын боловсон хүчний мэдлэг, практик ажилд бодит үр нөлөө үзүүлнэ.

С. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР

37. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг төрийн бодлогын баримт бичгүүд болох “Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого”, “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-үүдэд тусгайлан тусгаж, холбогдох олон улсын гэрээ, конвенциудад нэгдэн орсны зэрэгцээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинээр баталсан нь төрөөс энэ асуудлыг ихээхэн анхаарч, хүчин чармайлт гаргаж байгаагийн илрэл юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай үндэсний хөтөлбөрт нийгмийн ажил, сэтгэл зүй, эрх зүйн үйлчилгээг нэг цэгийн буюу хамтарсан багийн хэлбэрээр хүргэх тухай зорилт дэвшүүлж үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 2009 онд “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх үндэсний хөтөлбөр” батлагдан хэрэгжүүлснээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд эмнэлэгт түшиглэсэн тусламж үйлчилгээ бий болгосон. Хүчирхийллийн хохирогчид үйлчилгээг үзүүлдэг байгууллага, мэргэжилтнүүд нь хоорондоо уялдаатай цогц үйлчилгээ үзүүлдэг байх шаардлагын үүднээс бүх шатны төрийн захиргаа болон үйлчилгээний байгууллагын шат, шатандаа хийж буй гэр бүл рүү чиглэсэн ажил үйлчилгээгээ нэгтгэж, нэг цэгийн үйлчилгээний зарчмаар хамтран ажиллах зохион байгуулалтын бүтцийг 2012 оноос “Хамтарсан баг”-ийн хэлбэрт оруулсан.
38. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээнээс үзвэл 2010-2014 оны эхний 10 сарын байдлаар нийт 160380 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт 2828 гарсан байна. Сүүлийн дөрвөн жилд хүчирхийллийн хэргийн улмаас хохирогсдын тоо өсч байгаа бөгөөд 2010 онд 284, 2011 онд 420, 2012 онд 534, 2013 онд 514, 2014 оны эхний 10 сарын байдлаар 632 хүн гэмт хэргийн улмаас амь нас, бие махбодь эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ өсөлт нь ийм төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сүүлийн жилүүдэд Засгийн газрын зүгээс иргэд, олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгаа, бүтэц зохион байгуулалтын олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэний дүнд иргэдийн ойлголт, эрх зүйн мэдлэг нэмэгдэж, цагдаагийн байгууллагаас тусламж үйлчилгээ хүссэн хандлага тоо нэмэгдсэнтэй холбоотой.
39. Гэр бүлийн хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд явуулж байсан бол 2014 онд Засгийн газар анх удаа хохирогч хамгаалах байрыг байгууллаа. Уг хамгаалах байр нь 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг 1-30 хоногийн хугацаанд байрлуулан эмнэлгийн болон сэтгэл зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж байгаа бөгөөд 2014 онд 140 гэр бүлийн 241 хохирогчийн байрлуулан туслалцаа үзүүлээд байна. Үүнд: насанд хүрсэн эрэгтэй-2, насанд хүрсэн эмэгтэй-109, эмэгтэй хүүхэд-91, эрэгтэй хүүхэд-130 байна.
40. Хамгаалах байрыг цагдаагийн байгууллагын бүтцэд бий болгосноор цагдаагийн байгууллага хохирогчийн эрсдэлийн түвшинг бууруулж, хэрэг маргааны асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж, хохирогчид сэтгэл зүйн үйлчилгээ болон хууль эрх зүйн туслалцаа үзүүлж, улмаар нийгмийн ажилтантай хамтран нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, холбон зуучлах ажлыг явуулах болсон нь хүчирхийллийн гэмт хэргийн хохирсон иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох ажиллагаа сайжирсан байна.
41. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд яаралтай тусламж цаг алдалгүй хүргэх зорилго бүхий 107 тусгай дугаарыг 2014 оноос 24 цагаар ажиллуулан дуудлага хүлээн авч байна. Энэ хугацаанд 478 иргэн үүний дотор хөдөө орон нутгаас 61, Улаанбаатар хотоос 368 иргэн хандан гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл, зөвлөгөө аваад байна. Мөн Хууль зүйн яамны харьяа Шүүх эмнэлгийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчлэх нэг цэгийн төв нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус төвөөр гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн 20-35 насны эмэгтэйчүүд 24-72 цагаар түр хамгаалах байранд байрлан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. 2014 оны байдлаар тус төвөөр бэлгийн хүчирхийлэлд өртсөн 21, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 234 нийт 255 хохирогч эмнэлгийн туслалцаа аваад байна. Эдгээрээс хамгийн их буюу 95 хувь нь 25-38 насны хохирогчид байна.

42. Цагдаагийн байгууллага, алба хаагчдын ажил дүгнэх үзүүлэлт, ажлын байрны тодорхойлолтод нэмэлт, өөрчлөлт оруулж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг дүгнэдэг болсон.

43. Далд үйлдэгддэг энэ гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогчдод цаг алдалгүй туслалцаа үзүүлэхэд энэ чиглэлээр ажилладаг төрийн байгууллагын алба хаагчдын мэдлэг ур чадвар өндөр байх зайлшгүй шаардлагатай тулгарч байна. Уг ажлын хүрээнд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ-тай хамтран 2013-2014 онд нийслэлийн 9 дүүргийн цагдаагийн хэсгийн байцаагч, нийгмийн ажилтнууд нийт 250 гаруй алба хаагчдыг Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь сэдэвт сургалтад хамрууллаа. Уг сургалтыг орон нутагт явуулж эхлээд байгаа ба одоогийн байдлаар 600 гаруй цагдаагийн хэсгийн байцаагч, нийгмийн ажилтан хамрагдан гэр бүлийн хүчирхийллийн онцлог, суурь шалтгааныг олж мэдэхээс гадна гэр бүлийн хохирогчдод хэрхэн багаар туслалцаа үзүүлэх, хохирогч хамгаалах тухай хууль тогтоомж, хохирогчийн аюулгүй байдал, тэдний эрх, онцлог хэрэгцээнд тулгуурлан үйлчилгээг хэрхэн багаар өндөр түвшинд хүргэх талаар суралцаж байна.
44. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт явуулах журам, сургалтын хөтөлбөрийг Хууль зүйн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хамтран баталсан. Хууль зүйн яамны санхүүжилтээр Цагдаагийн ерөнхий газрын харьяа Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв “Эрчүүд-эрүүл гэр бүл” ТББ-тай хамтран гэр бүл хүчирхийлэл үйлдэгчдэд албадан сургалтыг Баривчлах төвд 2014 оны 10 сараас эхлэн явуулж байна. Энэ сургалтад шүүгчийн шийтгэвээр баривчлагдан ирсэн 343 хүн хамрагдаад байна.
45. Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд ажиллах Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгжид эмэгтэй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч ажиллуулах болсон.
46. Гэр бүлийн хүчирхийллийн нэг шалтгаан нь гэр бүлийн боловсрол дутмагаас болж байгаа учир гэр бүлийн боловсрол олгох албан болон албан бус сургалтын 3-4 төрлийн модуль боловсруулан сургалт явуулж байна.

D. ХҮН ХУДАЛДААЛАХТАЙ ТЭМЦЭХ

47. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Дэд зөвлөл”-ийг Хууль зүйн яаманд байгуулсан. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулинд Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлуулахаар заасны дагуу хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, цаашид энэ терлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, сургалт сурталчилгааны оновчтой аргыг хэрэглэн зорилтот бүлгүүдийг хамруулах явдал юм. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төсөлд уг гэмт хэргийн төрлүүд болох бэлгийн мөлжлөг, хөдөлмөрийн мөлжлөг, зуучлалын буюу захиалгат гэрлэлт, хүүхэд үрчлэлт, эд эрхтэний наймаа зэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хохирогчийг хамгаалах асуудлыг хамруулсан.
48. Хүн худалдаалах гэмт хэргийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах ажлыг хийж байна. Уг сан нь гэмт хэрэг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэглэгдэх төрийн байгууллагууд хооорондын мэдээллийн сан байх юм.
49. Засгийн газар Хүн худалдаалах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөрийг 2014 он хүртэл 3 үе шаттайгаар 9 жилийн хугацаатай хэрэгжүүлсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
50. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг гэмт хэрэгт татахгүй байх, хохирогчдод нөхөн төлбөр олгох, нийгэмшүүлэх хандлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн улмаас эрх ашиг нь зөрчигдсөн Монгол Улсын иргэдийг эх оронд нь аюулгүй авч ирэх ажиллагааг Гадаад хэргийн яамны Консулын газар, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Тухайлбал 2014 онд хүн худалдаалах болон бусад гэмт хэргийн хохирогч болсон 36 иргэнээ буцаан авч ирсэн байна.
51. Хүний наймааны хүлээн авагч газруудын нэг БНХАУ-ын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газартай Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2010 онд, БНХАУ-тай Гэмт хэрэгтэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 2011 онд тус тус байгуулан, хэрэгжүүлж байна. Хилийн чанадад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэнд туслалцаа үзүүлэх, түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авч ирэхэд шаардагдах зардал гаргах журмыг 2013 онд батлан мөрдөж байна.
52. “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үзүүлэх нийгмийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” Монгол Улсын стандартыг баталсан бөгөөд энэхүү стандартын зорилго нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үзүүлэх олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага, уг үйлчилгээний орчныг тодорхойлох, улмаар тус үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд оршино.
53. 2013 онд хүн худалдаалах 12 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд хохирогчоор тогтоогдсон 1 хэрэг байна. 2014 оны байдлаар хүн худалдаалах гэмт хэрэг 15 гарснаас 10 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 5 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. 2010-2014 онд Хүн худалдаалах гэмт хэргийн улмаас хохирсон нийт 17 хохирогчийг хохирогч хамгаалах байранд байрлуулан, эрх зүйн болон эрүүл мэндийн туслалцаа үзүүлж нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулсан.

E. ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

54. Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу “Гадаад төрхийг өөрчлөх аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ авах тухай”, “Гэрч, хохирогчийн баримт бичгийг солих журам”, “Гэрч, хохирогчийг аюулгүй газарт түр байрлуулах аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх журам”, “Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, хэрэглэх журам”, “Гэрч, хохирогчдод эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам”-ыг Хууль зүйн сайд батлан, мөрдүүлж байна.
55. Гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч, эсхүл хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр аюулгүй байдал хангагдсан газарт түр байрлуулна. Мөн гэрч, хохирогчийг аюулгүй газарт байрлуулахдаа эрсдлийн ямар түвшинд байгааг тогтоон хамгаалалтын арга хэмжээ авах ба хамгаалалтанд байх хугацаанд сэтгэл зүйн болон хууль зүйн туслалцааг Тахарын албаны хамгаалалтын тусгай нэгжийн дэргэдэх мэргэжлийн баг үзүүлнэ. “Гэрч, хохирогчдод эрүүл мэндийн туслалцаа үзүүлэх журам”-д хамгаалуулагчид эрүүл мэндийн туслалцаа үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран үзүүлэхээр тусгагдсан бөгөөд хэрэв хамгаалуулагч эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж эмнэлгийн тусламж авах бол түүний аюулгүй байдлыг хамгаалалтад авсан байгууллага хариуцахаар заасан.
56. “Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, хэрэглэх журам”-д гэрч хохирогчийн аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний үед нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангахдаа гэрээ байгуулан тэдгээрийг хэрхэн ашиглах талаар заавал зөвлөгөө өгөх, ямар хугацаанд хэрэглэх, хэрэглэх хугацааг хэн тогтоох, мөн тусгай техник хэрэгслийн жагсаалтыг уг журмаар баталсан.
57. Гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлээр цагдаагийн байгууллагын зүгээс “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” бие даасан хууль батлагдсантай холбогдуулан гэрч болон хохирогчийн нэр төр, аюулгүй байдлыг энэхүү хуулийн зарчимд бэхжүүлэн оруулсан, түүнчлэн “Цагдаагийн албаны тухай” хууль /2013 он/, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”-ын код-244 /Гэрч, хохирогчийг хамгаалах/, 228 /Эрэн сурвалжлах ажил/, 305 /Гэмт бүлэглэлийн талаар мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах/ болон Гэрч, хохирогчтой харилцахад баримтлах журам /2014 он/-д гэмт хэргийн улмаас хохирсон гэрч, хохирогчийг хамгаалах талаарх цагдаагийн байгууллагын хэм хэмжээг тусгаж өгсөн нь гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн эрх зүйн орчин сайжрах алхам болсон.
58. Гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн болон хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхтэй хамтран тус шүүхийн байранд Гэр хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөг тохижуулж 2014 онд ажиллуулж эхлэв. Тус өрөөнд гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийг сэжигтэн, яллагдагчтай уулзаж сэтгэлийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, өрөөнөөсөө шүүх хуралдааны явцыг ажиглах, мэдүүлэг өгөх боломжоор хангалаа.

F. АВЛИГЫН ЭСРЭГ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭ

59.Төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах зорилгоор Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг 2011 онд батлан мөрдөж байгаа нь авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнд эерэгээр нөлөөлөх боломжийг бүрдүүлсэн. Төрийн албаны ил тод байдлыг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 онд баталсан.
60. Энэ хуулийн дагуу төрийн албан хаагч, албан тушаалтан ажилд томилогдохоос өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд хуулийн хэрэгжилт маш сайн байна. Авлигатай хийж буй тэмцэл, хуулийн хэрэгжилтийг олон нийтэд ил тод байлгах үүднээс тодорхой албан тушаалтнуудын орлогын мэдүүлгийн бүртгэлийн талаар цахим хуудас болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж байна.
61. Авлигын эсрэг хуулинд 2012 онд нэмэлт, өөрчлөлт орж мэдээлэх үүргийг хэрэгжүүлэхэд төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хуулиар тогтоосон хязгаарлалт хамаарахгүй байхаар зохицуулсан нь авлигын хэрэг илрүүлэлтэд эерэгээр нөлөөлж байна.
62. Авлигатай тэмцэх газрын бие даасан байдлыг хангах зорилгоор Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Авлигатай тэмцэх газарт нэгтгэснээр тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид холбогдох албан тушаалын гэмт хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулах боломжтой болсон.
63. УИХ Шилэн дансны тухай хуулийг 2014 онд батласан. Энэ хуулийн дагуу төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгуулагууд төрийн нууцад хамаарахаас бусад төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хэрэгжилт, тайланг байгууллагын нууцад хамааруулахыг хориглож, өөрсдийн цахим хуудсаар тогтмол мэдээлж байх үүрэг хүлээсэн.
64. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах, олон улсын жишигт хүрсэн зохицуулалт бий болгох зорилгоор Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2013 онд батлан мөрдөж байна.

G. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

65. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай тухайлсан хууль батлах, эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлан гадуурхах явдлыг бүхий л салбарт хориглох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай зөвлөмжийг олон орон өгсөний дагуу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийг 2011 онд баталсан.
66. 2012 онд шинэчлэн баталсан “Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль”-д нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн 32 хувь нь эмэгтэйчүүд байсан бөгөөд сонгогдсон нийт 76 гишүүний 14.47 хувь нь буюу 11 эмэгтэй гишүүн байгаа нь өмнөх Парламент дахь эмэгтэй гишүүдийн тооноос 4 дахин их байна.
67. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд яам, агентлаг болон орон нутгийн удирдлагын байгууллагад эмэгтэйчүүдийн төлөөлөл бүх түвшинд 15-40 хүртэлх хувиас доошгүй байхаар заасан. Төрийн захиргааны албанд нийт 17.9 мянган албан хаагч ажиллаж буйн 57.4 хувь нь эмэгтэй байгаагаас 27.6 хувь нь ахлах албан тушаал хашиж байна.
68. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдснаас хойш жендэрийн ялгаварлан гадуурхалтай холбоотой ажлын байрны бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар ХЭҮК 2011 онд 5, 2012 онд 9, 2013 онд 16, 2014 оны 6 сарын байдлаар 9 гомдол, нийт 39 гомдол хүлээн авч хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
69. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зарим аймагт “Эх, нярайн эрүүл мэндийн сан” байгуулж, сангийн хөрөнгөөр нэн ядуу эх, нярайн эмчилгээг санхүүжүүлж байна. Алслагдсан нутгийн малчин иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх нүүдлийн амбулатори, мэргэжлийн эмч нарын багийг сумдад ажиллуулснаар яаралтай дуудлага буурсан.
70. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу эхчүүдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх зорилгоор нийгмийн даатгал, халамжийн сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгодог. Хүний хөгжил сангаас Хүүхдийн мөнгийг Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт олгодог.
71. Эхийн эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ тодорхой үр дүнд хүрч, эхийн эндэгдэл сүүлийн жилүүдэд тогтмол буурч байна. Тухайлбал эхийн эндэгдлийн түвшин тоон үзүүлэлтээр 2012 онд 51.5, 2013 онд 42.6, 2014 оны эхний 11 сарын байдлаар 33.2 болж буурсан. Малчин эмэгтэйчүүдийн эндэгдлийн нийт эндэгдэлд эзлэх хувь нь 2004 онд 49 хувь байсан бол 2010 онд 37, 2012 онд 13 хувь болж буурсан.
72. Шинээр боловсруулсан Эрүүгийн хуулийн төсөлд ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж тооцохоор тусгасан.
73. Монгол Улсад охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэйчүүд нь бага боловсрол, бүрэн дунд, дээд, тусгай мэргэжлийн болон шинжлэх ухаан, технологийн гэх зэргээр бүхий л салбарт боловсролыг тэгш хүртэх боломжийг бүрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газар Боловсрол шинжлэх ухааны яамны дэргэд насан туршийн боловсролын төвийг байгуулан ажиллаж байна. Хуульд зааснаар охид, хөвгүүд, эмэгтэй, эрэгтэйчүүд боловсрол тэгш хүртэх боломжийг хангасан бодлогын хэрэгжилт, чанар үйлчилгээ, үйл ажиллагаанд нь мэргэжлийн хяналтын боловсролын байцаагчид хяналт тавьж ажилладаг.

H. ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

74. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хүүхэд бүрийг үл хайхрах, хүчирхийлэх, хүүхдийн хөдөлмөрийг мөлжих явдлаас сэргийлэх, хамгаалах тогтолцоог хөгжүүлэх зорилт бүхий Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги (2010-2015)-ийн бодлогын баримт бичгийг 2010 онд батлан, түүнийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Стратегийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2012 оноос эхлэн жилд дунджаар 400-500 сая төгрөгийг Засгийн газраас олгож байна.
75. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг 2011 онд, Хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрийг 2013 онд тус тус батлан хэрэгжүүлж байна.
76. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй нийт 428 хуулийн 60 орчимд нь хүүхэд, хүүхдийн эрхийн холбогдолтой 350 гаруй заалт байдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаанд нийцүүлэн хүүхдийн талаарх үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох зорилгоор Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг эцэслэн боловсруулсан бөгөөд одоо батлуулахаар ажиллаж байна. Эдгээр хуулийн төсөлд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулах зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 15 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох зохицуулалт, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд үрчлэлийн эрх зүйн зохицуулалтыг холбогдох олон улсын гэрээнд нийцүүлэн тусгасан болно.
77. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколыг соёрхон батлах чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн ХҮЭК Хүүхдээс гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах, хуваарилах, шийдвэрлэх журмыг 2012 онд баталсан. Хүүхдийн эрхийн асуудлаар хүүхэд болон насанд хүрэгчдээс ХЭҮК-т гаргасан нийт өргөдөл, гомдлоос 2010 онд 6, 2011 онд 10, 2012 онд 10, 2013 онд 12-ыг нь бүрэн шийдвэрлэсэн байна.
78. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бие махбодийн далд шийтгэл тодорхой хэмжээнд байгаа бөгөөд ийм нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, бүртгэх, хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн системд оруулах зорилгоор хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн тусламжийн утас 108 нь 24 цагийн /үнэ төлбөргүй/ үйлчилгээтэй бөгөөд хүүхдийн эрхийн зөрчлийн тухай иргэд, байгууллагын мэдээллийг нарийвчлан бүртгэж, эрсдлийн үнэлгээ хийж байна. Тус утас нь 2013 оны жилийн эцсийн байдлаар 42946 зорилтод дуудлага хүлээн авч, үйлчилсэн байна. Хүүхдийн тусламжийн утас нь Хүүхдийн байгууллагын чиг үүргийн дагуу кейст тулгуурлан үзүүлэх үйлчилгээний тогтолцоог бий болгох үндсэн үйл ажиллагаа юм. Уг төслийн санхүүгийн дэмжлэгийг 2014 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн 3 жилийн хугацаанд Мобиком, Дэлхийн зөн ОУБ хамтран үзүүлж байна.
79.Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2011 стандартыг 2012 оноос мөрдөн хэрэгжүүлснээр уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр ахиц гарсан боловч цаашид анхаарах асуудал байсаар байна.
80. Засгийн газраас 2011 онд баталсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах 2012-2016 оны үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэй боловсруулсан бөгөөд хөтөлбөрт хүүхдийн хөдөлмөрийг зохицуулах хууль тогтоомжийг нэгдэн орсон олон улсын гэрээний зарчимд нийцүүлэх, энэ чиглэлийн хууль сахиулах байгууллагын чадавхийг сайжруулах, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт өртсөн хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах үндсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 2013 оны байдлаар 93968 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 10398 хүүхэд хүнд хэлбэрийн хөдөлмөр эрхэлж байна.
81. Мэргэшсэн хөдөлмөрийн байцаагчдыг нэмэгдүүлэх замаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн хяналтыг дээшлүүлэх зорилгоор 2009 онд Хүүхдийн хөдөлмөрт хийх хяналт шалгалтын аргачлалыг боловсруулж улсын хэмжээнд хэрэгжүүлэхийг даалгасан. Энэ аргачлалын дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид аж ахуйн нэгж байгууллагад 2012 онд хийсэн шалгалтаар 1012 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгааг тогтоож, хууль журмын дагуу холбогдох арга хэмжээ авсан.
82. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдэд тусгайлан чиглэсэн нийгмийн үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал байна. Хөдөлмөр эрхэлж буй хүүхдэд өдрийн үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төв 2010 оноос нийслэлд ажиллаж эхэлсэн ч төсөв, санхүүгийн хомсдолоос шалтгаалан өнөөгийн байдлаар цөөн хүүхдэд хүрч үйлчилж байна.
83. Хөдөлмөрийн төв бирж “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд 2013-2014 онд 16-18 насны 81 хүүхдийг тэдгээрийн хүсэлтийн үндсэн дээр мэргэжлийн сургалтад хамруулсан. Түүнчлэн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар 2012-2013 онд сайн дураараа хөдөлмөр эрхлэгч 5-17 насны 180 хүүхдийг нийгэмшүүлэх сургалтад хамруулсан байна.

I. ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН
ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

84.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулж байгаа бөгөөд тайлангийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, оролцоог хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сурч боловсрох, хүчирхийлэл, ялгаварлалаас ангид байх болон бусад эрхийг баталгаажуулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг 2013-2016 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөнд аймаг, дүүрэг, холбогдох газрууд нарийвчилсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр ажиллаж, хэрэгжилтийн тайланг холбогдох яамд, агентлаг, аймаг, дүүргээс нэгтгэн авч Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхаар заасан нь хяналтын механизмыг бүрдүүлсэн бөгөөд энэ ажил бүрэн хэрэгжсэн.
85. Xөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн төслийг шинээр боловсруулан төр, төрийн бус байгууллага, иргэд, олон нийтээс санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хуулийн үзэл баримтлалын төслийг 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн бөгөөд одоо хуулийн төслийг эцэслэн боловсруулж байна.
86. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг 2013 онд байгуулсан. Тус комисс 4-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засалтын анхан шатны бүртгэлийн маягт, 0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх үнэлгээний хуудас боловсруулж, “0-3 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулав. Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн тайлангийн нэгтгэлээр улсын хэмжээнд 0-3 насны нийт 134579 хүүхэд үзлэгт хамрагдсан байна. Хөдөө орон нутгийн 21 аймгаас 99208 хүүхэд, нийслэлийн 9 дүүргээс 35371 хүүхэд хамрагдсан. Нийт үзлэгт хамрагдсан 0-3 насны хүүхдийн 73,7% нь аймгуудаас, 26,3% нь нийслэлийн дүүргүүдээс хамрагдсан. Хэвийн хөгжилтэй 132614 буюу 98,5%, хөгжлийн хоцрогдолтой хүүхэд 1965 буюу 1,5 ийг тус тус эзэлж байна.

87.Тэгш дүүрэн хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл, Орхон, Архангай, Өмнөговь аймаг, нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Багахангай дүүрэгт нийт 25,5 сая төгрөгийн өртөг бүхий сэргээн засах кабинет, ортопедийн цех байгуулав.
88. Эрүүл мэнд, спортын яамнаас Хүүхдийн осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр, Нярайн тандалт, шинжилгээний хөтөлбөр (2014-2020)-ийг 2013 онд баталж, тархины саатай хүүхдүүдийн эцэг эхчүүдэд зориулсан сургалтыг 4 аймаг, нийслэлийн 3 дүүрэгт зохион байгуулав.
89.Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог бууруулах зорилгоор ургийн хөгжлийн гажиг, удамшлын эмгэгийг эрт оношлох, анагаах ухааны удам зүй, пренатологийн оношилгооны лабораторийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд байгууллаа.
90. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах хөтөлбөрийн 2 дахь шатны төслийг хэрэгжүүлж байна. Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг Монгол Улсын Боловсролын их сургуульд 1 жилийн мэргэшил дээшлүүлэх сургалтад хамруулж байна. Энэ хүрээнд улсын төсвөөс санхүүжүүлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан Сургалт, оношилгооны лабораторийг тус сургуульд байгуулсан. 2013 оны Хөдөлмөрийн яамны тайлангаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцдаг нийт 42798 суралцагч байдгаас хөгжлийн бэрхшээлтэй 513 хүүхэд суралцаж байна.
91. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулах ажлын хүрээнд уншлагын танхим, багш, суралцагчийн хөгжлийн танхим, эмчилгээний биеийн тамирын өрөө бүхий 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын өргөтгөлийг барьж  хүлээлгэн өгснөөр анги танхимд суралцах, сургалтын үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг бүрдүүлсэн. Мөн 2013-2014 оны хичээлийн жилд тусгай сургуулийн зарим сурах бичгийг бүтээж, тусгай сургалттай 5 сургуульд суралцаж буй сурагчдын статистик мэдээнд үндэслэн хэвлэн, ашиглаж байна.
92. Засгийн газраас 2012 онд баталсан тусгай сургалтын байгууллагын зардал тооцох журамд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллагад санхүүжилт олгохдоо нэг сурагчийн хувьсах зардлын нормативыг 3 дахин нэмэгдүүлж тооцохоор шийдвэрлэсэн. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан сургах хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй, сурган сэтгэл судлалын агуулгыг тусгах, тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр сургалт явуулах зэрэг тодорхой үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж байна.
93. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль, цэцэрлэгт хамрагдалтын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Тусгай хэрэгцээт боловсролын багш нарыг дотооддоо бэлтгэн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн, сургуулийн өмнөх боловсролын сургуульд тусгай хэрэгцээт боловсролын багшийн мэргэжлийн 1 жилийн сургалттай ангийг нээн хичээллүүлж байна.Төрийн байгууллагын хүсэлт, олон улсын байгууллагын дэмжлэгээр харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуульд хараагүй болон сул хараатай хүүхдүүдэд зориулсан брайль принтер, таяг, линз, брайль бичгийн цаас, томруулдаг шил зэрэг 46 сая төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж, тусгай боловсролын сургуулиудад зориулалтын өргөгч лифт бүхий автобус, микро автобус нийлүүлэв.
94. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах хөгжлийн бэрхшээлтэй иргэний бизнес төслийн шалгаруулалтад улсын хэмжээнд нийт 2159 төсөлд 2 тэрбум 668 сая  төгрөгийн санхүүжилт олгож, 1660 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байртай болсон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн дунд хязгаарлагдмал тендер зарлаж 33 төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид 759,4 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгож, 114 хөгжлийн бэрхшээлтэй иргэн  байнгын ажлын байртай болсон байна. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй 91 иргэнийг байнгын ажлын шинэ байраар хангасан аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.
95. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих ангиудад 2013 онд 162 хөгжлийн бэрхшээлтэй ялтан, 2014 онд 157 хөгжлийн бэрхшээлтэй ялтан тус тус ял эдэлж байна. Үүнээс 2013 онд 99, 2014 онд 77 хөгжлийн бэрхшээлтэй ялтнуудыг өөрсдийнх нь хүсэлтийг харгалзан өөрт нь тохирсон ажлын байраар хангаж, номын санч, зээгт наамал, хэрээсэн хатгамал зэрэг хорих ангийн дотоодын үйлдвэрлэлд ажиллуулан шагналын хоног, цалин олгох асуудлыг шат дараалалтайгаар шийдвэрлэж, гэм хорын төлбөрийг зохих хувиар барагдуулаад байна.
96. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулиар зорилтот бүлэгт чиглэсэн 68 төрлийн тусламж үйлчилгээ, зохих хөнгөлөлт олгогдож байна. 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувиараа болон нөхөрлөл хоршооны хэлбэрээр аж ахуй эрхлэхэд 1 сая хүртэл төгрөгөөр тооцож, 10 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоход 1 тэрбум төгрөг төсөвлөсөн /аймагт 10-35, дүүрэгт 60-80 сая төг/. Үүнээс 883 төсөл шалгаруулж, 986,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосноор нийт 1439 ажлын байр, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний 996 байнгын ажлын байр бий болсон.
97. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгох эрхээ эдлэх нөхцлийг бүрдүүлэх үүднээс анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар 3-4 санал авах байранд тэргэнцэртэй сонгогч ирж саналаа өгөх зориулалтын замыг байршуулав. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан санал авах бүхээгт томруулдаг шил, ойрын харааны нүдний шил, брайль үсэг бүхий хавтсыг байрлуулснаар анх удаа хараагүй иргэд итгэмжилсэн хүний туслалцаагүйгээр бие даан санал өгсөн.

J. ЛГБТ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР

98. Монгол Улс бүх төрлийн ялгаварлан гадуурхах үйлдлийг хуулиар хориглох, түүнтэй тэмцэх зорилгоор Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцийн 14 дүгээр зүйлийг хүлээж авах боломжийг судалж байгаагаас гадна шинээр боловсруулж буй Эрүүгийн хуулийн төсөлд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, төрх байдал, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарласан, тодорхой үйлдэл, эс үйлдэхүй шаардсан, заналхийлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж оруулсан.
99. ЛГБТ хүмүүсийн эсрэг гардаг ялгаварлан гадуурхал, хүний эрхийн зөрчил уламжлалт чиг хандлагаа даган тодорхой хэмжээнд оршин тогтносоор байна. Бэлгийн чиг баримжаа буюу хүйсийн чиг баримжаанаас нь хамаарч ялгаварлан гадуурхахтай тэмцэх, хүний эрхийн боловсрол, мэдээллийг олон нийтэд түгээх, олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор 2012 онд хийсэн Монгол Улс дахь ЛГБТ хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн судалгааны дүнг ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 12 дахь илтгэлд тусгаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн.
100. “ЛГБТ хүмүүсийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд ЛГБТ хүмүүсийн талаарх нийгэмд үүссэн сөрөг дүр төрх болон дургүйцлийг бууруулах, хүмүүсийн хандлага, сэтгэлгээний соёлыг дээшлүүлэх, тэдний эрхээ эдлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий ТББ-ын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд ТВ шторк болон баримтат нэвтрүүлгийг үндэсний хэд хэдэн телевизээр дамжуулан олон нийтэд хүргэсэн нь зохих үр дүнгээ өгсөн.

К. ХДХВ/ДОХ-ООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР

101.Эрүүл мэндийн тухай хуулийг (шинэчилсэн найруулга) 2011 онд, Хүний дархлал, хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийг (шинэчилсэн найруулга) 2012 онд тус тус баталсан. Эдгээр хуульд хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлэх, хүний эрх, эрх чөлөөг ХДХВ-ын халдвар авсан буюу ДОХ-той гэсэн үндэслэлээр хязгаарлахыг хориглох, уг хүнийг гутаан доромжлох, ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг хориглох тухай зохицуулалтыг шинээр буй болгосон.
102. Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ), ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үндэсний стратеги төлөвлөгөө (2010-2015)-нд 2013 онд дунд хугацааны үнэлгээ хийж, Эрүүл мэнд, спортын яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг зохицуулах болсноор БЗДХ, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх механизм бүрдсэн.
103. Монгол Улс ХДХВ-ын халдварын бага тархалттай улсын тоонд ордог бөгөөд цус, цусан бүтээгдэхүүн, эхээс урагт халдвар дамжсан тохиолдол одоогийн байдлаар бүртгэгдээгүй байна. 2014 оны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын халдвартай эмчилгээнд орох шаардлагатай нийт 126 хүнээс 100 % буюу бүгд ретровирусын эсрэг эмчилгээнд хамрагдаж байгаа бөгөөд 2013 оноос тэдний эмчилгээний эмийн зардлыг Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа. Энэ нь ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч байгааг илэрхийлж байна.
104.Монгол Улс  БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх үүднээс улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний төвүүдийг ажиллуулж иргэдэд үйлчилгээг илүү ойртуулж байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь улсын хэмжээнд сургалтыг зохион байгуулж байна.

L. БОЛОВСРОЛЫН ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

105. Монгол Улс мэдээлэл холбооны технологид суурилсан, нээлттэй, насан туршийн, тасралтгүй, чанартай боловсролыг эзэмших боломжийг бий болгох нээлттэй боловсролын “Нэг Монгол” үндэсний хөтөлбөрийг 2014 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна.
106.Сургууль завсардсан болон тодорхой шалтгааны улмаас сургуулийн гадна буй иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох, иргэдэд бичиг үсгийн болон амьдрах ухааны боловсрол олгох үйл ажиллагааг Боловсролын тухай хууль, Албан бус боловсролын сургалтын талаар баримтлах бодлого (2010), Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт явуулах журам (2007) зэрэг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлж байна.
107.Боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрт 2011-2012 оны хичээлийн жилд хамрагдан тэнцсэн 12025 суралцагч, 2012-2013 оны хичээлийн жилд хамрагдан тэнцсэн 11810 суралцагчдад суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх олгосон. Мөн бичиг, үсгийн анхан болон дунд шатны сургалтад 9000 хүнийг хамруулсны дотор сүм, хийдэд шавилан суудаг 120, алслагдсан баг, хороонд амьдарч буй 78 хүүхдийг хамрууллаа.
108. 2013-2014 оны хичээлийн жилд насан туршийн суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх дүйцсэн хөтөлбөрт 1573 суралцагч, бүрэн дунд боловсролын түвшинд эчнээ, оройн ангид 849, насан туршийн боловсролын бүрэн дунд боловсрол олгох дүйцсэн хөтөлбөрт 1391 суралцагч хамрагдаж төгссөн.
109. Ерөнхий боловсролын сургуулийн түүх, нийгэм судлалын хичээлийн сургалтын хөтөлбөрт хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэл гэсэн бүлэг нэмж оруулсан.
110. Үндэсний боловсролын болон эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог түлхүү нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн зэргийн шалгалтыг зохион байгуулах эрхийг ТББ-д олгож, зохион байгуулах нийгэмлэг, холбоодыг тусгай шалгуурын дагуу сонгон ажиллуулж байна.
111. 2013-2014 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 1067 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 303 нь хувийн хэвшлийнх, ерөнхий боловсролын 756 сургууль байгаагаас 128 нь буюу 16,9 % нь хувийн хэвшлийн сургууль байна.
112. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн хүүхдүүд төрөлх монгол хэлээ мартахгүй байх, сурах боломжийг хангах үүднээс монгол хэлний сурах бичгүүдийг хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан олгох ажлыг хэрэгжүүлж байна.

M. ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

113. Хөдөлмөрийн тухай хуульд “Адил хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд адил хэмжээний цалин хөлс тогтооно” гэж заасан боловч Тэгш шан хөлс олгох тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллага (цаашид “ОУХБ” гэх)-ын 100 дугаар конвенцийн “адил үнэлэмжтэй хөдөлмөр эрхэлж байгаа эрэгтэй, эмэгтэй ажилтанд тэгш шан хөлс олгох” гэсэн зарчим тусгагдаагүй байгаа. Энэ зарчмыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан.
114.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчдын цалин хөлсийг хүйсийн байдал харгалзахгүйгээр Засгийн газраас албан тушаалын ангилал, зэрэглэлийг харгалзан тогтоосон цалингийн шатлалын дагуу олгож байна.
115. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо “Аж ахуйн нэгж, байгууллагад цалин хөлсний талаар баримтлах зөвлөмж” баталсан бөгөөд зөвлөмжид ажлын үнэлгээ хийх аргыг тодорхойлж, үнэлгээний дагуу ажлын зэрэглэл, түвшинг гаргахаар заасан. Цөөн тооны томоохон аж ахуйн нэгж, байгууллагын хувьд энэ ажлын зэрэглэл, цалингийн сүлжээг баримталж хамтын гэрээ, хэлэлцээрт тусган цалин хөлсийг олгож байгаа боловч дийлэнх аж ахуйн нэгж, байгууллагын хувьд энэ зөвлөмжийг мөрдөхгүй байна. Мөн цалингийн хэлэлцээр байгуулах чадавхийг салбарын түншлэгч байгууллагуудад бий болгох чиглэлээр ОУХБ-тай хамтран ажиллаж, эхний ээлжинд уул уурхай, барилгын салбарын байгууллагад ийм чадавхийг бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.
116. Хөдөлмөрийн яам 2014 онд мэргэжлийн ур чадваргүй, ажилгүй иргэдэд богино хугацаанд мэргэжил олгох зорилготой Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр, Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Оюутны хөдөлмөр эрхлэлт ба цагийн ажил хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төслийг тус тус хэрэгжүүлж байна.
117. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангах, нийтийг хамарсан ажилд оролцуулах, ногоон ажлын байр бий болгох зорилготой Эзэнтэй Монгол хөтөлбөр хэрэгжүүлж байна.

N. ЯДУУРАЛ, ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

118. Статистик мэдээллээр ядуурлын түвшин 2010 онд 38.7 хувьд хүрч байсан бол 2012 оны эцсийн байдлаар 27.4 хувь болсон. Үүнээс хөдөөд 35.5 хувь, хот, суурин газарт 23.2 хувьтай байна.
119. Ядуурлыг бууруулах, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг 2012 онд шинэчлэн баталж, Органик хүнсний тухай хууль, Органик хүнсний үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөтөлбөр, Органик хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх бодисын жагсаалтын төслийг тус тус боловсруулаад байна. Мөн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Засгийн газраас 2016 он хүртэл хэрэгжүүлэх Хүнсний аюулгүй байдал үндэсний хөтөлбөрийг 2009 онд батлан хэрэгжүүлж байна.
120. Монгол Улсын нийт 794090 өрхийг амьжиргааны түвшингээр эрэмбэлсэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж нийгмийн халамж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай 16822 өрх буюу өрхийн 2 хувьд хүнсний талон сар бүр олгож байна.
121. 2014 оны байдлаар Монгол Улсад хүн амын хоол тэжээлийн байдлыг илтгэгч 5 хүртэлх насны хүүхдийн дунд өсөлтийн хоцролт 10.8%, тураал 1.6%, туранхай 1.0%-тай болон буурснаар өлсгөлөн, хоол тэжээлийн дуталтай хүн амын тоог 2015 онд 1990 оны түвшнээс 6 дахин бууруулах зорилтодоо хүрсэн. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын “Үдийн цай хөтөлбөр” хэрэгжсэнээр ядуу, орлого багатай өрхийн хүүхдийн сургууль завсардалт буурч, хүнсний хомсдол, дутагдал багассан.

O. БАЙГАЛЬ ОРЧНЫ БОХИРДОЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР

122.Байгаль орчны эрх зүйн орчинг сайжруулах, байгаль орчны салбарын 18 хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах үүднээс 2012 онд салбарын 15 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс хамгаалах тухай хуулиудыг шинээр батлан мөрдөж байна.
123. Эдгээр хуулиудын хүрээнд байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулсан, хохирол учруулсан этгээд нөхөн төлбөр төлөх замаар хохирлыг арилгах, мөн байгаль орчныг нөхөн сэргээх хуримтлалын сан бий болж аймаг нийслэлд төвлөрөх байгалийн нөөцийн төлбөрийн орлогын 55-аас доошгүй хувиар байгаль хамгаалах, орчны доройтлыг бууруулах боломж бүрдсэн. Мөн нутгийн иргэд байгаль хамгаалах, байгалийн баялагийн үр шимийг давуу эрхтэй ашиглах боломжтой болсон.
124. Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хөтөлбөрийг 2011 онд баталж, хөтөлбөрийн хүрээнд НҮБХХ, Дасан зохицох сангийн дэмжлэгээр Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голын сав газарт хэрэгжүүлэх 5,5 сая ам.долларын санхүүжилттэй төслийг хэрэгжүүлж байна.
125. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, НҮБХХ-ийн газартай хамтран ус, ариун цэврийн байгууламжийн асуудал эрхэлсэн байгууллагуудын удирдлага, зохион байгуулалт, бүтцийг сайжруулах, орон нутгийн иргэдийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, сайжруулсан ариун цэврийн байгууламжаар хангах зорилготой Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр (2008-2013) Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь аймгуудад хэрэгжүүлсэн.

V. ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ, ГАРАХ АРГА ЗАМ

126. Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр эрх бүхий байгууллагаас хууль, тогтоомж баримт бичгүүд батлагдан гарсан ч хуулийг бүрэн хэрэгжүүлэх боловсон хүчин, чадавхыг сайжруулах шаардлага байна. Мөн санхүү төсөв шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байна.

VI. ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БУЙ АСУУДАЛ

127.Тайлангийн хугацаанд Монгол Улс зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэв. Тухайлбал олон улсын гэрээнд нэгдэх, хүний тодорхой төрлийн эрхийн асуудлаар тухайлсан хуулийг батлах чиглэлд томоохон ахиц гарсан. Цаашид хууль сахиулах байгууллагын чадавхийг сайжруулах, олон нийтэд хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал болж байна.

Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний илтгэлийн дагуу НҮБ-ын ХЭЗ-өөс өгсөн зөвлөмж

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө батлах тухай

2011 оны 5  дугаар                                                                                         Улаанбаатар
сарын  18-ны  өдөр                                        Дугаар 159                                              хот

    НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан
зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга
хэмжээний ерөнхий төлөвлөгөө батлах тухай

“Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Эрхлэх ажлынхаа хүрээнд нарийвчилсан төлөвлөгөө гаргаж зөвлөмжүүдийг хэрэгжүүлэн 2014 онд биелэлтийг нь гаргахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисст зөвлөсүгэй.

3. Зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч хэрэгжилтэд нь ерөнхий хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                        С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд                              Г.ЗАНДАНШАТАР

Засгийн газрын 2011 оны 159 дүгээр
тогтоолын хавсралт

   НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ ЭРХИЙН
ЗӨВЛӨЛӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2011-2014 ОНД
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА  ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хийж гүйцэтгэх ажил

Хариуцах байгууллага

Хэрэгжүүлэх хугацаа

1 Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын нэмэлт II Протоколд нэгдэн орох

ГХЯ

2011

2 Иргэдийнхээ эрхийг бүрэн хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллах, техникийн туслалцаа авах

ГХЯ

2011-2014

3 Ямар ч хүнийг  хүчээр алга болгохоос хамгаалах тухай олон улсын Конвенцийг соёрхон батлуулах арга хэмжээ авах

ХЗДХЯ

2011-2013

4 Цаазаар авах ялын тухай заалтыг үндэсний хууль тогтоомжоос хасуулах арга хэмжээ авах

ХЗДХЯ

2011-2012

5 Цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүмүүсийн талаархи мэдээллийг ар гэрийнхэнд нь өгөх зорилгоор төрийн нууцад хамааруулан 1990 оноос хойшхи хугацаанд оногдуулсан цаазаар авах ялын тоо баримтыг нийтэд ил болгох

ХЗДХЯ, ҮАБЗ-ийн Ажлын алба

2011-2012

6 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколыг соёрхон батлуулах арга хэмжээ авах

ХЗДХЯ

2011-2012

7 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу  хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Конвенцид нийцүүлэн бие махбодийн шийтгэлийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, түүнийг устгах талаар хууль тогтоомжийн төсөл боловсруулж батлуулах

ХЗДХЯ

2011-2012

8 Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох хөтөлбөрийг хууль сахиулах байгууллагын ажилтнуудын дунд хэрэгжүүлж, ийм хэрэг үйлдэгчид ял завшихаас сэргийлэх мөрдөн шалгах механизм бий болгох

ХЗДХЯ

2011-2014

 9 Эрүүдэн шүүхийн эсрэг Тусгай илтгэгчээс өгсөн зөвлөмжүүдийг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авах

ХЗДХЯ,
УЕПГ

2011-2012

10 Хүний эрх зөрчих явдлыг хуулийн гадна үлдээхгүйн зорилгоор Эрүүгийн хуулийн 44.1-ийг хасах буюу өөрчлөх, мөн Эрүүгийн хуулийн эрүү шүүлт тулгах гэмт хэргийн тодорхойлолтыг Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн тодорхойлолтод нийцүүлэх арга хэмжээ авах

ХЗДХЯ

2011-2012

11 Үндэсний хууль тогтоомжийг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэх, олон улсын стандарт, хэм хэмжээг үр дүнтэй хэрэглэх зорилгоор шүүгчид болон хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулах

ХЗДХЯ,
УЕПГ

2011-2014

12 Гэрч, хохирогч, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг хамгаалах, шийдвэр гаргах үйл явц дахь иргэний оролцоог баталгаажуулах, хэвлэн нийтлэгчдийн хараат бус байдал, нийтийн эрх ашгийг хөндсөн хэрэг, маргаанд оролцох иргэдийн эрхийг хангах арга хэмжээ авах

ХЗДХЯ

2011-2014

13 Хүн худалдаалах далд гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах, хүний наймааны эсрэг хууль гаргах, түүнчлэн түүнд хяналт тавих үндэсний хэмжээний механизм бий болгох

ХЗДХЯ

2011-2012

14 Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөр, Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхэд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг өргөн оролцуулах

ХЗДХЯ,
УЕПГ

2011-2014

15 Гадаадын иргэдийн эрхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ханган хамгаалах

ХЗДХЯ,
УЕПГ

2011-2014

16 Хүмүүсийг ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг худалдаалах асуудлаархи Тусгай илтгэгчтэй хамтран ажиллах

ХЗДХЯ,
УЕПГ

2011-2012

17 Хүчийг зохистой байдлаар хэрэглэх тухай сургалтад цагдаагийн албан хаагчдыг заавал хамруулах

ХЗДХЯ,
УЕПГ

2011-2012

18 Хорих ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бүх хүмүүсийг хамгаалах тухай НҮБ-ын Зарчим, Хоригдлуудтай харьцах наад захын жишгийн тухай     НҮБ-ын стандартыг хэрэгжүүлэх замаар хорих байгууллагуудын нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажиллах

ХЗДХЯ,
УЕПГ

2011-2014

19 Арьс өнгөөр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын Конвенцид тусгагдсан хувь хүний гомдлыг хянан шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх боломжийг судлах

ХЗДХЯ,
УЕПГ,
ХЭҮК

2011-2012

20 Эрүүгийн хуульд үзэн ядах гэмт хэргийн талаар  тусгуулах, улмаар ийм гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах арга хэмжээ авах

ХЗДХЯ,
УЕПГ

2011-2012

21 Хүүхдийн эрхийн Конвенцид дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах, бие махбодийн шийтгэлийн бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, түүнийг устгахад чиглэсэн хууль тогтоомж батлуулах, 18 нас хүрээгүй хүүхдээр аюултай ажил хийлгэхээс сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас туслалцаа авах боломжийг эрэлхийлэх

НХХЯ,
ШСАА

2011-2012

22 Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих үндэсний механизмыг бэхжүүлэхэд чиглэсэн үүрэг амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэх

НХХЯ,
ШСАА

2011-2014

23 Ирэх 10 жилд хэрэгжүүлэх Хүүхдийн хөгжил, хамгааллыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах

НХХЯ,
ШСАА

2011-2012

24 “Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг бүрэн хэрэгжүүлэх

НХХЯ,
ХЗДХЯ,
ГХЯ,
СЯ,
ЭМЯ,
БСШУЯ

2011-2014

25 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах

НХХЯ

2011-2012

26 Ядуурлыг (ялангуяа хотын зах болон орон нутагт) арилгах стратегийг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргах

НХХЯ,
ҮХШХ

2011-2014

27 Ядуурлыг арилгах, ажилгүйдлийг бууруулах, нийгмийн эмзэг бүлгийн эрхийг хамгаалах асуудалд түлхүү анхаарах

НХХЯ

2011-2014

28 Нийгмийн эмзэг бүлгийн, тэдгээрээс ялангуяа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэх

НХХЯ

2011-2014

29 Хугацаа хожимдуулсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактын хэрэгжилтийн талаархи ээлжит илтгэлийг нөхөн хүргүүлэх

НХХЯ

2011

30 Эмэгтэйчүүд, охидтой зүй бусаар харьцах, тэднийг алагчлахтай тэмцэх талаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг ханган, үндэсний хууль тогтоомжийг олон улсын баримт бичгүүдэд нийцүүлэх чиглэлээр арга хэмжээ авах

НХХЯ,
ХЗДХЯ

2011-2012

31 Эмэгтэйчүүдэд адил тэгш боломж олгоход чиглэсэн бодлого боловсруулах, тэгш хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулах

НХХЯ

2011-2014

32 Ажлын гүйцэтгэлд нь тохирсон цалин хөлс өгөх явдлыг хангах талаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх асуудлыг судлан, холбогдох арга хэмжээ авах

НХХЯ

2011-2014

33 Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр ажиллах

НХХЯ

2011-2014

34 Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад шаардлагатай арга хэмжээ авах, энэ чиглэлээр олон улсын хэмжээнд хамтран ажиллах

БОАЖЯ,
УЕПГ

2011-2014

35 Хүрээлэн буй орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын үр нөлөөг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлын талаар олон нийтэд мэдээлэл түгээх, энэ талаар мэдлэг олгох

БОАЖЯ,
УЕПГ

2011-2014

36 Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй, ялангуяа эрүүл ахуйн тогтолцооны талаархи тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн Үндэсний хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах

БОАЖЯ

2011-2014

37 Ерөнхий боловсролын хөтөлбөрийг аль болох анги танхимын сургалтаар олгох боломжийг нэмэгдүүлэх

БСШУЯ

2011-2014

38 Сургууль завсардах (ялангуяа хөвгүүд) явдлын эсрэг шаардлагатай арга хэмжээ авах

БСШУЯ

2011-2014

39 Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн сэдвийг тусгах талаар идэвхтэй ажиллах

БСШУЯ

2011-2012

40 Эрүүдэн шүүсэн этгээдүүд ял завшихаас урьдчилан сэргийлэх

УЕПГ,
ХЗДХЯ

2011-2014

41 Бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаагаар алагчлахыг хатуу хориглосон хууль тогтоомж боловсруулан, хэрэгжилтийг хангах

НХХЯ,
ХЗДХЯ,
УЕПГ

2011-2014

42 Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийг устгах талаар хүчин чармайлт гаргах, ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийг шийтгэх, мөн хэргийн хохирогчдыг хамгаалах, нийгэмшүүлэх, нөхөн олговор олгоход анхаарах

ХЗДХЯ,
НХХЯ,
УЕПГ

2011-2014

43 Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүд, охидыг нийгэмшүүлэх үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэх, Палермогийн Протоколын хэрэгжилтийг хангах зорилгыг харгалзан Хүүхдийн эрхийн хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу “Хүн худалдах, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах Үндэсний хөтөлбөр”-ийг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, энэ чиглэлээрх олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ийм төрлийн гэмт хэрэг үйлдэгчид ял завших явдлаас сэргийлэх чиглэлийн хууль сахиулах болон шүүх тогтолцоог бэхжүүлэх

ХЗДХЯ,
НХХЯ,
УЕПГ

2011-2014

44 Авлигын гэмт хэргийг Төрийн нууцын тухай хуулийн хүрээнд хамааруулах асуудлыг хязгаарлаж, үйл ажиллагаа, шийдвэрийг ил тод болгох

ХЗДХЯ,
АТГ,
ҮАБЗ-ийн
Ажлын алба

2011-2012

45 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсролын сургалтын хөтөлбөрт хамруулах орчин нөхцөлийг аажмаар бүрдүүлэх

БСШУЯ

2011-2013

46 Эхчүүдийн нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх

ЭМЯ,
НХХЯ

2011-2014

47 ХДХВ/ДОХ болон аливаа бусад байдлаар алагчлах явдлыг хориглох, устгах, түүнээс урьдчилан сэргийлэх, ийм хэрэг үйлдэгчдийг шийтгэхэд чиглэсэн хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шуурхай, үр нөлөөтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх

ЭМЯ,
НХХЯ

2011-2014

48 Хүнсний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд хүчин чармайлт гаргах

ХХААХҮЯ

2011-2014

49 Үндэсний боловсролын болон эрүүл мэндийн тогтолцоог хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

БСШУЯ,
ЭМЯ

2011-2014

50 Иргэдийн сурч боловсрох болон эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг хангах хөтөлбөр хэрэгжүүлэх

БСШУЯ,
ЭМЯ

2011-2014

51 Хоол тэжээлийн хомсдол, сүрьеэ өвчний эсрэг авах арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэх

ХХААХҮЯ,
ЭМЯ

2011-2014

52 Хүний эрхийн боловсрол, мэдээллийг олон нийтэд түгээх замаар “ЛГБТ” хүмүүсийг алагчлах үзлийг арилгах, тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг хангах

НХХЯ, БСШУЯ,
УБЕГ

2011-2014

53 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, тэдгээрийн эрхийг  хэрэгжүүлэх нөхцөлийг үргэлжлүүлэн бүрдүүлэх

НХХЯ,
БСШУЯ,
СЕХ

2011-2012

54 Нийт хүн ам, ялангуяа гэр хороололд оршин сууж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэх, боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлэх,  ундны усны аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйг бүрдүүлэх, мөн орон сууцжуулах чиглэлээр хүчин чармайлт гаргах

ЭМЯ,
БСШУЯ,
БОАЖЯ,
ЗТБХБЯ

2011-2014

55 Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүд болон Хүний эрхийг хангах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах

Бүх яамд

2011-2014

56 Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хөхиүлэн дэмжих, сэтгэл зүйн болон дэд бүтцийн орчинг бүрдүүлж, тэдгээр хүмүүсийн эрхийг  хамгаалахад холбогдох бүх байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх

Бүх яамд

2011-2012

57 Хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц хариуцсан байгууллагуудад холбогдох илтгэлийг цаг тухайд нь хүргүүлж байхад онцгой анхаарах

Бүх яамд

2011-2014

58 Шийдвэр гаргах дээд түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн болон хувийн салбар дахь алагчлах явдалтай тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

Бүх яамд

2011-2014

59 Омог, отгоор амьдардаг хүмүүст зохих хамгаалалт үзүүлэх

Бүх яамд

2011-2014

60 Цагдаагийн албан хаагчдын үйлдсэн хүчирхийллийн хэргийг хараат бусаар мөрдөн шалгах зорилгоор Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх мөрдөн байцаах албыг бэхжүүлэх

УЕПГ

2011-2012

61 Жендэрийн тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд “А” үнэлгээтэйгээр магадлан итгэмжлэгдсэн Хүний эрхийн үндэсний комиссын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх

ХЭҮК

2011-2014

62 Хүнийг итгэл үнэмшлээр нь эвлэлдэн нэгдэж, зохих бүртгэлд хамрагдах эрхийг үл алагчлах байдлаар хангах

УБЕГ

2011-2014

НҮБ-ЫН ХЭЗ-ӨӨС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ 2016-2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ”