Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги

2.1  Үйл ажиллагааны стратегийн мөн чанар

 

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, тэргүүлэх чиглэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээний зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар сайдын үйл ажиллагаанд цаг үеэ олсон мэргэжлийн өндөр түвшний, алсын хараатай, шуурхай зөвлөгөөгөөр хангаж, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

2.2   Үйл ажиллагааны стратегийн гадаад орчин

Олон улсын харилцааны чиг хандлагууд нь Монгол Улсын гадаад орчинд урт хугацаанд нөлөөлж, төрийн гадаад бодлого, гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход зайлшгүй харгалзан үзэх хүчин зүйл болж байна. Даяаршлын үйл явц гүнзгийрэн, улс орнуудын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдэж байгаа өнөө үед олон улсын болон бүс нутгийн улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, интеграцид идэвхтэй оролцоход Монгол Улсын гадаад бодлогын залгамж чанар, нэгдсэн зохицуулалт чухал үүрэгтэй юм.

Мэдээлэл, харилцаа холбооны технологи хурдацтай хөгжихийн хэрээр гадаад харилцааны суб ъ ектүүдийн хүрээ өргөжин тэлж байна. Аюулгүй байдлын уламжлалт утга өөрчлөгдөн улам олон салбар, өргөн хүрээг хамрах болж, терроризмын уламжлалт бус аюул, занал нь дэлхийн, бүс нутгийн болон улс орнуудын тулгамдсан, хамтран шийдвэрлэх асуудал болж хувирав. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн интеграцчилал идэвхжиж байгаа энэ үед гадаад харилцаанд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг бодлогын түвшинд гаргаж ирэх зайлшгүй шаардлага байна.

Монгол Улсын байр суурийг зөв тодорхойлох, аюулгүй байдал, эдийн засгийн тогтворжилт, өсөлтийг хангаж, хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэх, гадаад харилцааны нэгдсэн зохицуулалтыг хангах зорилгын хүрээнд гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх, гадаад улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг зорилтууд тус яамны өмнө тавигдаж байна.

2.3   Үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл

Гадаад харилцааны яам нь үйл ажиллагааны дор дурдсан тэргүүлэх чиглэлтэй ажиллана.

  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх;
  • гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монгол Улсын хөгжлийн таатай гадаад орчныг бүрдүүлэх;
  • гадаад сурталчилгаа, соёлын харилцааг хөгжүүлэх, хилийн чанад дахь монгол иргэд, сургууль, цэцэрлэг, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх;
  • Монгол Улсын иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хилийн чанадад хамгаалах.

2.4   Үйл ажиллагааны эрхэм зорилго

Гадаад харилцааны яамны эрхэм зорилго нь Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчныг бүрдүүлэхэд оршино.

Энэхүү эрхэм зорилгыг биелүүлэхдээ Монгол Улсын гадаад харилцааг үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд тодорхойлсон зарчим, чиглэлээр улс орны болон дэлхий дахины улс төр, эдийн засгийн шинэ нөхцөл байдалтай уялдуулан тууштай хэрэгжүүлж, үндэсний язгуур эрх ашиг, тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогыг идэвхтэй явуулах, гадаад бодлогын залгамж чанар, нэгдмэл байдлыг эрхэмлэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурийг бэхжүүлэх, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тууштай явуулах, гадаад сурталчилгаа, соёлын харилцааг хөгжүүлэх, хилийн чанад дахь монгол иргэд, сургууль, холбоо, нийгэмлэгийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлэх зорилтуудыг удирдлага болгоно.

2.5   Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь тэргүүлэх чиглэл, эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтуудыг дэвшүүлж хэрэгжүүлнэ:

  • гадаад бодлогыг нэгдсэн төлөвлөлт, зохицуулалт, удирдамжаар хангах;
  • гадаад бодлогын хэрэгжилтийг төрөлжсөн зохицуулалтаар хангах;
  • төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
  • гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх.

2.6   Үйл ажиллагааны гол зорилт

Яамны үйл ажиллагааны стратегийн зорилт тус бүрийн хүрээнд тэдгээрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дор дурдсан үйл ажиллагааны гол зорилтыг хэрэгжүүлнэ:

  • Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд:
  • гадаад бодлого, урт, дунд, богино хугацааны стратегийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
  • улсын хэмжээнд гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагааны хэрэгжилт, үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах;
  • гадаад бодлого, харилцаа, хамтын ажиллагаатай холбогдох гэрээ, хэлэлцээрийн төсөл боловсруулах, хэлэлцээ хийх, байгуулах ажлыг уялдуулан зохион байгуулах;
  • өндөр, дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээнд орчуулга хийх, гэрээ, хэлэлцээрийг орчуулж албажуулах.

2.6.2   Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд:

  • Хөрш орнуудтой бүх талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Европын орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах
  • Ази, Номхон далайн орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • Америк, Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцах бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • олон талт хамтын ажиллагааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • олон улсын гэрээ, эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хүний эрх болон хилийн бодлогыг хэрэгжүүлэх;
  • консулын албаны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • гадаад сурталчилгаа, соёлын гадаад харилцааны бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;
  • дипломат ёслолын бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах.

2.6.3   Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд:

  • сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргаас шийдвэр гаргахад шаардлагатай хууль, эрх зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаагаар хангах, бүх талын дэмжлэг үзүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, захиргааны удирдлагаар хангах;
  • хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • төрийн захиргаанд хууль дээдлэх ёсыг хэвшүүлэх, ил тод байдлыг дэмжих, удирдлагаар хангах;
  • төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах, зарцуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх, шилэн дансны хуулийг мөрдүүлэх, хяналт тавих;
  • гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг эрхлэх;
  • салбарын мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах.

2.6.4   Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд:

  • Хууль тогтоомж, гадаад улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бодлого, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээний үр дүнд тулгуурлан санал үндэслэл боловсруулах;
  • сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилт, үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ, хяналт-шинжилгээ, дотоод аудит хийж үнэлгээ өгөх, зөвлөмж боловсруулах.

2.7   Үйл ажиллагааны зорилт

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны гол зорилтын хүрээнд түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны зорилтуудыг тодорхойлж, яамны зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааны стратеги, албан хаагчдын ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолтод тусган хэрэгжүүлнэ.

 

2.8   Үйл ажиллагааны стратегийн загвар

Яамны үйл ажиллагааны стратегийн загварыг дор дурдсанаар тодорхойлж байна:

Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны ерөнхий загвар

Яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг