Skip to content
- Гадаадад зорчиход анхаарах зүйлс        - Монголын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл        - Visa application form       
Та энд байна: Нүүр хуудас

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АСЕАН-Ы БҮСИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА ... read more

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН 8-Р БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ ҮГ ХЭЛЛЭЭ ... read more

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД БНКУ-ЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ УЛИСИС РОЗАЛЕС ДЕЛ ТОРО-Д БАРААЛХАВ ... read more

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.КЕРРИТЭЙ УУЛЗАВ ... read more

БНХАУ -ЫН ДАРГА СИ ЗИНЬПИН: ХЯТАД, МОНГОЛ, ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХЫГ ХҮСЧ БАЙНА ... read more
by camp26
2015 оны 8-р сар

2015 оны 8-р сарын 28

НҮБ-ЫН АНДЭЗК-ЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ, ЭЛЧИН САЙД Т.ТӨГСБИЛГҮҮН ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 28, Баасан гариг, 16:31

Монгол Улсаас НҮБ-ын Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Доктор Шамшад Ахтарт 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Бангкок хотноо итгэмжлэх захидлаа гардуулав. Элчин сайд Т.Төгсбилгүүнийг итгэмжлэх захидлаа өргөн барьсантай нь холбогдуулан Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Доктор Шамшад Ахтар хүлээн авч уулзан Монгол-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тодорхой төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.


ХҮМҮҮЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭН ТУХАЙ PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 28, Баасан гариг, 15:33

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад 2015 оны 7 дугаар сарын сүүлээр их хэмжээний бороо орж үер болсны улмаас 100 гаруй хүний амь нас үрэгдэж, эд материалын хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гаас хүмүүнлэгийн тусламж болгон 10 мянган ам.долларын санхүүгийн тусламж олголоо.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 8-р сарын 28, Баасан гариг, 15:52 )


2015 оны 8-р сарын 27

“МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЗАМНАЛ, ТУРШЛАГА, ЦААШДЫН ЗОРИЛТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 27, Пүрэв гариг, 15:30

Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлагыг бусад улс орнуудтай, нэн ялангуяа ардчиллыг хөгжүүлэхээр зорьж буй улсуудтай хуваалцах зорилгоор байгуулагдсан  “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх, цаашид хийх ажил, арга хэмжээний талаар санал солилцох зорилго бүхий “Монгол Улсын ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн замнал, туршлага, цаашдын зорилт” сэдэвт зөвлөгөөнийг ГХЯ-аас санаачлан зохион байгуулав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн зөвлөгөөнд оролцож хэлсэн үгэндээ “Монгол Улс ардчилал, хүний эрхийг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллахыг зорьж байна. Ардчиллын замыг сонгон авсан, ардчиллыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаа Киргиз, Мьянмар, Афганистан зэрэг улсуудтай өөрийн орны туршлагыг хуваалцан, хамтран ажиллах зорилгоор байгуулагдсан “Олон улсын хамтын ажиллагааны сан”-гийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд төрийн бус байгууллагуудын үүрэг, хувь нэмэр өндөр юм” хэмээн онцлон тэмдэглэж, идэвхтэй хамтран ажиллахаа нотолсон байна.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, Монгол Улс дахь ардчилал, хүний эрхийн өнөөгийн байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, ил тод байдал, иргэдийн оролцоо зэрэг асуудлаар санал солилцож,  цаашид хамтран ажиллахаар тохиролцож, зөвлөмж гаргасан байна.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 8-р сарын 27, Пүрэв гариг, 15:43 )

МОНГОЛ-ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 27, Пүрэв гариг, 10:18

Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй хошуун дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав. Арга хэмжээнд Монгол Улс, ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-дын ажилтнууд, Жанчхүү хотын удирдлага, БНХАУ-ын ГХЯ, БХЯ-ны албаны хүмүүс болон Чөлөөлөх дайнд оролцсон Монголын ахмад дайчид, уг дайнд баатарлагаар тулалдаж амь насаа алдсан эрэлхэг дайчдын ар гэрийнхний төлөөлөл оролцов.

Цэцэг өргөх арга хэмжээний үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.И.Денисов, Жанчхүү хотын орлогч дарга Жоу Лиминь болон ахмад дайчин Монгол Улсын СГЗ Э.Лувсанбалдан нар үг хэлэв.

Элчин сайд Ц.Сүхбаатар хэлсэн үгэндээ, БНМАУ-ын зэвсэгт хүчин Дэлхийн 2 дугаар дайны сүүлчийн голомт болсон милитарист Японы эсрэг Холбоотон гүрнүүдийн цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд 21 мянга гаруй офицер, байлдагч нараа илгээн оролцуулсныг тэмдэглээд хөрш орны аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө алтан амиа өргөсөн Монгол, Зөвлөлтийн эрэлхэг дайчдын алдар гавьяа хөрш гурван орны ард түмнүүдийн сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэж, үүрд дуурсагдана” хэмээн онцлон тэмдэглэв.

Жанчхүү хотын орлогч дарга Жоу Лиминь хэлсэн үгэндээ “...70 жилийн тэртээ Хятадыг чөлөөлөх дайнд амь биеэ үл хайрлан тэмцэж, амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг Хятадын ард түмэн хэзээ ч мартахгүй, үргэлж санан дурсах болно” хэмээн тэмдэглэв.



2015 оны 8-р сарын 26

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД МОНГОЛ-ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМЫГ НЭЭЖ ҮГ ХЭЛЛЭЭ PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 26, Лхагва гариг, 15:50

Японы эдийн засгийн байгууллагуудын холбооны Ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй 50 гаруй төлөөлөгчид 8 дугаар сарын 25-наас 26-ны  өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Энэ өдөр Монгол-Японы эдийн засгийн форум зохион байгуулж, төлөөлөгчдөд зориулж Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал болон хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл хийв.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн форумыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох үйлсэд бизнесийн байгууллага, хүмүүсийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Токио хотноо зохион байгуулсан  Монгол, Японы Бизнес форумын үеэр хэлсэн “Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя” гэсэн уриаг  ажил хэрэг болгож, хамтарч ажиллахыг уриалав.

Японы эдийн засгийн байгууллагуудын холбоо(Кэйданрэн) нь дэлхийд танигдсан японы 1329 компани, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төрөлжсөн 109 холбоо, орон нутгийн эдийн засгийн 47 холбоодыг эгнээндээ нэгтгэсэн Японы эдийн засгийн 3 том холбооны нэг юм. Тус холбоо нь Японы  үндэсний хэмжээний компани, аж ахуйн нэгжийг дэмжих, японы эдийн засгийн хөгжил, хүн ардын аж амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан. Худалдааг либеральчлах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих,бизнес орчныг сайжруулахад орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудтай хамтран ажиллах, хувийн хэвшлүүдийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжих,эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зохих хувь нэмэр оруулж ирсэн нэр хүндтэй байгууллага юм.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 8-р сарын 26, Лхагва гариг, 16:41 )


2015 оны 8-р сарын 25

ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН КАТАР УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 25, Мягмар гариг, 15:42

Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2015 оны 8 дугаар сарын 25-нд Катар улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия-г хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгааг онцолж худалдаа, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай санал солилцов.

Худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлж хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулж, Монгол Улсын дэд бүтэц, газрын тос болон байгалийн хий, байгаль орчин, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарын төсөл, хөтөлбөрүүдэд Катарын  хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг тэмдэглэв.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 8-р сарын 25, Мягмар гариг, 15:52 )

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД СИН ХАЙМИН ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 25, Мягмар гариг, 14:38

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож, Монголчуудын сайхан уламжлалын дагуу морин цагт Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаад баяр хүргэе. Монгол, Хятадын харилцааг цаашид улам өргөжүүлэн бэхжүүлэхэд таны ажил маш чухал. Энэ хариуцлагатай ажлаа амжилттай сайн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. БНХАУ-тай харилцах, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх, найрсаг хөршийн харилцааг хөгжүүлэн, урт удаан хугацаанд тогтвортой харилцах бодлого бол Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл байж ирсэн.

Өнгөрсөн богино хугацаанд манай хоёр орны харилцаа маш эрчимтэй хөгжснийг онцлон тэмдэглэе. Ялангуяа БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны харилцааны ирээдүйн олон асуудлыг ярилцаж, хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан. Хоёр орны харилцаанд түүхэн ач холбогдолтой уг айлчлалын үеэр бид хамтын ажиллагааныхаа ирээдүйн чухал асуудлуудыг ярилцсан бөгөөд одоо үүнийг хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна. Ингээд танд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хариуцлагатай, эрхэм, нэр хүндтэй ажилд томилогдож, өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаад дахин баяр хүргэе. Та бүхний, Элчин сайдын яамны нийт хамт олны ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе” гэв.

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин хэлэхдээ “Эрхэмсэг ноён, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд бид бүхнийг хүлээн авч уулзаж байгаад гүнээ талархал илэрхийлье. Юуны түрүүнд БНХАУ-ын дарга Си Зиньпиний чин сэтгэлийн мэндчилгээг танд уламжилъя. Бээжин хотноо ирэх есдүгээр сарын 3-нд болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойны арга хэмжээнд та оролцохоор болсонд бид баяртай байгаа бөгөөд ойн арга хэмжээний үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин тантай уулзаж, санал солилцохдоо таатай байх болно.

Би Монголд Элчин сайдаар томилогдон ирсэндээ үнэхээр баяртай байна. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө чармайн ажиллана. БНХАУ-ын дарга Си Зиньпиний өгсөн үүрэг даалгаврын дагуу хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэн, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө ажиллах болно” гэв.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 8-р сарын 25, Мягмар гариг, 14:46 )


2015 оны 8-р сарын 24

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН СОНГУУЛЬД БНТУ МАНАЙ УЛСЫГ ДЭМЖИНЭ PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 24, Даваа гариг, 15:26

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Б.Батхишиг 2015 оны 8 сарын 20-нд Туркийн Гадаад хэргийн яамны Олон улсын улс төрийн байгууллагуудын газрын дэд захирал хатагтай Зейнеп Кызылтантай уулзаж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд манай улсыг дэмжиж өгөхийг хүссэн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолуд илгээсэн захидлын хувийг гардуулж ярилцав.

Монгол Улс 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш ардчилал,  шинэчлэлийн замаар тууштай замнаж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хууль, эрх зүйн орчин болон нийгэм эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой амжилтад хүрснийг элчин сайд Б.Батхишиг дурьдаад энэ явцад олсон туршлагадаа тулгуурлан НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд сонгогдон ажиллахаар нэрээ дэвшүүлснийг танилцуулж, Турк улсаас дэмжлэг хүсэж байгааг уламжлав.

Хатагтай З.Кызылтан Турк, Монгол хоёр олон улсын тавцан дээр амжилттай  хамтран ажиллаж байгааг тэмдэглэж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд Монгол Улсыг дэмжих тухай Туркийн байр суурийг илэрхийлэв.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 8-р сарын 24, Даваа гариг, 15:32 )


2015 оны 8-р сарын 20

МОНГОЛ УЛСААС АВСТРАЛИ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД Б.ЧУЛУУНХҮҮ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 20, Пүрэв гариг, 16:43

2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Элчин сайд Б.Чулуунхүү Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон Итгэмжлэх жуух бичгээ Австралийн Холбооны Улсын Амбан захирагч П.Косгроувт  барьж, үүрэгт ажилдаа албан ёсоор оров.

Амбан захирагч П.Косгроув жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Элчин сайд Б.Чулуунхүүг ганцаарчлан хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав. Австралийн ёслолын дагуу Амбан захирагч П.Косгроув Тэргүүн хатагтайн  хамт ИЖБ  барьсан Элчин сайд нарыг хүндэтгэн үдийн зоог барив.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 8-р сарын 20, Пүрэв гариг, 16:45 )


2015 оны 8-р сарын 19

ТНБД Д.ГАНХУЯГ БУТАНЫ ВАНТ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА PDF Хэвлэх Email
Бичсэн Хэвлэл мэдээллийн ажилтан
2015 оны 8-р сарын 19, Лхагва гариг, 10:01

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 8 дугаар сарын 18-нд манай улсад ажиллаж байгаа Бутаны Вант Улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Лёнпо Доржи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Бутан Улсын төлөөлөгчид байгаль орчныг хамгаалах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр туршлага солилцох, хамтран ажиллах зорилгоор манай улсад ажиллаж байгаа юм. Уулзалтын үеэр Бутаны тал хоёр орны харилцааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй буйгаа тэмдэглэв.

Ижил төстэй шашин зонхилдог, далайд гарцгүй зэрэг нь манай хоёр орны хооронд туршлага солилцох, бие биенээ харилцан дэмжиж ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс болж байгааг ТНБД Д.Ганхуяг онцлов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан “Олон улсын хамтын ажиллагааны сан”, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв” зэрэг байгууллагуудын хүрээнд цаашид Бутан Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тохиролцов.

Уулзалтын үеэр Бутаны Вант Улсын Хөдөө аж ахуй, ойн сайд Лёнпо Доржи Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг тааламжтай цагтаа Бутан Улсад айлчлахыг урив.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2015 оны 8-р сарын 19, Лхагва гариг, 10:04 )

Хуудас 3-с 1
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>

Мэдээллийн хуанли

< 2015 оны 8-р сар >
Да Мя Лх Пү Ба Бя Ня
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

АСЕМ


Холбогдох

Хаяг: Монгол Улсын Гадаад Хэргийн Яам
Энх тайвны гудамж-7А, Улаанбаатар 14210, Монгол Улс
Шуурхай утас: 00(976) - 62262222
Факс:
00(976)-11322127

Консулын болон визийн асуудлаар
и-мэйл: kg@mfa.gov.mn

Мэдээлэл, Гадаад сурталчилгааны асуудлаар
и-мэйл: press@mfa.gov.mn

Ёслолын газар
и-мэйл: protocol@mfa.gov.mn

Ерєнхий асуудлаар хандах
и-мэйл: info@mfa.gov.mn