Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГадаад сурталчилгааГадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого

Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого

28.Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлого нь Монгол Улсын дотоод, гадаад бодлого, ардчилал, шинэчлэлийн үйл явцыг улс түмэнд сурталчлан таниулах, тэдэнд улс орныхоо талаар эерэг ойлголт, сэтгэгдэл төрүүлэх, найрсгаар хандан талархагчдын хүрээг өргөтгөх, иргэд хоорондын харилцаа, харилцан зорчих явдлыг нэмэгдүүлэхэд оршино.

29.Гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:

29.1.Монгол Улсын түүх, соёлын уламжлал, эдийн засаг, нийгмийн салбарын ололт амжилтыг гадаадад сурталчлах үйл ажиллагааг идэвхжүүлэх, гадаад сурталчилгааны бүтэц бий болгохыг дэмжих;

29.2.монголын түүх, байгаль, зан заншил, ахуй амьдрал, хөгжил дэвшлийг харуулсан сурталчилгааны ном, товхимол, нэвтрүүлэг, кино, цомог зэргийг бэлтгэн бусад улс түмэнд түгээх, сурталчлах;

29.3.хоёр талын харилцааны хүрээнд гадаадад Монгол Улсыг сурталчилсан өдрүүд зохион байгуулах, үзэсгэлэн, яармаг гаргах, кино, урлагийн тоглолт үзүүлэх, уулзалт, ярилцлага зохион байгуулахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

29.4.гадаад сурталчилгааг сайжруулахын тулд бусад улс, олон улсын байгууллагын нэр хүндтэй хүмүүс, улс төр, нийгэм, соёлын зүтгэлтэн, сэтгүүлч болон хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;

29.5.Монгол Улсын талаар гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр  гарч байгаа мэдээ, мэдээллийг судалж байх;

29.6.Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон нийт, хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг бодит мэдээллээр хангах, тэдний хүч бололцоог бусад улстай харилцаа, хамтын ажиллагаа хэвийн хөгжүүлэхэд чиглүүлэх;

29.7.гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогыг хэрэгжүүлэхэд ардын болон соёлын дипломатын арга хэлбэрийг хэрэглэх;

29.8.энх тайван, найрамдлын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих.

Арван нэг. Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газар

11.1. Чиг үүрэг

11.1.1. Монгол Улсын гадаад бодлогыг олон улсын тавцанд үндэсний соёл, урлаг,   өв уламжлал, түүхэн үнэт зүйлээр дамжуулан хэрэгжүүлэх олон нийтийн дипломат харилцаа болон соёлын бодлого, стратегийг төлөвлөх, нэгдмэл байдлаар зохион байгуулах;

11.1.2. Олон улсын тавцанд Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалах, нэр хүндийг өргөх, бэхжүүлэх, дипломат харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн зөөлөн хүчний үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах;

11.1.3. Соёлын гадаад харилцаагаар дамжуулан Монгол Улсын гадаад сурталчилгааг эрчимжүүлэх бодлогыг нэгдсэн зохицуулалтаар хангах;

11.1.4. Дэлхийд нэр хүндтэй соёлын байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар соёлын гадаад харилцааг идэвхижүүлэх, үр нөлөөг нь нэмэгдүүлэх бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх;

11.1.5. Монгол Улсыг олон улсын Монгол судлалын төв болох чиглэлээр бодлого боловсруулан хэрэгжүүлэх;

11.1.6. Хилийн чанад дахь монгол сургууль, монголчуудын үүсгэл санаачлагын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, монгол хэл, соёл, ёс заншлыг сурталчлан таниулах, сургах үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх;

11.1.7. Гадаадын хэвлэл мэдээлээр дамжуулан Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлан таниулах бодлого, агуулгыг төлөвлөх, нэгдсэн хэрэгжилтийг зохион байгуулах, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

11.2. Хариуцах ажил

11.2.1. Монгол Улсын гадаад бодлого, байр суурь, дипломат харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагаа, нийгэм эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалт, түүх, соёл, урлагийг хилийн чанадад сурталчлах;

11.2.2. “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулах;

11.2.3. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах ажлыг зохион байгуулах;

11.2.4. Гадаад сурталчилгааг хөгжүүлэх, зохицуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулах, олон улсын гэрээ байгуулах санал боловсруулах чиглэлийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах;

11.2.5. Хилийн чанадад буй Монголын түүх, соёл, урлагийн өв, үнэт зүйлсийг судлах, бүртгэх, хамгаалах, сурталчлах бодлого, стратеги, хамтын ажиллагааг төлөвлөх, нэгдсэн хэрэгжилтийг зохион байгуулах;

11.2.6. Монгол судлалыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр санал боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих;

11.2.7. Гадаадын улс орнууд дахь монгол судлалын төв, монгол судлаачдын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, мэдээ, мэдээлэл, сургалтын материалаар хангаж ажиллах;

11.2.8. Түүх, соёл, урлаг, спорт, киноны салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсыг сурталчлах бодлогыг хэрэгжүүлэх;

11.2.9. Монгол Улсын Соёлын элчийг томилох, үндсэн чиглэлээр хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллах;

11.2.10. Монгол Улсын Соёлын элчийг гадаад сурталчилгааны үйл ажиллагаанд татан оролцуулах, хамтран ажиллах;

11.2.11. Гадаадын улс орнуудаас Монгол Улсад зохион байгуулах соёлын арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажиллах;

11.2.12. Гадаад улсуудтай Дипломат харилцаа тогтоосны онцлох ойг тэмдэглэн өнгөрүүлэх хэлбэрээр гадаад сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх;

11.2.13. Хилийн чанадад хэрэгжүүлж буй гадаад сурталчилгааны үйл ажиллагаагаар дамжуулан эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллах, бодлого боловсруулах;

11.2.14. Хилийн чанад дахь монголчуудын холбоод, монгол үндэстнүүдтэй хамтран үндэсний соёлоо сурталчлах, Монгол Улсын тухай эерэг хандлага, ойлголт, итгэлийг нэмэгдүүлэх, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэх;

11.2.15. Монголын тухай гадаадын сурвалжлага, нэвтрүүлэг хийх, ном зохиол туурвих, орчуулах, олон улсын хурал, үзэсгэлэн, арга хэмжээ зохион байгуулах, соёлын өдрийг харилцан тэмдэглэх, түүхэн ойд зориулсан арга хэмжээг зохиох, хөшөө дурсгал босгох зэрэг үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөлт, зохион байгуулалтаар хангах;

11.2.16. Гадаадын улс орнуудын хэвлэл, мэдээллийн салбарын ажилтнуудыг Монгол Улсад айлчлуулах зочин хөтөлбөр хэрэгжүүлэх замаар Монгол Улсыг гадаадын олон нийтэд сурталчлан таниулах бодлогыг хэрэгжүүлэх;

11.2.17. Гадаад хэлний сувгийг үүсгэн байгуулах, ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, олон улсын тавцанд нэр хүндтэй хүмүүс, гадаад, дотоодын улс төр, нийгэм, соёлын зүтгэлтэн, сэтгүүлч болон хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах;

11.2.18. Монгол Улсад байнгын болон түр ажиллах гадаадын сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын бүртгэлийг хийх, тэдэнтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх;

11.2.19. Монгол Улсад хэрэгжиж буй дээд, өндөр хэмжээний айлчлал, арга хэмжээний хүрээнд ирэх гадаадын сэтгүүлчдийн нэгдсэн зохион байгуулалтыг хариуцах;

11.2.20. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;

11.2.21. Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;

11.2.22. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.